Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал 2024.11.07 болж, 4.9 жилийг хэвээр үлдээсэн билээ. Процессын хувьд Н.Өнөрцэцэг нь өмгөөлөгч нараараа дамжуулан хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гэхдээ өнөөдрийг хүртэл гомдол гаргах эрх нь нээгдээгүй байна.
Тодруулан хэлбэл, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарт бичгээр өгөх ёстой сүүлийн хугацаа нь 2024.11.25 байсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр ийнхүү бичгээр албажиж ирснээс хойш 14 хоногийн хугацаанд өмгөөлөгч нар нь Дээд шүүхэд гомдол гаргах эрх нь үүсэх юм. Дээд шүүх өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэлэлцээд, хэлэлцэхээр зөвшөөрвөл шүүх хурлын тов гарна гэсэн үг.
Эргэн сануулбал, Анхан болон Давж заалдах шатны шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг:
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд нуусан”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон байна гэж үзсэн билээ.