“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд үүнд Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барих зорилтыг дэвшүүлсэн.
Энэ төмөр замуудын хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг БНХАУ-тай байгуулахад баримтлах чиглэлийг УИХ-аас баталсны дагуу гэрээгээ байгуулахаар Ажлын хэсэг ажиллаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.
Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд
“Чайна энержи компанитай хийх 3 гэрээний нэг нь төмөр замын хил холболтын асуудал байгаа. Төмөр замын хил холболт гэдэг үг буюу ХОЛБОХ гэдэг нь шууд уулзуулж холбох гэдэг утга илэрхийлдэг. Яг энэ төмөр зам дээр бодитоор холбогдохгүй буюу зөрж орох юм. Өөрөөр хэлбэл, монголын талаас орсон өргөн царигийн төмөр зам БНХАУ-ын нутаг руу ороод өргөн царигийн төмөр замын терминал дээр ачаагаа буулгана.
Олон улсын гэрээ хэлэлцээрээр экспорт хийж байгаа улсын төмөр зам импортлогч улсын тал руу орох заалттай. Нөгөө талдаа импортоор авч байгаа талын төмөр зам зөрж экспортлогч тал руу орох буюу Монголоос орсон өргөн царигийн төмөр зам хятад руу орно. Хятадаас орж буй төмөр зам монголын нутаг дэвсгэр рүү орох байдлаар зөрж орох юм. 2 улс хил, хил доторх төмөр замын байгууламжуудынхаа өртгийг өөрсдөө даагаад төлөөд явна.
Төмөр замын гэрээг 99% тохиролцоод явж байгаа. Нүүрс худалдах, худалдан авах гэрээний хувьд 80 орчим хувьтай, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал дээр хэлэлцээрийн шатандаа ажлын хэсгүүд ажиллаад явж байна.”
Хил холболтын төмөр замыг ашиглалтад оруулсанаар Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт харагдана.
Энэхүү төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн, түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Мөн цаашид эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн томоохон ач холбогдолтой гэж үзэж буй юм.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар манай улс, урд хөрштэй 2003 оноос санал солилцож эхэлсэн бөгөөд 2008 оноос албан ёсоор ярьсан байдаг. Энэ хугацаанд нийтдээ 60 гаруй удаагийн яриа, хэлэлцээ хийжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоёр зөвлөмж, Улсын Их Хурал тав, Засгийн газар 45 тогтоол гаргаж, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалж байсан түүхтэй.
Үүнийг он цагийн дарааллаар харвал,
2008 он: Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих тусгай зөвшөөрлийг “Энержи Ресурс” ХХК-д олгосон. Шенхуа компанитай техникийн түвшинд санал солилцсон.
2014-4 сар: Боомтын зориулалттай “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан.
- “Шенхуа компани” 49%,
- “ЭТТ” ХК 17%,
- Тавантолгой ХХК 17%,
- “Энержи ресурс” XXK 17%
2014-8 сар: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад Төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин: хэрэв Монгол Улс өмнөд чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барьсан тохиолдолд Хятадын тал санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохоо илэрхийлсэн.
2014-08 cap: “Гашуунсухайтын төмөр зам” XXK Хятадын Хөгжлийн банктай 2014 оны 08 дугаар сард БНХАУ-ын даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүжилтийн гэрээ байгуулсан.
2014-8 cap: “Монгол УЛС, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг баталсан. Тус тунхаглалын 2-т. “… талууд эрдэс баялагийг нээн олборлох, дэд бүтцийг бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх зарчмын дагуу бүх талын харилцан ашигтай хамтын ажиллах байдлаар тохиролцсон.
2014-8 cap: Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолоор Тавантолгой уурхайд хөрөнгө оруулах, олборлолтыг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн Төмөр зам, уул уурхайн хөрөнгө оруулалтыг цогцоор нь гүйцэтгэхийг шийдвэрлэсэн.
2015-5 cap: Засгийн газрын 2014 оны 268-р тогтоолын дагуу Монгол Улсын Meгa төсөл хариуцсан сайд М.Энхсайханы ахалсан төмөр замын концессын хэлэлцээрийн төслийг УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санал гаргаж зогсоосон.
2022-8 cap: Төмөр замын боомт байгуулах, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах талаар тус тус санамж бичиг байгуулсан.
Ийнхүү 20 орчим жил гадаад, дотоод олон хүчин зүйлсээс улбаатай гацсан дээрх төсөл урагшлах боломж бүрдээд байна.
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын холболтоо хийчихвэл 2030 онд 165 сая.тн нүүрс экспортлоно
Мөн Монгол Улс нэг жилд 85 сая тонн нүүрсний экспорт хийж, 2030 онд дунджаар 165 сая тоннд хүрэх тооцооллыг Засгийн газар хийжээ. Замын-Үүд, Эрээний боомт төмөр замаар холбогдсоноос хойш 70 орчим жилийн дараа өмнөд хөрштэйгөө төмөр замаар холбогдох хоёр дахь гарц болох бөгөөд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг холбох боломж бүрдэнэ.