Монголын кино урлагийн санг өргөжүүлэн, сонирхолтой уран бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох эрхэм зорилготой Orange entertainment болон Voo хамтын ажиллагааны мастер гэрээнд (урт хугацааны хамтран ажиллах гэрээ) гарын үсэг зурсан аж.
Энэ ажиллагааны хүрээнд эхлүүлсэн анхны томоохон уран бүтээл болох “Амьдрал” ОАК үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Кино төсөл 211 хоногийн хугацаанд 300 гаруй хүний хүч хөдөлмөрөөр бүтжээ. “Амьдрал” ОАК-ны зураг авалтын 80 орчим хувь нь Эрдэнэт хотод үргэлжилсэн байна. Киноны гол үйл явдал хамаг амьдралаа гартаа атгасан хэмээн бодож байсан Мэс заслын эмч Нарангэрэл болон түүний гэр бүлийн эргэн тойронд өрнөх юм.
Тус киноны гол дүрд МУСТА Р.Анхням, Х-түц продакшны залуу жүжигчин Э.Төрбат, МУСТА Guys хамтлагийн дуучин Д. Лхагва нар тогложээ.
“Амьдрал” кинонд хүний амьдралын чухал үед тооцогддог 40 болон 20 насны хайр сэтгэл, амьдралын ээдрээг зэрэгцүүлэн харуулжээ. Жүжигчдийн бүрэлдэхүүний хувьд туршлагатай уран бүтээлчдээс гадна шинэ залуу уран бүтээлчдийг оруулснаараа онцлог юм.
2025 оны 01 сарын 16-аас гарч эхлэх романтик, медикал, драма жанрын 12 ангит Амьдрал ОАК-ны шинэ ангиудыг та 7 хоног бүрийн пүрэв гаригт Voo-с, Бямба гаригт NTV телевизээр тус тус үзэх боломжтой.
“Амьдрал” кино төсөл 211 хоногийн хугацаанд 300 гаруй хүний хүч хөдөлмөрөөр бүтжээ
Киноны нээлтийн үйл ажиллагааны үеэр гол дүрийн жүжигчидтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Жүжигчин, СТА Д.Лхагва: Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн баг хамт олноороо шинэ уран бүтээлээ өлгийдөн авч буйдаа баяртай байна
Хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр Vоо болон “Оранже” энтертайнментын хамтарсан олон ангит киноны төсөл маш амжилттай хэрэгжээд бид бүхэн нэгэн сайхан уран бүтээлийн ард хамтдаа гарч чадлаа.
Бид бүгдийн маш олон сарын хөдөлмөр үүнд шингэсэн энэ уран бүтээл маань өнөөдөр та бүхний өмнө нээлтээ хийж өлгийдөн авч байгаад бид бүхний зүгээс мөн уран бүтээлчдийн зүгээс маш их баяртай байна. Өөрсдийн хүч хөдөлмөрөө зарцуулсан энэ уран бүтээл та бүхэнд өнөөдрөөс эхлээд хүрнэ.
Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Уран бүтээл гэдэг бол маш олон хүний хүч хөдөлмөр байдаг. Тэгээд өнөөдөр бид нар энэ уран бүтээлийн ард гарч байгаа. Бид нар төлөөлөөд энд сууж байгаа ч гэсэн энэ уран бүтээлд хамтран ажилласан бүх уран бүтээлч, бүх хамт олондоо баяр хүргэе. Өнөөдөр шинэ уран бүтээлээ өлгийдөн авч буйд баяр хүргэе. Ингээд уран бүтээлийг маань та бүхэн хүлээн аваарай хэмээн та бүгдээсээ хүсье.
Жүжигчин Э.Төрбат: Хүүтэйгээ хамтдаа кинонд тоглож, мөнхөд үлдэх дурсамж бүтээлээ. Хүүгээрээ маш их бахархаж сууна даа
Амьдралын бас нэг хуудас, миний хувийн амьдралын, мөн мэргэжлийн амьдралын бас нэгэн түүхийн гэрч болох гээд ирсэн та бүхэндээ баярлалаа.
Өнөөдөр хамгийн том шалгалтын өдөр гэж бодож байна. Өнөөдөр бас сэтгэл догдолсон маш сайхан өдөр байна. Та бүхэндээ оройн мэнд хүргэе.
