Монгол Улсын Зэвсэгт хүчний 13-р ээлжийн Цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүн УИХ-ын тогоолоор батлагдсан “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал” баримт бичгийн зорилго буюу “Монгол Улс дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн” гэсэн үндсэн зорилгын нэгээхэн хэсгийг хангахад гар бие оролцон, Судан улсад үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ.
Энэхүү Энхийг сахиулах ажиллагаанд Дэлхийн 26 улсын 30 гаруй цэргийн багийн 17000 гаруй цэнхэр дуулгатан оролцсон байна. Одоогоор Монгол Улсын Зэвсэгт хүчний 890 гаруй цэнхэр дуулгатан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаагийн 11 хувь нь эмэгтэй цэргийн алба хаагч бөгөөд энэ үзүүлэлтээрээ НҮБ-д цэрэг хандивлагч 121 орноос 19 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
13-р ээлжийн цэргийн баг “UNMISS” ЭСА-ны Юнити секторын хариуцлагын бүсэд удирдлага, штаб, үндсэн болон дэмжлэгийн салбар гэсэн бүтэцтэйгээр Хубилай, Зэв, Сүбээдэй, Зэлмэ, Арвай, Хужирт зэрэг Зургаан өөр баазуудад зохион байгуулагдан томилогдож, Монгол Улсын төр засаг, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас даалгасан өндөр хариуцлагатай үүргийг мадаггүй биелүүлэхэд хүн бүр оюун ухаан, мэдлэг, дадлага, туршлага, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажилласныг Цэргийн багийн ахлагч Т.Уламбаяр онцоллоо.
ӨНДӨР ХАРИУЦЛАГАТАЙ ҮҮРГИЙГ МАДАГГҮЙ БИЕЛҮҮЛЭХЭД ХҮН БҮР ОЮУН УХААН, МЭДЛЭГ, ДАДЛАГА, ТУРШЛАГА, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРАА ДАЙЧЛАН АЖИЛЛАЛАА
“Бид өмнөө тавьсан зорилгоо бүрэн хангаж, НҮБ-ын мандатаар заагдсан өндөр хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлэх нөхцлийн бүрдүүлсэн БХЯ болон газар орон, орон зай, цаг хугацаанаас үл хамааран цэргийн мэргэжлийн удирдлагаар тасралтгүй ханган ажиллаж байсан ЗХЖШ, түүний бүтэцийн нэгж, мэргэжлийн газар, хэлтэсүүдэд нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс гүн талархал илэрхийлье ээ.
Эх орныхоо нэр, төрийнхөө алтан соёмбот далбаа, энхийн цэнхэр тугийг өндөрт өргөн мандуулж, монгол цэргийн шилдэг уламжлал, ёс зүйг эрхэмлэн дээдлэж, зохион байгуулалт, хатуу чанд сахилга бат, тэсвэр тэвчээр, зоримог дайчин чанараараа олон улсын цэнхэр дуулгатан дайчдыг үргэлж манлайлан хамтран үүрэг гүйцэтгэсэн нийт бие бүрэлдэхүүндээ болон үргэлж бидний найдвартай ар тал болж сэтгэл санаагаар дэмжиж тусалж ирсэн гэр бүлийнхэндээ, мөн шилдэг дайчдаа илгээн үүрэг гүйцэтгүүлсэн ТЦК-д УГ, ТЦБ, нэгтгэл, ангиудын удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.”
“UNMISS” ажиллагааны Хүчний командлагч дэслэгч генерал Моухан Субрамем батальоны баазуудын байрлал, мандатаар заагдсан үндсэн үүрэг гүйцэтгэлтийн байдалтай танилцан, ажлын айлчлал хийх явцдаа хэлсэн үгэндээ, “НҮБ-ын далбаан дор эвлэлдэн нэгдэж мандатаар хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны нийт бие бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе” хэмээгээд “Энх тайван, аюулгүй байдлыг тогтоох хариуцлагатай, хүнд албанд цэргийн мэргэжлийн шилдэг чадвараа дайчлан үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн та бүхнээр танай Монгол Улс, хайртай гэр бүлийнхэнд нь талархан, бахархаж буйгаа илэрхийлж байжээ.
ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ЗАХИАСЫГ САНАЖ, ЗАЛУУ ДҮҮ НАРТАА МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭН, ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ӨРГӨЖ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЭД ИРЛЭЭ
“Би цэргийн багийн бүрэлдэхүүндээ Хуяг тээвэрлэгчийн ротод үүрэг гүйцэтгээд ирлээ. тухайн нутаг оронд Африк тив учраас маш халуун уур амьсгалтай, дайн, тулааны нөхцөл байдлалд энгийн иргэдийг хамгаалах, туслах, НҮБ-ын мандаттай цувааг хамгаалах зэрэг үүргээ амжилтай гүйцэтгэлээ. Би 12 жилийн өмнө нь тухайн орон нутагт Цэргийн багийн 1-р ээлжинд үүрэг гүйцэтгэж байсан. Хамт үүрэг гүйцэтгэж буй залуустаа бие махбодь, сэтгэл санааны хувьд харилцан туслах, зөвлөх зэргээр дэмжлэг үзүүлж байсан.
Аав, ээж маань Зэвсэгт хүчинд насаараа ажиллаад өндөр насны амралтаа авсан. Харин би Батлан хамгаалах салбартаа 25 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Цэргийн гавьяаны одон”-г хүлээн авлаа. Тэнгэрээс аав минь хүүгээ хараад бахархаж байгаа гэж бодож байна. 13-р ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүндээ талархал илэрхийлж, амжилт хүсье.”
Олон жил үргэлжлэн буй цэрэг-улс төрийн зөрчилдөөн, иргэний дайн, омог хоорондын мөргөлдөөн, өлсгөлөн ядууралд нэрвэгдэн хүн төрлөхтөнд байж боломгүй хүчирхийллийн золиос болсон олон зуун мянган дүрвэгсэд, энгийн иргэдийн аврал эрсэн харцын дунд, цагийн байдлын хүнд нөхцөл, цаг агаар, уур амьсгалын нэн таатай бус орчинд Эх орныхоо нэр, төрийнхөө алтан соёмбот далбаа, энхийн цэнхэр тугийг өндөрт өргөн мандуулж, монгол цэргийн шилдэг уламжлал, ёс зүйг эрхэмлэн дээдлэж, зохион байгуулалт, хатуу чанд сахилга бат, тэсвэр тэвчээр, зоримог дайчин чанараараа олон улсын цэнхэр дуулгатан дайчдыг үргэлж манлайлан үүрэг гүйцэтгээд ирсэндээ цэргийн багийн бие бүрэлдэхүүн илэрхийлж байлаа.