Сонгууль ч дууслаа. Үүнийг дагаад хэсэг хугацаанд гол дүр бүтээж байсан иргэд бидний үе ч өндөрлөлөө. Хий хоосон амлалтууд, төсөөлөлтэйгөө агаарт замхарч, бид сая нэг төрхөмдөө буцах нь тэр. Өвөл ирж буйг эрхгүй сануулсан танил үнэр бидний хамрыг мялааж, түжрэлд өнгөрөөдөг 4-5 цаг нэг минутаар ч хасагдсангүй. Уур, бухимдал, стресс, хэрүүл маргаан гээд яг л утаа шигээ хар энергиэр бүчүүлсэн хотод бид дахиад хэдэн жилийг элээх бол? Одоогийн нөхцөл байдал дамраараа эргэсэн хэвээр буй ч, 2028 онд байдал яаж эргэх бол?
Арван жилийн өмнө Э.Бат-Үүл даргын мөрөөдөж суусан метро төсөл залгамж халаагаа үргэлжлүүлж, С.Амарсайханы агаарын дүүжин тээврээр өндөрлөсөн нь саяхан. Мөн LRT тээврийг Сумъяабазар дарга хийх гээд сошиалд “нүдүүлээд” дууссан. Гэтэл дахин сонгуулийн далимаар хэзээ ч биелэлээ олоогүй метро төсөл дахин сэрж, иргэдэд маруужин долоолгоод амжлаа. Эхлүүлээд гацаадаг жишгийн дагуу зөвлөх үйлчилгээний компаниа сонгож, итгэл үнэмшил нэмэх гэсэндээ сурталчилгааны ид үед метро төслийг гүйцэтгэх компанийн тендерээ зарлах нь тэр. Гэсэн ч эл төсөл 2028 онд биелэлээ олохгүй гэдгийг судлаачид онцолсоор буй.
ЕР НЬ МЕТРОТОЙ БОЛЖ ЧАДАХ ЮМ УУ?
Ямартай ч 2011 оны туулай жилд ярьж эхэлсэн метроны төсөл 2024 оны туулай жилдээ багтаж гүйцэтгэгч тодрох бололтой. Тендерийн баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг томилсон бөгөөд ирэх хоёр сарын хугацаанд гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээний компаниуд тодорхой болох хүлээлттэй байгаа аж. Мөн төслийг амжилттай болгох үүднээс гадаад, дотоодын мэргэжилтнүүдтэй санал солилцож, тодорхой судалгаа, тооцоолол хийсэн. Нийслэл дээр дэлхийн бусад улсын метро барисан туршлагыг судалсаар байгаа гэсэн юм.
Хамгийн гол нь, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа 2013 онд “JICA” байгууллагын хийсэн Амгалан-Толгойт чиглэлд 18.3 км метроны шугам байгуулах урьдчилсан ТЭЗҮ-г тулгуурлан “EPC” буюу түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулах нь оновчтой гэж харж байгаа аж.
Учир нь, урьдчилсан ТЭЗҮ-ийн дагуу Японы тал 1.7 тэрбум ам.доллараар метроны төслийг барих боломжтой гэдгээ илэрхийлсэн. Гэвч энэ нь гурван хувилбараас хамгийн өртөг өндөртэй хувилбар. Хоёрт, нийслэл өөрөө санхүүжилтээ босгож, туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэргээр менежментээ хариуцаад явсан тохиолдолд нийт 1.5 тэрбум ам.доллар болох ч монголчуудад метро барисан туршлага байхгүй. Тиймээс урьдчилсан ТЭЗҮ-д тусгасны дагуу нийслэл олон улсын нээлттэй тендерээр гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж, зөвхөн төслийг санхүүжүүлэх хувилбар нь 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй байх бөгөөд энэ хамгийн ашигтай хувилбар гэж үзжээ. Ингэхдээ зөвлөх үйлчилгээний зардлыг төслийн нийт 1.3 тэрбум ам.долларын өртөгт шингээхээр тооцжээ.
Хэрэв түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээлсэн тохиолдолд гүйцэтгэгч компани өөрийн зураг төслийн дагуу метроны бүтээн байгуулалтын бүх үе шатыг хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд төслийн явцад ТЭЗҮ-д өөрчлөлт орж, зардал нэмэгдэх зэрэг эрсдэл гарах магадлал бага буюу эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай байх боломжтой. Японуудын хийсэн урьдчилсан ТЭЗҮ-ээр метро Офицеруудын ордноос 10-р хороолол хүртэлх 6.6 км-д газар доогуур явна. Амгалан-Офицеруудын ордон болон 10-р хороолол-Толгойт хүртэл тулгууран багана бүхий замаар ил явах юм. Цаасан дээр бий болсон их бүтээн байгуулалт дахин хийсэх вий гэх хардлага, айдас олон дунд байсаар байна.
