“Нүүдэлчин эко зуух”-ыг БГД-ийн 2200 гаруй айл өрхөд тараасан талаар тус бид өчигдөр мэдээлсэн.
Өрөг.мн сайтын сурвалжлах баг БГД-ийн 23 дугаар хорооны иргэдээс зуухны талаар тодруулахад, “Халдаггүй дүлий зуух, хөлдөж үхэх шахсан, хоёр хонуулаад л хашаандаа гаргасан” гэх мэт асуудлыг хэлж, “утаа багасгах нь битгий хэл угаартуулж алах юм билээ” гэлцэн, ам уралдан муулж байна. Уг нь энэ зуухыг нийслэлийн утааг бууруулж, өдөрт 20-30 хүн угаартдаг асуудлыг шийдвэрлэх үүднээс хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн ч, зуухаа солиулсан айл өрхүүд эхнээсээ хуучин муу зуухаа илүүд үзэх болов.
НЭГ. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТОГЛОСОН НЬ
Зуухны төсөл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн ба хоёр тэрбум төгрөгийг салхинд хийсгээд өнгөрлөө. Тодруулбал Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмжийн тендер зарлаж, тендерт оролцсон хоёр компаниас Экоресурс ХХК шалгарсан байгаа юм. Энэ ажлын цаана БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа бий. Ам нээх бүрдээ, “монгол инженерийн бүтээсэн, огт утаа гаргадаггүй, сайн зуух байгаа. Би өөрөө тэр зууханд нь гал түлж үзээд, яндангаар нь утаа гарч байгаа эсэхийг нарийн шалгасан” гэх мэтээр сурталчилж, улайран зүтгээд иргэдэд зуухаа шахаад буй нь энэ. Ингэхдээ зуух шахсан айлуудаа дроноор шалгаж, ямар ч утаа гарахгүй байгааг нь харсан гэх. Харамсалтай нь эрх баригчдын амнаас гарах авиа бүр бодит байдал дээр тэс өөрөөр хэрэгждэгийн жишгээр л асуудал болоод өнгөрлөө. Зуух авсан айлууд, өнөөх төмрөө гаргаад хаячихъя гэвч, гуравласан гэрээ байгуулчихсан болохоор хашаандаа төмрийн хог болгоод хадгалахаас өөр аргагүйд хүрснээ ярьж байв. Тэрхүү зуухыг нь хаяж, гээж алга болговоос 860 мянган төгрөгийн өрөнд орох юм билээ.
Дээр дурдсан 2200 зуухыг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 8-ны хооронд айл өрхүүдэд тараажээ. Хэрэглээд нэг сарын дараа хог болон хөглөрч буй Нүүдэлчин эко зуухыг цааш үргэлжлүүлэн 32 мянган айлд өгөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл 32 мянган айл хашаандаа хаяж болдоггүй төмрийн хогтой болно гэсэн үг. Бид С.Одонтуяа сайд, Хотын дарга Х.Нямбаатар нараас хариуцлага нэхэж, тайлбар авахыг удаа дараа оролдсон ч тэд тайлбар өгөхөөс татгалзав. Тэр бүү хэл урьдчилсан байдлаар тараасан зуухыг үл үзэгдэх гар гүйцэтгэсэн аятай, эзэн олдохгүй ийш тийш төөрөгдүүлж байсан юм.
Харин Хотын дарга Х.Нямбаатарын хувьд нийслэлийн хэмжээнд нэн яаралтай цоорсон, эвдэрсэн зуухыг нь зайлшгүй солих шаардлагатай 32 мянган өрх байгаа тул, нийслэлийн төсвөөр зуух нийлүүлнэ гэж шинэ оны өмнө нийслэлийн төсвөө батлуулах үеэр хэлж, шаардлагатай санхүүжилтийг батлуулсан. Үүнийгээ ч батлах шиг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрт ажиллах үеэр хэд хэдэн төрлийн зууханд шахмал түлшийг газ, модоор галлан үзүүлсний нэг нь энэхүү Нүүдэлчин эко зуух байлаа.
2023 оны 10 сарын 19-нд бүртгэгдсэн мэдээллээр, компанийн эцсийн эзэмшигч нь Палам овогтой Баярцог, Цэрэндорж овогтой Мөнхбаатар нар байна. Ц.Мөнхбаатар нь Нүүдэлчин зуухыг бүтээсэн гэх инженер бол, П.Баярцог нь шатахууны мөнгө эргэлддэг томоохон компани болох Веллком ХХК-ийн эцсийн өмчлөгч. Тэгвэл Веллком ХХК-г П.Баярцогтой хамтран эзэмшигч Батбаярын Алтантариа нь С.Одонтуяа сайдын бэр. Өөрөөр хэлбэл Экоресурс ХХК-ийн эзэн П.Баярцог Байгаль орчны сайд С.Одонтуяатай нэгдмэл ашиг сонирхолтой этгээд байж болзошгүй гэх дүр зураг эндээс харагдаж буй юм.
Аль 2010 онд нийслэл утаатай байгаа нь зуухнаас болж байна гэж үзсэнээс эхлээд зуух, түлшний үлгэр ээлж дараалан хөвөрсөөр энд хүрч, өнөөдөр бид дахиад утаагүй нэртэй төмрийн хогтой учран золгохын дээр өнөөх түлшээ өөрчлөхөөр болов.
Зуухны үлгэр яаж эхэлсэн талаар Үндэсний аудитын газрын дүгнэлт бий.
- 2010-2013 онд АНУ-ын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн 33.8 сая ам.долларын санхүүжилтээр 98 мянган зуух,
- 2013-2016 онд Засгийн газар ба Дэлхийн банкны хамтарсан “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн 4.5 сая ам.долларын санхүүжилтээр 40 мянган зуух,
- 2011-2015 онд Засгийн газрын харьяа “Цэвэр агаар” сангаас 32 тэрбум төгрөгийг зууханд зарцуулжээ.
Өөрөөр хэлбэл “Цэвэр агаар” нэрийн доор зургаан жилийн хугацаанд нийт 160 гаруй тэрбум төгрөг зарлагадаж 140 мянган зуух тараасан гэсэн үг. Үр дүнд нь Улаанбаатар утаанаасаа салаагүй ч, угаараар амьсгалж буй иргэд асуудалтайгаа “эвлэрч” эхэлсэн юм.