Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Гэрээнд Монголын талаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар, Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн-Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас, “Орано майнинг” компанийн гүйцэтгэх захирал Завье Сэн Мартайн Тийе, “Бадрах Энержи” компанийн ерөнхий менежер Марк Мелеард нар тус тус гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэд, хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэхдээ “Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ, түүхэн ач холбогдолтой” гэдгийг тэмдэглэв. Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хау-г Монгол Улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр баригдах, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг хүслээ. Монгол Улс ковидоос хойш хамгийн хурдтай өсөж буй эдийн засагтай улсын хувьд дэлхийн бүхий л улс орны Засгийн газар, хөрөнгө оруулагчид, баялгийн сангуудтай эрдэс баялаг, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
Ёслолын ажиллагааны үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартан энэхүү төсөл Франц, Монгол Улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой гэдгийг онцлов.
Мөн Зөөвч-Овоо нь дэлхийн 10 томоохон ордын нэг бөгөөд энэхүү гэрээг хэрэгжүүлснээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болно. Бид цаашид харилцаагаа бүх түвшинд гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө, тус тусын тусгаар тогтнолын төлөө хамтран ажиллана гэлээ. Франц Улсад хүчтэй түншүүд хэрэгтэй. Франц Улс Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно. Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр байх бөгөөд энэ бүхнийг хэрэгжүүлэхэд Монголын талтай нягт хамтран ажиллана гэж ноён Лурон Сэн Мартан хэллээ.
УИХ ын 126 гишүүн огцроод өгөөсэй .Эх орноо удам угсаа үр хүүхдээ ирээдүйгээ бодсонгүй.Иргэддээ сонссонгүй ээ