Энэ сарын 11-нд Соёлын өвийн үндэсний төвд Чүрээ клубийн цугларалт боллоо. Энэ үеэр Алтай ятга хөгжмийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, монголын өв соёлыг дэлхийд таниулах зорилгын хүрээнд Чүрээ клубийн гишүүн Арюухан Будаев, Рован Хартсүйкэр нарт батламж гардуулсан юм. Тэд ОХУ болон Нидерландад монгол үндэсний хөгжмийг суртачлан таниулах их үүргийг хүлээн авч, талархаж буйгаа илэрхийлэв.
АЛТАЙ ЯТГЫН ДӨРВӨН ТОМ ЧУУЛГА БАЙГУУЛСАН
Энэ үеэр МУХТ-ны тэргүүн Д.Ганпүрэв, “Өнөөдрийн үйл явдал бол Чүрээ клубийн хүндэтгэлийн цугларалт. Үүгээр дамжуулаад батламж гардуулах ёслолыг давхар хийж байна. 2008 онд Ховд аймаг Манхан сум, Жаргалант хайрхнаас олдсон хөгжмийн олдвор бол археологийн хөгжмийн олдвор. Өнөөдөр хөгжим маань Чингис хааны музейд байна. Жаргалант хайрхны хөгжмийн их олдвор дахин сэргэж байгаа нь нүүдэлчин соёлыг 1500 жилтэй холбож байгаа маш чухал үйл явдал. Өнөөдөр 15 дахь жилдээ үүнийг судалж байна. Энэ бол үнэхээр монгол ятга мөн. Олон талаараа батлагдана. 15 жилийн дотор суурь шинжлэх ухааны судалгаа хийгээд ард нь гарахад үнэхээр ядарсан. 15 жилийн дараа Алтай ятгын дөрвөн том чуулга байгуулагдсан байна. Урын сан нь маш их баяжсан. Хилийн чанад дахь монгол угсаатнууд хөгжмөө тоглож сурч байна” гэлээ.
Харин Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат ярихдаа, “Бид хуучны хөгжмийг язгуур урлаг талаас нь судлахаас гадна, археологийн олдворуудыг судалж, шинэ төрлийг бий болгох нь соёл шинээр бий болгох, соёлын өвийг бүтээж байгаагаараа онцлог. Тэгэхээр монголын үндэсний хөгжмийн зэмсэг баялаг болж байна гэсэн үг” хэмээн онцолсон юм.
АЛТАЙ ЯТГЫГ АЛЬ Ч ҮНДЭСТЭН БИДЭНТЭЙ БУЛААЦАЛДАХГҮЙ
Мөн МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал Ц.Төрбат дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, “Энэ хөгжмийн зэмсэг бол ордны том хөгжмүүдээс ялгаатай. Нүүдлийн, аяны явцад хэрэглэж болохуйц авсаархан хэмжээтэй. Тэгэхээр манай нүүдэлчин соёлын ахуй амьдралтай нягт холбоотой байгаа юм. Гаргаж буй хөг аялгуу нь бидний ойлгож, төсөөлж байгаагаас хамаагүй баялаг. Манай үндэсний хөгжмийн чуулга, түүний бүрэлдэхүүн хөгжмийн зэмсгүүдийг харахад, цэвэр монгол, бусад зүүн азийн өөр ард түмэнтэй хуваалцдаггүй хөгжмийн зэмсэг бол морин хуур. Үүний дараагаар Алтай ятга орно. Үүнийг хэн ч булаацалдахгүй” гэж ярив.
Түүнчлэн Алтай ятга хөгжмийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, монголын өв соёлыг дэлхийд таниулахаар батламж гардсан Чүрээ клубийн гишүүн Арюухан Будаев, Рован Хартсүйкэр нар сэтгэгдлээ илэрхийллээ.
Арюухан Будаев: Би монгол орондоо их хайртай. Би өөрийгөө монгол угсаатан, Буриад Монгол хүн гэж боддог. Жаахан сандраад байх шиг байна. Яагаад гэхээр миний багш надад итгээд, ОХУ-д Алтайн ятгыг түгээх үүргийг хүлээлгэж байгаад баяртай байна. Хамаг монгол угсаатнууддаа энэ хөгжмийг танилцуулж, сургах зорилго өвөртлөөд буцна.
Рован Хартсүйкэр: Энэ хөгжим надад их урам зориг өгсөн. Тиймээс хийхээр төлөвлөсөн олон зүйл байна. Нидерландад би Алтайн ятга, хөөмийн урлагийг олон хүнд зааж, танилцуулах болсондоо их баярлаж байна гэв.