Хаяж чадахгүй ч, салж чаддаггүй хэдэн том асуудалтай нийслэлчүүд бид цаг ямагт тулгардаг. Бид энэ удаа мартаж болохгүй гурван том асуудлыг дахин сануулж, хариуцлага, үр дүн нэхэж чаддаг хэрсүү иргэн байхыг уншигч танд уриалж байна.
“ЭНД ЭРҮҮЛ ХҮН БИЙ БОЛОВ УУ”
Манай ажлын оффис төв талбайн хажууд, 12 давхарт байрладаг. Өглөө бүр цонхоор урдах 500 метрийн барилгаас цааш утаанд дарагдан үл үзэгддэг юм. Цонхоор ширтэх тоолонд дотор харанхуйлсан дүр зураг харагдахын дээр, “энд эрүүл хүн бий болов уу” гэх эргэлзээг эрхгүй төрүүлнэ. Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т өдөрт дунджаар 5-7 өрхийн 20-25 хүн угаартсан дуудлага бүртгэгдэж байгааг мэдээлсэн. Галлагааны улирал 11 сараас эхэлж, дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг гэж үзвэл, хагас жилийн хугацаанд 360-450 хүн жилд угаартаж буй юм. “Түргэний эмч”-ийн мэдээлж буйгаар угаартсан дуудлагуудын тэн хагас нь хүүхдүүд байгааг онцолж байна. Харин галлагааны улиралд нийслэлийн иргэдийг толгой өвдөж, дотор муухайрч, нийтээрээ “жирэмсний хордлогод” орчихсон аятай ажлын идэвхгүй байгаа нь угаартаж буй нэг хэлбэр болох талаар НЭМҮТ-ийн судлаачид хэлдэг. Өөрөөр хэлбэл нийслэлд амьдардаг нэг сая гаруй иргэд хагас жилийн хугацаанд угаартаж, хордож, хорт хавдраар өвчилж, амьсгалын тогтолцооны эмгэгээр тарчилж өнгөрөөсөөр, эм тарианд хамгаа шавхсаар туйлдлаа. Жилд дунджаар 5000-6000 хүн хорт хавдраар өвчилж, энэ тооны хүн амиа алддаг. Эмнэлгийн коридорт шаван хэвтэх хүүхдүүд, хүүхдээ хамгаалж чадахгүй байна гэж уйлагнах ээжүүд энэ нийгмийн хамгийн том золиос мөн.
ҮР ДҮН “НОЙЛ”
Нийслэлийн төсөвт утааг бууруулахаар,
- 2021 онд 30.9 тэрбум төгрөг,
- 2022 онд 34.5 тэрбум төгрөг,
- 2023 онд 39.2 тэрбум төгрөг,
- 2024 онд 60 тэрбум 460 сая төгрөг тусгасан ч үр дүн огт үзэгдсэнгүй.
Гэтэл эрх баригчид иргэдийн өвчлөл, үхэлд санаа зовж, сэтгэл нь өвдсөн дүр эсгээд, зөвхөн зуухаа солихоор шийдсэн нь ард түмнийг доромжилж буй л нэг хэлбэр. Утаа гаргадаггүй “ид шидийн зуух” л бидний аврал болох нь дутлаа. Жил бүр тулгардаг эдгээр асуудалд бид дөжирч, утаандаа уусаж л болохгүй. Энэ цагт бидний хийж чадах зүйл маш тодорхой. Хариуцлага нэхдэг байя. Хяналт тавьдаг байя. Зөв зүйл шаарддаг байя.
ХОТЫН ДАРГА НАРЫН ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ШАХСАН “ҮЛГЭРҮҮД”
Нийслэлийн иргэд бид метро, агаарын дүүжин тээвэр, хөнгөн галт тэрэг, хүртээмжтэй нийтийн тээврээрээ зорчсоор дөжирчээ. Гэхдээ зөвхөн төсөөлөлдөө. Харин бодит байдал дээр хотын зам зам биш зогсоол болж, уур уцаараа барсан иргэд цухалдан өдөр хоногийг өнгөрөөж байна.
- Үлгэр Г.Мөнхбаяр даргын үеэс эхэлжээ. 2011 онд нийслэлд метро барих тухай санаачилж байсан тэрбээр 2017 онд метрогоо ашиглалтад оруулна гээд БНСУ-ын “Soosung Engineering” болон “Seoul metro” компанитай хамтрах талаараа олон нийтэд мэдээлсэн байна. Ингэхдээ манай улсад илүү тохиромжтойгоор нь бага оврын LRT загварын 5,000-30,000 хүний багтаамжтай, хөнгөн чанарын хоёр хэсгээс бүрддэг метрог сонгоод байжээ. Эхний үлгэр ийнхүү эхлээд өрнөл үгүй өндөрлөсөн юм.
