- Бид энэ өвлийг тоггүй, дулаангүй өнгөрөөж, хот царцах уу?
- Цахилгаан, дулааны үнийг заавал нэмэх шаардлагатай юу?
- Тарифын нэмэгдэл ямар нэг өөрчлөлт авчрах уу?
- Эрчим хүчний салбарын шинэчлэлийг яаж хийх, хаанаас эхэлбэл, оновчтой вэ?
Эрчим хүчний салбарыг шинэчилж, цахилгаан дулааны тарифыг өсгөх асуудал өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татаж, бухимдлыг төрүүлээд намжлаа. 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжих байсан уг “шийдвэр” хойшлогдон, тарифын нэмэгдэл хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй болсон тухай Эрчим хүчний зохицуулах хорооноос хэлж байна. Тэгвэл “шийдвэр” яагаад, хойшлогдох болов? Өнөө маргаашгүй үнээ нэмэхгүй бол салбар дампуурлаа, хот хөлдлөө гээд хашгирч байсан салбарын асуудал иргэдийн бухимдалд дарагдав уу?
ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ТАРИФЫГ ХЭЗЭЭНЭЭС НЭМЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ ХОЙШИЛСОН
Энэ талаар бид Эрчим хүчний зохицуулах хороо, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Д.Энхтүвшинээс тодрууллаа.
Тэрээр, “Шадар сайдын ахалсан Эрчим хүчний үндэсний дэд хорооноос 11 дүгээр сарын 1-нд тарифын шинэчлэл хийнэ гэж зарлаж байсан. Эцсийн байдлаар шийдэгдээгүй учраас зарлахад арай эрт болчихоод байна. Иргэдийн бухимдлыг дагаж хэрэгжилт хойшилсон эсэхийг мэдэхгүй байна. Үүнийг Засгийн газар өөрөө мэдэж байгаа байх. Харин эрчим хүчний салбарын хувьд нөхцөл байдал хүнд байна. Энэ нь ил тод байгаа” гэв.
Бид үргэлжлүүлэн салбарын шинэчлэлийг хэрхэн хийх ёстой, эрчим хүчний өнөөгийн байдал ямар байгаа талаар судлаач Д.Пүрэвбаяртай ярилцсан юм.
-Жил бүрийн өвөл эрчим хүчний асуудал хөндөгддөг. Энэ жилийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ? Тоггүй, дулаангүй болох эрсдэл бий юу?
-Эрх баригчид жил бүр тог тасална, хязгаарлана гэж айлгадаг. Энэ жил харин чимээгүй байна. Гэхдээ ТЭЦ-3 гээд л яриад байгаа. Бид саяхан 150 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц, 100 МВт хүчин чадалтай хуримтлуураа ашиглалтад оруулсан. Тэгэхээр айх зүйл байхгүй.
Эрчим хүчний үндэсний дэд хорооны шинэ гишүүд нь станц дээр давхиж очоод зуух галлах гээд байгаа юм уу? Бүгд эрчим хүч мэддэг болчихсон байна шүү дээ. Юу яриад байна гээд сонсохоор, үнэ нэмэх тухай л ярьдаг. Бид либералчлал ч хийнэ, зохицуулалт ч хийнэ, шинэчлэл хийнэ гээд яриад байдаг. Хамгийн түрүүнд үүний угтвар нөхцөлийг авах ёстой.
ЮУ ШИНЭЧЛЭХЭЭ ОЙЛГОХГҮЙ, РЕФОРМ ЯРЬДАГ ГИШҮҮН ОЛОН БАЙНА
-Угтвар нөхцөл гэдэг нь юу билээ?
