Н.Гоо-Эрдэнэ охин одоо дөрвөн сартай. Тетрада фалло /дөрвөлсөн хөх гажиг/ буюу зүрхний хүнд хэлбэрийн төрөлхийн гажигтай, хавсарсан уушгины артерийн гол судас байхгүй гэж оношлогджээ. Төрөөд нэгхэн сартай байхдаа уушгины хатгалгаа тусч эмнэлэгт хандсанаар дээрх хавсарсан онош нь тогтоогджээ. Харамсалтай нь Монгол Улсын сайн гэх бүх эмнэлэг, эмч нар охины оношийг хараад хагалгаа хийх, эмчлэх боломжгүй гэжээ. Тиймээс охиныхоо оношийг БНСУ, БНЭУ, БНХАУ-ын сайн гэх эмнэлэгүүд рүү явуулсан нь БНХАУ-ын Анагаахын шинжлэх ухааны академийн харьяа Фү-Вай эмнэлгээс мэс засал хийгдэх, эмчлэгдэх боломжтой гэсэн хариуг авчээ. Хоёрдугаар сард хагалгаандаа явах бөгөөд эмчилгээний зардалд нийт 200 сая төгрөг шаардлагатай болжээ. Охины аав, ээж, ах эгч дүүс шаардлагатай мөнгийг олох гэж өөрсдийн бүх боломжийг ашиглаж буй хэдий ч хангалттай хүрэхгүй байгаа тул халуун сэтгэлт ард түмнээсээ сэтгэлийн хандив хүсэж байна.
Бид шантралгүй охиныхоо төлөө бүхнээ зарсан ч хамаагүй зүтгэнэ
Охины аав Т.Ням-Эрдэнэ:
Би хоёр сайхан охинтой. Гэтэл бага маань ийм хүнд өвчнөөр өвдчихлөө. Анх нэг сартай байхдаа уушгины хатгалгаа тусаад ЭХЭМҮТ-д хэвтсэн. Тэр үед оношоо мэдсэн. Эмч нар хэлэхдээ “Зүрхний гажгаас гадна уушгины артерын гол судас байхгүй учир маш эрсдэлтэй, хэзээ ч зүрх нь зогсож магадгүй учир болгоомжтой, бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэсэн. Гэхдээ бид яаж ч магадгүй гээд цаг алдаад суухыг хүсэхгүй байна. Бид шантралгүй охиныхоо төлөө бүхнээ зарсан ч хамаагүй зүтгэнэ. Охин маань л эрүүл болчихвол бусад нь болно биз. Харин цаг алдах вий гэж айж байна.
Охин маань байнга амьсгалын аппараттай байдаг. Шөнө унтаж чадахгүй үргэлж уйлдаг. Хэвийн үедээ нүүр, гар хөлийн хуруу зэрэг нь хөхөрсөн байдалтай байдаг ч уйлвал бүр илүү хөхөрч, амьсгал нь мууддаг. Мөн зүрхний хэмнэл нь хэвийнээс хамаагүй бага бөгөөд өдөрт 2-3 удаа тогтмол хэмжиж байхгүй бол эрсдэлтэй. Бага охиндоо ханиад хүргэж болохгүй гэсэн болохоор том охиноо цэцэрлэгт нь явуулахгүй байгаа. Том охин маань үргэлж дүүгээ үнсэж хайртай гэж хэлдэг.
Халуун сэтгэлт та бүхэн минь бидэнд тусалж хандивын аянд маань нэгдээрэй.
Хагалгааг даахын тулд жин нэмэх шаардлагатай гэсэн ч дан нэмэлт сүүгээр жин нэмэхэд хэцүү байгаа
Охины ээж А.Далайханд:
Охин маань хөхөөр хооллох үед зүрхэнд нь ачаалал өгч, амьсгал давчиддаг учир хөхнөөсөө гарсан. Хагалгааг даахын тулд жин нэмэх шаардлагатай гэсэн ч дан нэмэлт сүүгээр жин нэмэхэд хэцүү байгаа. Хэдийгээр эмч нар уйлуулж болохгүй гэсэн ч хүүхэд л юм хойно уйлна. Тэр үед хараад маш их сэтгэл өвддөг. Ядаж уушгины судас нь нарийн эсвэл богино байсан бол тэлэх эсвэл залгах зэрэг арга хэмжээг авч болдог юм байна лээ. Гэтэд миний охинд огт байхгүй гэсэн. Энэ бяцхан амьтан ийм хүнд өвчнөөр өвдсөнг нь хараад охиноо өрөвддөг.
Охины хагалгаанд шаардлагатай хандиваа өөрсдийн цахим хаягаар эхлүүлсэн бөгөөд хамаатнууд, ойр дотны хүмүүсийнхээ тусламжаар одоогоор 12 сая төгрөг цуглараад байгаа аж. Тэд хятадын цагаан сар дуусмагц явах шаардлагатай байгаа бөгөөд тэдний хувьд цаг хугацаа бол алт шиг үнэтэй байгааг хэллээ.
С.Баасансүрэн