Багийн спорт тэр дундаа сагсан бөмбөгийн спортыг улс эх орондоо дээд лигээр дамжуулан хөгжүүлэхээс гадна үзэгч, фанатуудыг шинэлэгээр энтертайнмент хэлбэрээр соронз мэт татаж чадаж буй Монголын сагсан бөмбөгийн холбоог энэ удаад онцлоё.
Сагсан бөмбөг яалт ч үгүй дээд шатанд гарч чаджээ. Энэ бол тус холбооны баг хамт олон, удирдлагын зөв менежмент, басхүү хөгжүүлэлт, хамгийн гол нь спортоо гэсэн сэтгэл зүрх. Энэ ч утгаараа улсын шигшээ багаас гадна мэргэжлийн багууд Олон улс руу хөл тавьж эхэллээ. Хамгийн сүүлийн үеийн сайхан мэдээ гэвэл сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн аварга баг East Asia Super League-т өрсөлдөх эрхээ авна. Энэхүү гэрээг сагсан бөмбөгийн холбоо тун амжилттай үзэглэсэн нь бахархууштай.
Үндэсний дээд лигийн аварга баг East Asia Super League-т өрсөлдөнө
Монгол улсын баг тамирчид хэдий чинээ гадагшаа тэмцээн ураалдаанд өрсөлдөнө. Тэр хэрээр нь туршлага, ур чадвараа нэмэгдүүлнэ гэсэн үг ээ. Басхүү онцлууштай нь Олон улсын чансаатай тэмцээн уралдааныг өөрийн эх орондоо зохион байгуулах эрхэм хүндтэй эрхийг авна гэдэг нь нэг талаараа тамирчдад маш том хөрөнгө оруулалт, нөгөөтэйгүүр зардал санхүү хэмнэсэн гол хөшүүрэг болж өгнө.
Сагсан бөмбөгийн төрлөөр Олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо тогтмол хүлээн авч зохион байгуулж байгаагийн үр дүнд Монгол улс олимпоос бусад өрсөлдөөнийг хүлээн авч буй улс болж байгаа ажээ. Энэхүү нэр хүндтэй, томоохон гавьяаг байгуулж яваа Монголын Сагсан бөмбөгийн холбоог онцолсон нь ийм учиртай. Ингээд бид Монголын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтай ярилцлаа.
-Сайн байна уу? Тун удахгүй хариуцлагатай зочлон тоглолтыг хийх шигшээ баг хэзээнээс нэгдсэн бэлтгэлдээ гарах вэ?
-Сайн байна уу? Манай шигшээ баг 2 дугаар сарын 10-наас нэгдсэн бэлтгэлдээ гарна. Багийн бүрэлдэхүүнийг дасгалжуулагчийн баг өөрсдөө шийдвэрлэнэ. 14-15 тоглогч ерөнхийдөө дуудах болов уу гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд 14 хоног бэлтгэлээ хийчихээд 2 дугаар сарын 20-нд Гуамд зочлон тоглолтоо хийнэ. Ингээд 2 дугаар сарын 23-нд Японы шигшээ багийг Улаанбаатар хотод хүлээж авч тоглох хуваарьтай.
-Энэ жил “Бүх Одод”-ын тоглолтын хуваарийг сонирхоё?
-Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн “Бүх одод”-ын тоглолт ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ жилийн хувьд манай лиг яг зохион байгуулагдсанаас хойш 30 жилийн ой тохиож байна.
30 жилийн ойдоо зориулсан “Бүх одод”-ын тоглолт маань болно. Энэ хүрээнд бид нар олон нийтээс санал асуулга явуулаад лигийн “шилдэг 30 тоглогч”-ийг санал асуулгаар тодруулна. Мөн 30 жилийн ойдоо зориулсан нэлээн том хэмжээний музейг гаргах гэх мэт нэлээд олон ажлуудыг төлөвлөсөн, бэлтгэл ажлаа хангаад явж байна.
Дээд лигийн 30 жилийн ойд зориулан “Бүх Одод”-ын тоглолтыг зохион байгуулна. Мөн сагсан бөмбөгийн лигийн 30 жилийн түүхийг өгүүлсэн том музейг толилуулна.
-Холбооноос нь 2025 оны төлөвлөгөөг хэрхэн ямар байдлаар гаргав?
-Манай сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн хурал 2024 оны 12 дугаар сарын 17-нд хуралдаад энэ жилийнхээ төлөвлөгөөгөө баталсан байгаа. Холбооноос U10 наснаас U18 нас хүртэл бүх насныхны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ өдрүүдэд U14 насны улсын аварга шалгаруулах тэмцээн хуваарийн дагуу явагдаж байна.
