АНУ-ын Лос Анжелес хотын ойролцоо томоохон ой хээрийн түймэр гарсанд Японы Засгийн газар 200 сая америк долларын тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Энэ сарын 7-нд гарсан Лос Анжелес дахь ой хээрийн түймэрт одоогийн байдлаар 24 хүн амиа алдаж, 12,000 гаруй барилга байгууламж шатаад байна.
Ийм нөхцөл байдалд Японы Засгийн газар саяхан Америкийн Улаан Загалмайн Нийгэмлэгээр дамжуулан 200 сая америк доллар буюу ойролцоогоор 31 тэрбум иенийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн ба “гамшигт өртсөн хүмүүст тусламж үзүүлж, гамшигт өртсөн бүс нутгийг аль болох хурдан сэргээхэд идэвхтэй дэмжлэг үзүүлнэ” хэмээжээ.
Мөн, Японы Засгийн газар энэ сарын 20-нд АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трампыг тангараг өргөхөөс нь өмнө тусламж үзүүлэхээ илэрхийлснээр Япон, Америкийн итгэлцлийн харилцааг гүнзгийрүүлэх зорилготой гэж үзэж байна. Үүнээс өмнө, Ерөнхий сайд Шигэрү Ишиба сошиал сүлжээгээр “аймшигт ой хээрийн түймэрт маш их сэтгэл өвдөж байна. Энэ хүнд хэцүү үед бид Америкийн ард түмэнтэй хамт байна” гэсэн мэдэгдэл нийтэлжээ.