УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулсан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн хамтарсан ажлын хэсгийг өчигдөр байгуулж, Ерөнхийлөгчийн хориг тавьсан 2025 оны төсвийн хуулийг УИХ хэрхэн, ямар дэгээр хэлэлцэхийг тодорхой болголоо.
Ажлын хэсэг 2 удаа хуралдан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж, Монгол Улсын Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулан, өнөөдөр танилцууллаа.
Хуулийн төсөлд тусгагдсан гол зохицуулалт:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх хэсэгт заасан хуулийн төслийг хэлэлцэн батлахтай холбоотой харилцааг зохицуулна.
- Энэ хуулиар нарийвчлан зохицуулснаас бусад асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулна.
- Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Засгийн газрын боловсруулсан санал, тооцооллыг үндэслэн төслийг Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдаанд оруулна.
- Засгийн газар энэ хуулийн 2.1-д заасан санал, тооцооллыг Төсвийн байнгын хорооноос тогтоосон хугацаанд ирүүлнэ.
- Төсвийн байнгын хорооны хэлэлцэж, олонхын дэмжлэг авсан төслийг Улсын Их Хурал дараах гурван үе шаттайгаар хэлэлцэн батална.
- Хууль, тогтоолын төслийг хэлэлцэхдээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.14, 39.30-д заасан хугацааг баримтлахгүй буюу зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө бичгээр урьдчилан ирүүлсэн байх шаардлагыг баримтлахгүй.
- Энэ хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталснаар хүчингүй болно гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын маргаашийн нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.