-Мэдээж шигшээ багийн тамирчдаас гадна боловсон хүчин тухайн спортын холбоонд маш чухал асуудал. Иймээс дасгалжуулагч болон шүүгчдээ хэрхэн чадавхжуулж байгаа вэ?
-Дасгалжуулагчийн В болон С зэрэглэлийн лиценз олгох сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ бол дэлхий болон Европын жишгийн дагуу дасгалжуулагч нараа лицензтэй болгож сургах, хөгжүүлэхэд илүү анхаарч буй. Мөн ФИБА-гийн шүүгчийн сургалтанд манай шүүгч нар хамрагдаж явж байгаа. Энэ жил гурван шүүгч лиценз авахаар сургалтад хамрагдаад эхэлсэн. Нэг шүүгч маань ФИБА-гийн шүүгч бэлтгэдэг багшийн сургалтанд суугаад явж байна.
-2025 онд Монгол лсад хүлээн авч зохион байгуулах тэмцээн уралдааны хуваарь тодорхой болсон уу?
-Энэ жилийн хувьд манай холбоо 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 07-ны өдрүүдэд 16 хүртэлх насны эрэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан. Үүний дагуу ажлууд маань хийгдээд явж байна. Тун удахгүй Зүүн Азийн супер лигтэй гэрээгээ үзэглээд энэ жилийн үндэсний дээд лигийн аварга баг энэхүү тэмцээнд өрсөлдөх болсон.
Мөн Basketball Champions league (BCL) ФИБА-гийн аваргуудын лигт өнгөрсөн жилийн аварга баг мөн “Бишрэлт Металл” гээд хоёр баг маань оролцохоор болсныг дуулгахад таатай байна.
Манай шигшээ багаас гадна мэргэжлийн багууд маань Олон улсад ингээд өрсөлддөг болсон нь маш их давуу талтай.
Мөн нэг сайхан мэдээ нь 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ зургаадугаар сард эх орондоо зохион байгуулна. Ер нь бол эмэгтэйчүүдийн дэлхийн Гран при, Их дуулга, Дэлхийн аварга гээд гурван том тэмцээнийг зохион байгуулна. Ингээд дүгнэхээр ФИБА-гийн түүхэндээ хамгийн урт, олон өдөр зохион байгуулахаар ийм эвент байгаа. Ингэснээр манайх насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулчихвал Монгол улс маань ФИБА-гийн олимпоос бусад бүх төрлийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан улс болохоор байгаа.
Шигшээ багаас гадна мэргэжлийн багууд Олон улсад хөл тавьж буй нь хөгжлийн шинэ үе шат
-Үндэсний дээд лигийн аварга баг өрсөлдөхөөр болсон Зүүн Азийн супер лиг тэмцээний тухай илүү дэлгэрэнгүй тодруулна уу?
-Лигийн аварга багууд буюу Зүүн Азийн супер лиг гэдэг маань Япон, Солонгос, Филиппин, Тайвань, Макао, Хонгконг гээд Ази тивийн хамгийн том лигүүд хамрагдсан ийм лиг бий. Энэ лигт үндэсний дээд лигийн аварга баг маань оролцох эрхтэй болно. Санхүүгийн хувьд ч гэсэн тэмцээнд 3 удаа очиж тоглоод, 3 удаа эх орондоо тоглолт зохион байгуулах юм. Гарах бүх зардлуудыг Зүүн Азийн супер лиг зохион байгуулалтын газраас даана. Дээр нь тоглолт болгонд нь багуудад мөнгөн урамшуулал өгдөг. Яг тэр лигийн тэмцээн болж буй хугацаа нь манай үндэсний лигтэй давхцаж буй учраас багууд нэмэлт зардал гаргахгүйгээр Олон улсын тэмцээнд ийм том багуудтай тоглох маш онцгой боломж үүсч байгаа.
Дасгалжуулагч болон шүүгч нарынхаа ур чадварыг ахиулан В, С зэрэглэлийн
лиценз олгох сургалтыг тогтмол зохион байгуулдаг
Онцлоод хэлэхэд: Дасгалжуулагч нар болон гадны мэргэжилтнүүдийн голлон хэлж буй. Энэ нь Олон улсад олон тоглолт хийхийн хэрээр л хөгжинө гэсэн гол чиглэлийг барьж ажиллаж байна. Тэгэхээр холбооны зүгээс бодлогын хувьд багуудаа дэмжээд Олон улс руу гарах ажлуудыг хийгээд явж байна.
Ярилцсанд баярлалаа.