УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр болж буй Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хуралдааныг нээлттэй явуулах тухай МЭДЭГДЭЛ гаргаад байна.
Уг мэдэгдэлд,
“Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгт холбогдох шүүх хуралдааныг хаалттай явуулах талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Баасанжавын Зориг мэдэгджээ. Энэхүү мэдэгдэл нь ардчилал, шударга ёс, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд харш, Олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ Монгол Улс умартсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй, шүүгчийн тангараг зөрчсөн хариуцлагагүй мэдэгдэл боллоо.
Монголын ард түмэн хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон ардчилсан Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан билээ.
Аливаа шүүх хуралдааныг нээлттэй, эсхүл хаалттай явуулахыг шүүгч биш гагцхүү хууль шийддэг. Харин шүүгч нь гагцхүү хуульд захирагдах үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2.1-д “Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэх, энэ хуульд тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлгийг нээлттэй явуулна.” гэж хоёрдмол утгагүйгээр заасан.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11-р зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” хэрэг болон өөр хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгажээ. Эрүүгийн хуулийн 2.1.1-д зааснаар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тус бүрдээ гэмт хэрэгт тооцогддог.
Гэтэл төрийн нууцад хамааралгүй хэргийг хаалттай явуулах хэрэгт нь хамааруулан, улмаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулахаар шийдвэрлэсэн нь төрийн нууцад хамаарах хэргийг л хаалттай явуулах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2.1 дэх заалтыг зөрчиж байгаа гэдгийг урьдчилан сануулж байна.
Хохирогч, гэрчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэхийг шүүх шийдвэрлэх бүрэн эрхтэй гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс сануулж байна.
Эх орондоо эрх зүйт төрийн зарчмыг хэлбэрэлтгүй сахиулах үйлсэд шүүх засаглалын гүйцэтгэх үүрэг нэн чухал бөгөөд аливаа хэрэгт үзэмж, улс төрийн нөлөөллөөс ангид хууль дээдлэн хандахыг Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ШААРДАЖ байна.” гэжээ.