-Нэгдүгээрт бид дамжуулах чадвараа сайжруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн үүсгэх анхан шатны логистикийн сувгийг бүрдүүлэх нь чухал. Хоёрдугаарт, зах зээлийн загварыг жам ёс руу нь дөхүүлэх ёстой. Дэлхийн бусад орнууд ямар байгааг хар, гэтэл манайх мутацид орчихсон байгаа юм. Салбарын том зөвлөхүүд, “манайх натурал монополь шинжтэй байна” гээд ярьдаг. Эрчим хүчний зохицуулах хороо нь, “бид нэг худалдан авагчийн загвар луу орчихлоо” гээд яриад байдаг. Эрчим хүчний салбар бүлэглэлд хуваагдчихсан. Сэргээгдэх эрчим хүчний салбарын нэг бүлэглэл, түгээх компаниудын нэг бүлэглэл. Тэд нийлж ард түмний нуруу руу цохьдог. Үүнтэй тэмцэх талаар хэн ч ярихгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлүүд чинь сэргээгдэх эрчим хүчний бүлэглэл болчихоод байгаа юм. Одоогоор 21 түгээх компани байгаа. Бүгд хувийн хэвшил шүү дээ. Тэд орлогоо л нэмж авах гээд улайрч байна. Нэг их том хүрээнд яриад байгаа мөртлөө хэн ч дотогшоо нь орж харахгүй байгаа юм. Яс юман дээрээ ТЭЦ-4 цахилгаанаа 40, 50 төгрөгөөр л гаргаж байгаа. Тэр нөхдүүд 400, 500 төгрөгөөр гаргаж байна. Хувь хүнд бол 150 төгрөгөөр өгдөг. Үүн рүү Эрчим хүчний зохицуулах хороо, АН, ХҮН нам нь ч нэвтэрч ярихгүй байна.
Манай улсад “нэг худалдан авагчийн загвар” зохицох уу?
Цахилгаан бол одоо бараа таваар болж байгаа. Реформ, либералчлал, үнэ нэмэх, хасах, хувьд шилжүүлэх, гаднын хөрөнгө оруулалт татах гээд янз бүрийн үгээр хэлж, шинэчлэлийн тухай хөндөх болсон. Энэ өөрчлөлт нь нэг том зүйлийн доор байх ёстой. Тэр нь юу гэхээр, зах зээлийн загвар. Үүнийг хийхийн тулд модель боловсруулах ёстой. Нэг худалдан авагчийн загвар гэж байгаа юм. Тэр “нөхөр” саяын хэлж буй өрсөлдөгч, үйлдвэрлэгч нараас гэрээний үнээр худалдаж аваад, жижиг компаниудад зарах ёстой. Энэ загвар нь угтаа манайд байгаа. Үүнийг бүрэн утгаар нь ашиглахгүй монополь болгоод, хольж хутгаад хаячихсан. Одоо бид логистикийн системээ хийгээд, хууль эрх зүйн хувьд зохицуулаад өгөх ёстой.
Харин цахилгаан дулааны тарифын өсөлт иргэдэд яаж нөлөөлөх, тэд ямар байр суурьтай хүлээн авч байгаа талаар бид иргэдээс тодрууллаа.
- Миний хувьд цахилгааны төлбөртөө 40-50 мянган төгрөг төлдөг. Нэмэгдвэл 66-67 мянган төгрөг болох юм билээ. Энэ шинэчлэлээ үнэ нэмэх төдийгөөр хязгаарлахгүй, бүтээн байгуулалт, бүтцийн хүрээнд өөрчлөөсэй гэж хүсэж байна. 1.7 сая хүнд дахиад хоёр станц барьчихвал асуудал үүсэхгүй гэж бодох юм. Гэхдээ үнээ нэмэхдээ учир зүйтэй нэмэх хэрэгтэй.
- Одоо би 700 мянган төгрөг цахилгаандаа төлдөг болох нь. Хүнд тусаж байгаа.
- Өмнөх хэрэглээнийхээ зардлыг яах вэ гэж байгаа хүмүүст тарифын өсөлт хүнд тусна. Одоогоор манай цахилгааны зардал 60 мянган төгрөг. Үүнийг нэмэх юм бол 100 мянга гаруй төгрөг болохоор байна.