Миний хувьд энэ кинонд хүүтэйгээ хамт тоглосон. Хүүтэйгээ хамт тоглосондоо би хувьдаа маш их баяртай байгаа. Хамгийн том дурсамжийг биччих шиг боллоо.
Мөнхөд устгагдаж үл болох, янз бүрийн шалтгаанаар алга болохгүй, тийм маш том дурсамж. Магадгүй 10, 20 жилийн дараа зэрэгцэж суугаад энэ талаар ярих байх гэдэгт итгэлтэй байна. Дээр нь нэмээд хэлэхэд 10, 20 жилийн дараа миний хүү үүнийг дахиад үзэх юм бол аав нь хүүгээрээ маш их бахархасан шүү гэж хэлмээр байна.
Жүжигчин, СТА Р.Анхням: Анх удаа эмчийн дүрд тоглолоо. Эмч хүн гэж яг хэн юм бэ гэдгийг үнэхээр сайн ойлгож авсан.
Соёл нь өөр болоод ирэхээр нөгөө гол дүрээрээ илэрхийлж гаргаж буй энэ киноны маань утга агуулга яг тэр суурь зохиол дээрээ үндэслэж бас болохооргүй болчихоод байлаа. Иймээс бид нар зохиолоо янзалсан. Тэгээд яалт ч үгүй би өөрөө гол дүр нь учраас энэ дүр ийм байх ёстой гэдгээ илүү ойлгож мэдэж байсан учир зохиол дээр орж ажилласан л даа.
Тэгээд одоо энэ “Амьдрал” киноны зохиолч гэдэг дээр Анхням гээд миний нэр бий. Бас зарим найзууд маань ч бас гайхах байх. Энэ Анхням хэзээнээс зохиол бичээд тэрүүгээрээ кино хийдэг болчихсон юм гэж бас бодож магадгүй. Нөхцөл байдал яалт ч үгүй тэгэж таарсан учраас ийм явдал болчихлоо.
Энэ киноны Нарангэрэл бол эмч хүн. Тэгээд би өмнө нь эмчийн дүрд тоглож байгаагүй. Гэхдээ би эмч гэдэг дээр өөрөө их эмзэг хандсан. Яагаад гэвэл энэ маш нарийн мэргэжил. Маш хүндтэй мэргэжил. Одоогийн нийгэмд буй эмч нар нэр хүнд ямар байгаа билээ. Тэрэн дээр би жүжигчийн хүний хувьд дүрээрээ дамжуулаад юу хэлэх вэ, юу дуугарах вэ гэдэг дээр хүртэл маш нарийн бодож, ажиллах хэрэгтэй болсон. Зөвхөн дүрийн судалгаа, эмч хүн ямар байдаг вэ гэдэг дээрээс дахин давуулж бодох наадад шаардлага тулгарсан.
Эмчийн дүр дээр ажиллахад маш сонирхолтой байлаа. Би маш их зүйл сурсан. Тэгээд “Эрдэнэт Медикал” гэдэг эмнэлэг дээр бид нар хоёр сарын турш зураг авсан. Тэнд байгаа эмнэлэгийн бүх аижлтнууд, эмч нар, дарга захирал бүх хүмүүс нь бид нарт чин сэтгэлээсээ тусалсан.
“Эрдэнэт Медикал” дээр би эмч багштай байсан. Ерөнхий эмч багштай, мэс заслын эмч багштай байлаа. Ер нь тэр эмнэлэгийн маань эмч нар надад чин сэтгэлээсээ туслаад, сүүлдээ би бараг тэр хүмүүсийн нэг хэсэг болосон юм шиг, яг тэр хүмүүсийн амьдрал дунд ороод, яаж амьдардаг юм байна, юу хийдэг юм байна, юу боддог юм байна. Ер нь эмч хүн гэж яг хэн юм бэ гэдгийг би үнэхээр сайн ойлгож авсан. Үүндээ бол би маш их баяртай байгаа.
Р.Анхням: Нүүдэлчин соёл иргэншилтэй ард түмэн учраас киноныхоо утга агуулгатай уялдуулан зохиол дээрээ дахиж ажиллаж, өөрчилсөн
Уг бүтээлийн гол дүрийн жүжигчдээс авсан видео ярилцлагыг үзэх линк: