Хориглосон жагсаалтад багтсан бодисыг “допинг” гэж нэрлэнэ
Тамирчид болон бусад хүмүүс спортын ур чадвараа зохиомлоор нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг хориглосон бодисын жагсаалтад багтсан бодисыг допинг гэнэ.
Допинг хэрэглэсний үр дагавар
Допинг нь анагаах ухаанд янз бүрийн өвчнийг эмчлэх зориулалттай эмийн төрөлд багтдаг боловч эдгээр бодисуудыг эрүүл хүн зориудаар өндөр тунгаар, удаан хугацаанд давтамжтай хэрэглэх нь хүний эд, эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эрсдэлтэй. Улмаар өвчин үүсгэж, зарим тохиолдод амь насанд ч хохирол учруулах эрсдэл дагуулдаг.
Эдгээр эмийн бодисууд эхний үед эрүүл хүний эд эрхтний үйл ажиллагааг зохиомлоор нэмэгдүүлдэг. Энэ нь шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг спорт, олимпизмын үзэл санаанд хашилдаг. Хамгийн гол нь тамирчин бүр тэгш бөгөөд шударга өрсөлдөх ёстой.
Допингтой яагаад тэмцэх ёстой вэ?
Тамирчин допингийн эсрэг дүрэм зөрчих нь ялан дийлэх нэр алдар, өндөр шагналтай холбоотой байдаг аж. Гэвч тамирчны эрүүл мэндийг хамгаалах, тамирчин бүр спортын талбарт шударга өрсөлдөх ёстой гэсэн зарчмыг дээдлэх зорилгоор допингийн хэрэглээг зогсоохын төлөө улс орон спортын холбоод тууштай тэмцдэг.
Иймээс Дэлхийн Допингийн эсрэг байгууллага нь олон улсын спортын холбоо, Олон улсын Олимпын хорооны гишүүн улсуудыг допингтой тэмцэх өөрийн дүрмийг батлах, мөрдөх шаардлагыг тавьдаг билээ.
Дэлхийн допингийн эсрэг агентлагаас 2024 оны шинэчилсэн жагсаалтад ямар бодисыг хориглов
Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA-гаас жил бүр хориотой эм бодисын жагсаалтыг шинэчлэн батлан гаргадаг. Тодруулбал хориотой эм бодисын жагсаалтыг жил бүрийн нэгдүгээр сарын 01-нээс тогтмол шинэчилдэг. Энэхүү баталсан жагсаалт нь тухайн жилийн нэгдүгээр сарын 01-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй хугацаанд үйлчилдэг гэсэн үг.
WADA-гаас 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр батлан гаргасан жагсаалтад “Трамадол”-ыг хэрэглэхийг хориглосон билээ. Трамадол нь дунд болон хүнд хэлбэрийн өвдөлтийг эмчлэхэд ашигладаг синтетик опиоит өвдөлт намдаах үйлдэлтэй эм юм. Энэ нь заримдаа тамирчдын спортын гэмтлийн улмаас өвдөлтийг эмчлэхэд ашиглагддаг. Мөн хориотой жагсаалтын “Хар тамхины” ангилалд багтдаг.
Трамадол нь олон янзын найрлагад байдаг бөгөөд өөр өөр улс оронд олон янзын брэндийн нэрээр зарагддаг ажээ.
Тухайлбал брэнд нэрсийн жишээнд: Tramal, Tramedo, Tramake, Zydol зэрэг ордог байна. Өөр олон брэндийн нэр байдаг тул тамирчид өөрийн улсад ямар брэндийг жороор олгодог болохыг эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй юм.
Трамадол нь WADA-ийн Хяналтын хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд энэ хөтөлбөрөөр цуглуулсан мэдээлэл нь спортод ихээхэн ач холбогдолтой болохыг харуулжээ.
Трамадолыг хэтрүүлэн хэрэглэх нь бие махбодийн хараат байдал, опиат хэрэглэх эмгэг, хэтрүүлэн хэрэглэх эрсдэлтэй нь дэлхий даяар түгшүүр төрүүлж, олон оронд хяналттай эм болоход хүргэсэн байна. Тайлбар бичигт дурдсанчлан WADA-аас санхүүжүүлсэн судалгааны судалгаанууд нь мөн трамадол нь спортын амжилтыг нэмэгдүүлэх боломжтойг баталжээ.
Трамадолтой холбоотойгоор хориотой эм, бодисын жагсаалтад багтаах шийдвэрийг хэзээ гаргав
Энэ оны жагсаалтыг WADA-гийн Гүйцэтгэх хороо (ExCo) 2023 оны 9-р сарын 22-ны өдрийн хурлаар баталж, 2023 оны 9-р сарын 28-нд анх нийтэлсэн байдаг.
Жагсаалт нь Дэлхийн допингийн эсрэг хууль (код)-д гарын үсэг зурсан бүх улс заавал дагаж мөрдөх олон улсын найман стандартын нэг юм. Тэмцээний үеэр болон тэмцээнээс гадуур ямар бодис, арга хэрэглэхийг хориглож, ямар бодисыг тухайн спортод хориглохыг зааж өгсөн.
WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас жил бүр хориотой бодисын жагсаалтаа шинэчлэн баталдаг хэмээн дээр дурдсанчлан 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дахин шинэчилнэ гэсэн үг.