Улаанбаатарчууд сүүлийн 10 гаруй жил автозамын түгжрэлээс болж эдийн засаг, цаг хугацаа, эрүүл мэндээр хохирч байна. Үе үеийн хотын удирдлага “мэргэн санаа” гаргаж, хэрэгжүүлэх гэж оролддог ч өдгөө үр дүнгүй, улам түгжирсэн зам дээр та бид уур бухимдал, цаг хугацаагаа дэмий үрсээр…
Зарим нэг тоог харуулья: Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал
- УБ хотын нутаг дэвсгэр нийт 35,206.0 га бөгөөд 1,260,000 хүн оршин сууж байна.
- УБ хотын барилгажсан нутаг дэвсгэр 6,313.5 га байгаа бөгөөд энэхүү хэсэгт ногдох авто замын сүлжээний урт нь 555.1 км.
- УБ хотын гэр хороолол нутаг дэвсгэрийн хувьд 10,171.1 га газар байгаад ногдож буй авто замын сүлжээний урт нь 224.1 км.
УБ хотын төвийн 6 дүүргийн (Налайх, Багануур, Багахангай ороогүй) хэмжээнд өдөрт нийт 2,882,317 замын хөдөлгөөний зорчилт үүсдэг байна.
- Хувийн тээврийн хэрэгслээр 1,846,349 зорчилт,
- нийтийн тээврийн хэрэгслээр 685,861 зорчилт,
- унадаг дугуй яван алхалтаар 305,106 зорчилт хийгдэж байна.
Хотын авто замын сүлжээний хөндлөн тэнхлэгт 347,000 тээврийн хэрэгсэл, босоо тэнхлэгт 259,000 тээврийн хэрэгсэл зорчиж байна.
Хотын хөдөлгөөний урсгал чиглэл нь хотын төвийн бүс рүү чиглэсэн хөдөлгөөнтэй, авто замын сүлжээнд замын хөдөлгөөний зорчилт хөдөлгөөн ихтэй 523 км зам байгаагаас оргил цагийн үед 99.7 км зам ачаалал ихтэй буюу түгжрэлтэй байна. Энэ үед та бид хотын зам дээр дундажаар 7-13км/ц-ийн хурдтайгаар замын хөдөлгөөнд оролцож байна. Үүнийг хөдөлгөөний чанарын үзүүлэлтээр тооцвол “F” түвшинд хүрчихээд байна.
Энэ удаад ч Хотын дарга ба түүний багийнхан ТҮГЖРЭЛ бууруулах арга замаа танилцуулж, “мөрөөдлийн төсөл” гэгдэх метро, дүүжин тээвэр, тойрог хурдны зам, тусгай замын тээвэр /LRT, BRT/ зэргийг ажил хэрэг болгон, хөрсөн дээрх ажлаа эхлүүлээд байна. Үүний тулд “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийг байгуулан томоохон төслүүдээ гараанаас гаргалаа.
УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖИНЭ
Улаанбаатар хотод түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаа, бусад чиглэлд найман томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж хотын дарга Х.Нямбаатар 2040 он хүртэл нийслэлийн хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөндөө тусгажээ.
Тодруулбал,
Түгжрэл бууруулах чиглэлээр метро, трамвай, шинэ тойрог зам, туулын хурдны зам, тусгай замын автобус, олон түвшний уулзварууд, дүүжин замын тээвэр, хөшигийн хөндийн салбар төмөр зам зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ТЭЦ-5 дулааны цахилгаан станц, дулааны тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Баянхошуу хот орон сууцжуулах төсөл, Ханын материал орон сууцжуулах төсөл, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Улсын хэмжээнд Засгийн газраас ирэх 4 жилд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулаад эхний 3 нь хөдөлчихсөн байгаа бол нийслэл хотын хэмжээнд 8 мега төслийг хэрэгжүүлэхээр танилцуулсан. Эдгээрээс түгжрэлийг бууруулах чиглэлд хийгдэх томоохон төслүүдийг тоймлон танилцуулья.
- Дүүжин замын тээвэр
- Метро төсөл.
- Төмөр замын доогуур нүхэн гарц барих төсөл
- Тусгай замын автобус (BRT)
- Трамвай төсөл.
- Туулын хурдны зам болон Шинэ тойрог зам
Улаанбаатар метро – Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл
Улаанбаатар хотын Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро төслийг Энхтайваны өргөн чөлөөнд 19.1 км урттайгаар байгуулахаар төлөвлөж байна. Энэ шугам нь нийт 15 өртөөтэй бөгөөд өртөө хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн засвар үйлчилгээний нэг депотой байх юм. Толгойтоос Амгалан хүртэлх метроны дундаж хурд 39.2 км/цаг байх бөгөөд цагт 17,000-26,000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Судалгаа, үнэлгээний ажлууд 100% хийгдэж дууссан.
