Монголчууд бид бохир аквариумд хоригдсоор олон арван жилийг үдлээ. Эрх баригчдын амалсан хоосон төсөөлөлд итгэж найдаж, явсаар эрүүл хүн үгүй болтлоо доройтсон гэхэд хилсдэхгүй. Бид энэ удаа агаарын бохирдол бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөж буй судалгаануудын онцлох дүнгээс танилцуулъя.
Аз болоход бид амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Тэгвэл эрүүл мэндээ хэрхэн хамгаалж, дотоод орчноо цэвэр байлган, эрсдэлээс сэргийлэх талаар мэргэжилтнүүд юу зөвлөв.
СУДАЛГААНААС…
- Нийслэлийн хүн амын нас баралтын 9.2 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй судалгааг 2022 онд НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн албанаас гаргажээ. Тухайлбал, агаарын бохирдол нь хүн амын амьсгалын замын өвчлөлийн 20-30 хувьд, зүрх судасны эмгэгийн 20 хувь, нийслэлийн хүн амын нас баралтын 9.2 хувь, уушги, зүрх уушгины хавсарсан өвчний шалтгаант нас баралтад 28,8 хувь, уушгины хавдрын 39.9 хувьд нөлөөлж байгааг тогтоосон байна. Мөн агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, дархлалын тогтолцоо, хавдар үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болж буй юм.
- Мөн ЭМЯ-наас агаарын бохирдолтой холбоотой өвчлөл нас баралтын судалгаа хийхэд, агаарын бохирдлоос үүдэн 16 мянган хүн нас барсан талаар дурдсан байна. Нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл, хавдар, амьсгалын тогтолцооны эмгэгүүд байгаа юм.
Энэ талаар нийгмийн эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзул дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, “Агаарын бохирдол бага насны хүүхдүүдэд маш хортой нөлөө үзүүлнэ. Учир нь хүүхдийн уушгины хөгжил 6-7 насанд явагддаг учраас тэдэнд бидэнтэй ижил тооны цулцан, салаа байхгүй. Улмаар илүү их гэмтдэг. Мөн 60-аас дээш насныханд илүү сөрөг нөлөөтэй. Үүгээр зогсохгүй олон улсын судалгаануудыг харж байхад агаарын бохирдол тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. АШУҮИС-ийн магистрын хийсэн судалгаагаар агаарын бохирдолтой орчинд сурч буй болон бохирдол бага нөхцөлд сурч байгаа хүүхдүүдийн IQ болон сэтгэн бодох чадвар, сурлагын дүн ялгаатай байгааг харуулсан. Түүнчлэн эхийн хэвлийд хүүхэд бүрэлдсэнээс эхлээд жирэмсэн эхэд хүчил төрөгчийн хэрэгцээ 40 хувиар ихэсдэг. Үүний хэрээр амьсгалж байгаа агаарын эзлэхүүн ихсэж байна гэсэн үг. Ихэс рүү агаар дээр хөвж байгаа нарийн ширхэгтэй тоосонцор орно. Ингэснээр ихсэнд бохирдол ороод дөнгөж үүсэж хөгжиж байгаа эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
БОХИРДОЛ ИХТЭЙ ҮЕД ТӨРСӨН ХҮҮХЭД НЬ УУР УЦААРТАЙ БАЙДАГ
Хятадад хийсэн судалгаанаас дурдвал агаарын бохирдолтой, бохирдолгүй орчинд өссөн хүүхдүүдийн зан байдал эрс ялгаатай байгааг харуулсан байдаг. Бохирдол ихтэй үед төрсөн хүүхэд нь уур уцаартай байх нь нийтлэг. Бид хэвлийдээ хүн тээгээд явж байгаа л бол түүнийхээ эрүүл аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Агаарт гарах чухал. Эсвэл шүүлтүүртэй маск зүүж хэвших хэрэгтэй. Лос Анжелесийн их сургууль манай ЭХЭМҮТ нарын хамтарч хийсэн судалгаа байгаа. Үүнд ураг өөрөө зулбах тохиолдол өвлийн улиралд их гарч байгааг судалсан. Тэгэхээр эмэгтэйчүүд жирэмслэхээр төлөвлөхдөө бохирдол ихтэй үед эхний гурван сараа тааруулахгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 11 дүгээр сараас хоёрдугаар сар хүртэл жирэмсэхгүй байхыг анхааруулж байна” гэв.
АГААР ШҮҮГЧ ТАВИХ НЬ ДОТООД ОРЧНЫ БОХИРДЛЫГ 13-19 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРУУЛДАГ
Агаарын бохирдол аюулт хэмжээнд хүрсэн энэ үед бид хэрхэн эрүүл мэнддээ анхаарч, эрсдлээс сэргийлэх талаар НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн албаны эрдмийн шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ зөвлөж байна.
Тэрээр, “Хүн гадаад орчноос гадна дотоод орчинд амьдралынхаа 90 гаруй хувийг өнгөрүүлдэг. Бид унтаж байхдаа ч хүхэрлэг хий, тоосонцроор амьсгалж байдаг. Тиймээс гэр, ажил гээд дотоод орчноо маш сайн хамгаалах ёстой. Үүний тулд гэртээ болон ажлын байрандаа агаар шүүгч тавих нь дотоод орчны бохирдлыг 13-19 хувь хүртэл бууруулдаг гэсэн судалгаа бий. Гэрт амьдардаг бол гэрээ сайн дулаалах, үүдний амбаартай болох, рам, цонхоо сайн дулаалах, агаар сэлгэлт хийхийн тулд цонхондоо шүүгч, фильтер байрлуулах шаардлагатай. Мөн өдөр тутмын үйлдэлдээ анхаарах хэрэгтэй. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, гүн нойр авч, эрүүл, зөв хооллож, дархлаагаа дэмжих нь утаа, агаарын бохирдлоос сэргийлэх бас нэг арга юм” гэлээ.