“Сөрөг хүчин” нэвтрүүлгийн шинэ дугаарыг ЭНД дарж үзнэ үү
Цөхөрсөн иргэд сөгдөөд “ГУЙЖИЙНАА” Амьсгалах эрх олгооч Х.Нямбаатар дарга аа!!!
….Жилд 50-60 хүн утаанд боолгуулж өөд болох, өдөрт 20 хүн угаартаж хордох нь энгийн үзэгдэл мэт болоод зургаан жил тойрлоо.
• Утаа бидний эрүүл мэндэд яаж нөлөөлж байна вэ?
• Шахмал түлшийг шат ахиулсан шийдэл бий юу?
• 2019 онд мэдэгдэхүйц багассан агаарын бохирдол яагаад нэмэгдэх болов?
Утаа бууруулах эрх баригчдын ээлжит жүжиг Өлзий, Хас, Дөл тэргүүтэй зуухнаас эхэлсэн. 2008-2016 онд зөвхөн зуух сайжруулах төдийхөн ажилд 550 тэрбум төгрөг, 2017-2019 онд харин 450 тэрбум төгрөг зарцуулсан. 2019 оноос өнөөдрийг хүртэл авсан ганц арга хэмжээ нь сайжруулсан түлш. Үүнд 1.3 их наяд төгрөг зарцуулсан. Үр дүн нь өнөөдрийн нөхцөл байдал.
ШАХМАЛ ТҮЛШНЭЭС ӨӨР ШИЙДЭЛ БАЙХГҮЙ
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа:
Шахмал түлшийг бид их олон талаар шинжлээд үзэж байна. Хатаах дээрээ технологийн алдаа гаргаад байна. Үүн дээр манай хүмүүс хяналтын ажил хийж байна. Яг анхных шигээ стандартын дагуу хатаахгүй учраас чанар нь алдагдаад байгаа. Шахмал түлшээ түлэхээс өөр арга богино хугацаанд байхгүй. Яг одоо монголчууд маань гал түлээд байдаг. Шууд яндангүй болгоод, цахилгаанаар шийднэ гэхээр боломжгүй өрхүүд байгаа. Нөгөөтээгүүр хог шатааж, агаарыг бохирдуулж байгаа. Тэгэхээр хог шатаахдаа утаа гардаггүй зуухыг монгол инженерүүд хийсэн. Шахмал түлшээ сайжруулах дараагийн шийдэл байхгүй.
АГААРЫН БОХИРДОЛ БУУРААГҮЙ
Анагаах ухааны доктор, судлаач Б.Сувд:
Одоогийн агаарын бохирдлын хэмжээг хэсэг судлаачид буурч байна гэж үздэг. Хэрвээ буурсан юм бол яагаад хүхрийн давхар исэл нь нэмэгдсэн юм. Яагаад PM 2.5-ын хэмжээ стандарт түвшинд хүрээгүй байгаа юм гэх асуулт байна. Одоо байгаа агаарын бохирдлыг буурсан гэж хэлэх үндэслэлгүй. Хийн бохирдуулагчаас бол амны хаалт зүүгээд ч хамгаалах боломжгүй.
Судлаачид сайжруулсан түлшийг шийдэл биш гэж үзэж байна. Шахмал түлшийг хэрэглэж эхэлснээс хойш өдөрт дунджаар 20 хүн угаартдаг. Үүний тал нь хүүхдүүд байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг ангийг дүүргэж байгаа 30 гаруй тооны хүүхэд гурав хоног тутам угаартдаг. Харин хоёр ангийг дүүргэх хэмжээний их хүн жилд угаартаж, нас барж байна. Албаныхан нас барсан иргэдэд бурууг тохож, галлагааны систем буруу байсан гэх мэтийн тайлбар хэлж, өөрсдийгөө хаацайлсаар байна.
ӨДӨРТ 15-29 ХҮН ТОГТМОЛ УГААРТДАГ
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ахлах эмч Т.Алдартүшиг:
Өчигдрийн байдлаар 7 өрхийн есөн том хүн, 10 хүүхэд угаартсан. Өдөрт дунжаар таван өрх угаарын хийн дуудлага өгдөг. Ингэхээр өрхийн бүх хүн угаартана. 15-20 хүн тогтмол угаарын хийн хордлогод өртөж байгаа.
НЭМҮТ-ийн ХСШУА-ны дарга Б.Баттүвшин:
Одоогийн байдлаар 2290 хүн угаарын хийн хордлогоос, цочмог хордлогод өртсөн тоон мэдээлэл байгаа. 57 хүн угаартаж нас барсан байдаг. Энэ жилийн байдлаар 38 хүн нас барсан. Ард иргэд маань урьдчилан сэргийлэхгүй, өртсөнийхөө дараа “би яах вэ” гэж асуудаг.