- Үүнийг залгаад 2012-2016 онд хотын дарга асан Э.Бат-Үүлийн “Улаанбаатар метро төсөл” болон “Тусгай замын автобус” төсөл яригдаж эхэлсэн. Улаанбаатарт метро байгуулах судалгааны ажлын тайлан болон, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг 2013 онд Японы хамтын ажиллагааны нийгэмлэг ЖАЙКА-гийн төслийн багийн дэмжлэгтэйгээр боловсруулсан бөгөөд 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх тухай мэдээлж байжээ. Энэ цагаас хойш “утаарч” явсаар 2015 онд Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны шугамд тэнцэхүйц троллейбус явуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Метроноос троллейбус руу унасан Э.Бат-Үүлийн бүтэлгүйтэл ингэж дууссан
- 2016-2018 оны хотын дарга асан С.Батболд ажил болдоггүй дээрх төслийг үргэлжлүүлэн цаасан дээр гарамгай гэгч нь хөгжүүлжээ. 2017 онд Тусгай замын автобусны эхний коридорыг ашиглалтад оруулахыг эрмэлзэж байгаагаа Азийн хөгжлийн банкинд мэдэгдсэн ч ажил болоогүй.
- Залгаад С.Амарсайхантай хамт замхарсан агаарын дүүжин тээвэр. Метро, тусгай замын автобусны төслүүд замхарч 2019-2020 онд хотын даргын албан тушаалыг хашсан С.Амарсайханы агаарын дүүжин тээвэр 2021 оны зургаадугаар сард ашиглалтад орохоор болсон юм. Дүүжин тээврийн төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн байдаг байдаг талаар хэвлэлүүд мэдээлсэн.
- Хотын дарга Д.Сумъяабазар Баганан тулгуурт хөнгөн галт тэргээр зорчих санаачилга гаргаад нам суусан. Асуудлыг шийдэх LRT төсөл нь ажлын хэсэгтэйгээ хөлдөөд, асуудлыг захиргааны аргаар буюу дугаарын хязгаарлалтаар шийдвэрлэнэ гээд ярьж явсан нь саяхан. Иргэд цахимаар шуураад эхлэнгүүт л захиргааны арга хэмжээгээр зохицуулна гэж хэлсэн үгнээсээ буцаад захирамж гаргаж байсан удаатай.
- Харин одоо дахиад л метротой болох яриа хөвөрч, 14 жилийн өмнөх үлгэрээ эхнээс нь давтах вий гэх айдастай иргэд нүүр тулав. Метротой холбоотой санхүүжилтийн асуудлыг шийдсэн гэж хэлж болно. Их Британийн Засгийн газрын Сангийн яамнаас Монголын Засгийн газарт UKS буюу Их Британийн Засгийн газрын газраас 3 тэрбум фунт стерлингтэй тэнцэх баталгааг 15 жилийн хугацаатай гаргаж, метроны төслийг санхүүжүүлэхээр болж байна.
ЭНЭ ӨВӨЛ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХГҮЙ БАЙХ БОЛОМЖ БҮРДСЭН ГЭВ
2023 оноос цахилгаан хязгаарлахгүй гэдгээ ам уралдан мэдэгдэж байсан эрх баригчид амаа барьж, бид 2024 оноо харанхуйд үдэх нь олширсон. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй гэж” мэдэгдэв.
Түүний мэдэгдлээс онцлох эшлэлүүдийг нь толилуулъя.
- Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт цахилгаан эрчим хүчийг ирэх оны нэгдүгээр сарын 6-наас нийлүүлж эхлэхээр болжээ. Ингэснээр цаашид Улаанбаатар хотын эрчим хүчний системд хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдсэн.
- 2024-2025 оны өвлийн оргил ачааллын цаг эхэлж, Монголын эрчим хүчний систем өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тиймээс ч бүх цахилгаан станцыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж байгаа.
- Өнөөдөр Бөөрөлжүүтийн цахилгаан станц эхний 150 МВт блокоо ашиглалтад оруулахаар туршилт, тохируулгын ажлаа хийж байна.
- Өнөөдрийн оргил ачааллаас эхлээд нэгдсэн системд 40 МВт-аар оролцож эхэлнэ. Улмаар зургаан хоногийн дараа 150 МВт-ын хүчин чадлаар сүлжээнд эрчим хүч нийлүүлэх бололцоо бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл 2025 оны нэгдүгээр сарын 6-наас 150 МВт хүчин чадалтайгаар нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдох болно.
- Энэ станц ашиглалтад орсноор цахилгаан хязгаарлах асуудал 2024-2025 оны өвлийн оргил ачааллын үед зогсох болов уу гэсэн найдлага хүлээлттэй байна гэв.