Метроны зөвлөх үйлчилгээг “Духуа инженеринг” компани гүйцэтгэж байна. Метроны ашиглалт, засвар үйлчилгээ хариуцах инженер техникийн ажилтнуудыг бэлтгэхээр ШУТИС-д шинэ анги нээсэн бөгөөд 2+2 хөтөлбөрийг ШУТИС болон БНСУ-ын Халла их сургуультай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Оюутнууд эхний хоёр жилд Монгол Улсад, дараагийн хоёр жилд БНСУ-д суралцаж мэргэших юм. ТЭЗҮ-ийн эцсийн тайланг энэ сарын 20-нд бэлэн болгох юм.
Cable car – Дүүжин замын тээвэр
Дүүжин замын тээврийн төсөл нь БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа бөгөөд эхний шугам нь Яармагийн Арцатаас Өнөр хороолол хүртэл 4.2 км урт, 7.5-42 метрийн өндөртэй 19 тулгуур багана, 2 буудалтайгаар баригдана. Оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, 10 хүний багтаамжтай 98 кабинтай. Кабинууд секундэд 6 метр буюу 22 км/цагийн хурдтайгаар зорчиж, хоёр буудлын хооронд 11 минут зарцуулна.
Техникийн үзүүлэлт:
- Тулгуур багана: HRB500E арматураар хийгдэж, 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Тулгууруудыг 9-15 метрийн гүнд суурилуулах бөгөөд Туул голын орчимд байрлах тулгууруудад усны хамгаалалтын тоноглол нэмэлтээр хийнэ.
- Ган татлага: Сүлжмэл 216 ширхэг багцаас бүрдэх ган татлагатай, нэг багц нь 36 утастай бөгөөд олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн.
- Эрчим хүч: Тог тасарсан тохиолдолд нөөц генератор ажиллаж, зорчигчдыг 1 м/сек хурдтайгаар буудалд аюулгүй хүргэнэ.
Ган татлагат тээврээр та бид өдөр бүр зорчиж байна. Үүний жижиг хувилбар буюу лифтээр гэр, албан байгууллагадаа байнга сууж, зорчиж байгаа юм. Тиймээс томруулсан хувилбар буюу аюулгүй байдлыг сайтар хангасан мөн олон хүний багтаамжтай болгосон нь дүүжин тээвэр гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг.
UB BRT– Тусгай Замын Автобус
Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа “Тусгай Замын Автобус” (BRT) төсөл нь хотын тээврийн системд шинэчлэл авчрах зорилготой. Энэ төслийн эхний хэсэг нь 17 зогсоолтой, 11.9 км урт тусгай зам бүхий автобустай. Тус зам нь дунджаар 20-25 км/цагийн хурдтай, өдөрт 25,000-30,000 зорчигчид үйлчлэх боломжтой.
Тусгай замтай автобусууд нь зөвхөн зорчигчидод зориулагдсан тул замын түгжрэлийн нөлөөгөөр хөдөлгөөн саатахгүй. Энэ нь нийтийн тээвэрт хамгийн эрчимтэй, хурдан шийдэл болох бөгөөд цаг алдалгүй зорчих боломжийг бүрдүүлнэ.
Энэ төсөл хамгийн богино хугацаанд хэрэгжиж, түгжрэлийг бууруулах шийдэл болох юм.
Трамвай – Хөнгөн галт тэрэг
Автозамын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан, түргэн хугацаанд хэрэгжих давуу талтай төсөл юм. Тус төслийн урьдчилсан судалгааны үндсэн дээр трассын сонголт эцэслэгдэж, инженерийн судалгааны ажил, төслийн ТЭЗҮ, загвар зураг, төсөв боловсруулах ажил эхэлсэн байна.
Тус төсөл нь:
- Нэгдүгээр трасс нь Зуслангийн бүсийг хотын төвтэй холбох нийт 10.2 км урттай трасс тавигдах бөгөөд энэ автозамын хоёр хажуу талаар явах учир нийт 20.4 км хос шугам тавигдана. Трамвай нь нэг удаагийн зорчигчдын тоог 150-300 хүн байх ба энэ нь өдөрт 15,000-25,000 хүн зорчих боломжийг бий болгоно.
- Хоёрдугаар трасс нь Нисэхийн тойрог, Яармагийн автозам, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбайд хүрэх ба энэхүү трассын хувьд зорчигчдын тоо 20,000-40,000 хүн байх боломжтой байна.
Трамвай нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, аюулгүй, хурдан зорчих боломжийг олгодог замын тээврийн систем юм.
Түүнчлэн Green Gate – Нүхэн гарц, Шинэ тойрог зам, Туулын хурдны зам зэрэг төслүүд хэрэгжээд эхнээс нь хөдөлгөөнийг нь нээгээд байгаа юм.