Шахмал түлшийг дунд хугацааны бодлого гээд таван жилийн хугацаа зааж эхлүүлж байсан. Энэ хугацаа нь хэдийн өнгөрчхөөд байхад, тэд юу хийх вэ? Бид шахмал түлшний чанарт өөрчлөлт орсон эсэх талаар болон цаашид шахмал түлшээ шат ахиулсан ямар арга хэмжээ авах талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИЙН ДАРГА НАРЫН АМ ЗӨРӨВ
Тавантолгой түлш ХХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг:
Шахмал түлшийг хэрэглээд гамшгийн түвшинд байсан утааг хоёр дахин бууруулсан. Цаашдаа энэ дэгдэмхийг хоёр дахин бууруулж чадвал стандарт хэмжээндээ хүрнэ. Түлшээ солиод хагас коксоор үйлдвэрлэж байж энэ хэмжээнд хүрнэ.
Тавантолгой түлш ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат:
2023 онд ЭХЯ, Орчны бохирдол бууруулах хороо манай компани хамтраад хагас коксон түлшний туршилтын ажлыг хийсэн. Туршилтын үр дүн маш сайн гараад, хагас коксон түлш бол дараагийн сонголт юм аа гэдэг шийдэлд хүрсэн юм. Харамсалтай нь манайд хагас коксын үйлдвэр, хагас кокос нь байхгүй. Тиймээс энэ ажил орхигдсон.
Түлшний орц найрлагад өөрчлөлт орчихсон юм биш үү?
Тавантолгой түлш ХХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг:
2019 онд 160 мянга гаруй өрх байсан бол өнөөдөр 200мянган өрх болжээ. Яндангийн тоо буураагүй өссөн байгаа биз. Утаа гаргаж байгаа олон эх үүсвэр байгаа гэж хэлээд байгаа нь энэ шүү.
Тавантолгой түлш ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат:
2020 онд 220 мянган өрхөд шахмал түлш борлуулдаг байсан. Өнөөдрийн багасаад, 193 мянган өрхөд түлшээ борлуулж байна. 2019 онд онцгой дулаахан байсан уу? Ямар ч байсан 300 гаруй тонн нүүрс борлуулсан байдаг. Тэгэхээр хоёр дахин бага борлуулсан байгаа. Дээрээс нь хяналт шалгалт нэлээн өндөр байсан. 8000 айл ямар түлш түлж байгаа нь тодорхойгүй байна. 2019 онтой харьцуулахад ухралтууд байгаа.
Анагаах ухааны доктор, судлаач Б.Сувд:
Манай орны хүн амын дунд тэргүүлэх зэргийн өвчин бол амьсгалын тогтолцооны өвчин. Мөн зүрх судасны өвчин ордог. Энэ хоёр хоёулаа агаарын бохирдолтой хамааралтай. Жишээ нь гурван хүн зүрхний шигдээстэй боллоо гэхэд хоёр нь агаарын бохирдлоос үүдэлтэй. 1992 онд Түнхэл тосгоныг Улаанбаатар хоттой харьцуулсан судалгаанд, хотын хүүхдүүд тэр үед дөнгөж агаарын бохирдолд өртөж эхэлж байсан. Тэгэхэд агаарын бохирдол хүүхдийн ой тогтоолт, сурах чадварт нөлөөлдөг юм байна гэдгийг тогтоож байсан. Агаарын бохирдол хурц болон архаг нөлөөллөө үзүүлж байгаа. Хурц нөлөөлөл нь амь насаа алдаж байгаа тохиолдол байна. Хүн бүр бага багаар угаартаад явж байгаа. Архаг нөлөөлөл үзүүлж байна. Өвчин хэт залуужиж байна. Зүрх судасны өвчтэй хүн, уушгины архаг бөглөрөлтэй хүн, багтраатай хүмүүсийн нас залуужиж байна гэдэг нь хөдөлмөрлөх чадвар, цаашлаад эдийн засагт нөлөөлж байгаа талаар судалсан байдаг.
ИРГЭД: ХОТЫН УТАА АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНА
- Цээж хөндүүрлэдэг л болоод байна. Би өөрөө Дарханых. Дарханд түүхий нүүрс хэрэглэдэг болохоор, цөөн хүн амтай болоод ч тэр үү утаа гайгүй. Хотод бол арай л биш байдаг. Би бухимдлаа гээд яах вэ дээ. Миний шийдэх асуудал биш. Дарга нар л мэддэг байх даа. Талбай ороод жагслаа гэхэд, хэдэн төгрөг өгөөд тараачихдаг. Үүнтэй дасан зохицоод л амьдарч байна.
- Уушги муудсан байх аа. Багаасаа л ийм юм харж өслөө. Одоо ч дасаж байна дөө.
Зөвлөлдөж, хуралдаж, гадны туршлага судалж дуусдаггүй түнтгэр хэтэвчтэй эрх баригчид аа! Хотын дарга Х.Нямбаатар аа!
Бид үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлмээр байна. “ГУЙЖИЙНААА”