АНУ-ын Төлөөлөгчдийн танхим трансжендер хүмүүсийг сургуулийн эмэгтэй спортын багуудад оролцохыг хориглосон хуулийн төслийг баталжээ. Төслийг 218 гишүүн дэмжиж, 206 нь эсэргүүцсэн санал өгсөн байна. Тус санал хураалтад Бүгд найрамдахчуудыг Ардчилсан намын хоёр ч гишүүн дэмжжээ.
Хуулийн төслөөр трансжендер хүнийг багтаа оруулбал тухайн сургуулийн санхүүжилтийг зогсоох аж. Ардчилсан намын гишүүд уг саналыг сурагчдын хувийн орон зайд хэт халдсан хэрэг хэмээн шүүмжилж эхэллээ. Гол маргаан нь хуулийг хэрэгжүүлэх механизмыг тойрч байна. Бүгд найрамдахчууд сурагчдын төрсний гэрчилгээг шалгахыг санал болгосон бол Ардчилсан нам үүнийг “бяцхан охидын бэлэг эрхтнийг шалгах” хэрэг гарах нь хэмээн егөөдөн шүүмжлэлтэй ханджээ. Зарим төрсний гэрчилгээнд хүүхдийн хүйсийг тодорхой заагүй байдгийг ч сануулсан байна.
Санал хураалтын дүнг тайлбарлахдаа Конгрессын гишүүн Грег Стюби уг санаачилга бол эмэгтэй тамирчдад “тэгш нөхцөл бүрдүүлэхэд” чиглэсэн хэмээн онцлов. Хүмүүсийн зүгээс эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийн спортод оролцохыг хүлээн зөвшөөрдөггүйтэй холбоотой гэдгийг төсөл санаачилсан гишүүд онцолжээ. 2024 оны арванхоёрдугаар сард АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрөх бодлого баримтлана хэмээн мэдэгдсэн билээ.