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАН-ЫН АМЛАЛТ
Хотыг ирэх дөрвөн жил засаглах МАН-аас гаргасан мөрийн хөтөлбөрийн онцлог хэсгүүдийг хүргэе.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд “Ард түмний ялалт” уриалга гарган өрсөлдсөн МАН энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгуульд “ХОТЫН СЭРГЭЛТ” уриалгыг гаргаж, мөрийн хөтөлбөрөө “Хөгжлийн тэсрэлт” гэж нэрлэжээ. Тэдний ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн ажлуудын онцлох хэсгээс танилцуулъя.
“20 минутын хот” реформыг хэрэгжүүлж, “Бүрэн гудамж” стандартыг нэвтрүүлнэ
-Түгжрэлийг бууруулах чиглэлд:
- ”20 минутын хот” реформ. /Нийслэл Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй 2 хот, орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, дагуул хотуудад хуваан, бие даан хөгжүүлэх замаар иргэн бүр нийгэм, төрийн үйлчилгээг 20 минут алхах зайд авах цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарттай болгох/
- ”Улаанбаатар Метро” төслийн барилгын ажлыг эхлүүлнэ. /Төвийн дүүргүүдийн түгжрэл багасна. Хөдөлгөөний эрчим 16 хувиар өсөж, хурд 25% нэмэгдэх зэрэг/
- Тусгай замын автобус болох BRT төслийг хэрэгжүүлнэ. /Төсөл хэрэгжсэнээр тус чиглэлийн нийтийн тээврийн өдрийн зорчигч урсгал 25,000- 35,000 хүн болж нэмэгдэх бөгөөд автобусны дундаж хурд 20-25 км/ц болж нэмэгдэнэ/
- Тойрог хурдны зам барина. /нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан, дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 88 км үргэлжлэх төсөл/
- Хотын төвд 55 км дугуйн замын маршрутыг явган болон ногоон байгууламжийн төлөвлөлтийг хийж, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
- Иргэд хувийн хэвшлийн оролцоотой автомашингүй гудамжийг бий болгож, автомашингүй өдрийн тоог нэмнэ.
Налайх, Багануурыг улсын зэрэглэлтэй хот болгоно
-Дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлд:
- Налайх, Багануурыг улсын зэрэглэлтэй хот, Багахангайг Улаанбаатар хотын дагуул хот болгон хөгжүүлнэ.
- Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд “Шинэ Зуунмод” хот байгуулна.
- Хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ ургуулах хүлэмжийн аж ахуйг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлэх замаар иргэдийг жилийн 4 улирлын туршид эрүүл, аюулгүй хүнсээр хангах боломжийг бүрдүүлэх “Агро-Сити” дагуул хотыг байгуулна.
- “Шарга морьт” дагуул хотод амралт, хот орчмын аялал жуулчлалын бүсийг бий болгоно.
Барилга байгууламжийн орц гарцыг саадгүй болгож, сургууль, цэцэрлэгийн орчинг бүрэн камержуулна
-Иргэдийн амьдрах, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлд:
- Хүүхдийн тоглоомын талбай, гудамж, явган хүний зам, нүхэн гарц, бичил цэцэрлэгт хүрээлэн дэх гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлнэ.
- Цэцэрлэг, сургуулийн орчинг бүрэн камержуулж, агаар сэлгэгч болон цэвэршүүлэгчийн систем нэвтрүүлж, хүүхдийн аюулгүй, таатай суралцах орчныг бүрдүүлнэ.
- Гэмт хэргийн эрсдэл өндөр байршлуудад иргэдийн саналаар ухаалаг камер, автомат дугаар уншигч, эргүүлийн дрон зэрэг дэвшилтэт технологийг ашиглана.
- Барилга, байгууламжийн орц гарцыг чөлөөтэй саадгүй болгож, өндөр хашаа, хаалтыг буулгаж, нам дор бут сөөг тарьж, хашаажуулах бодлого хэрэгжүүлснээр иргэдийн амьдрах орчинг сайжруулна.
- Хотын бохирдол, гамшиг осол, аюулгүй байдлын мэдээллийг цаг алдалгүй мэдээлэх “IoT” камер, мэдрэгч төхөөрөмжүүдийг суурилуулна.
- Газрын тосны бүтээгдэхүүн, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлын хяналтыг сайжруулна.
50 МВт-ын батарей хураагуурын станц барьж оргил цагийн ачааллыг бууруулна
-Эрчим хүчний чиглэлд:
- Дулааны II, III цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ.
- Багануурын 400 МВт-ын цахилгаан станцыг барина
- Эмээлт эко аж үйлдвэрийн паркт 25 МВт-ын дулааны цахилгаан станцыг барьж байгуулна.
- Бие даасан, тархмал дулааны эх үүсвэрээр дулаан хангамжийн суурилагдсан хүчин чадлыг 595 МВт-аар нэмэгдүүлнэ.
- 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хураагуурын станцыг барьж оргил цагийн ачааллыг бууруулна.
Ипотекийн зээлийн 50-иас багагүй хувийг Улаанбаатарт амьдарч байгаа иргэдэд олгоно
-Орон сууцжуулалтын чиглэлд:
- Ипотекийн зээлийн 50-иас багагүй хувийг Улаанбаатар хотын дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно.
- “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
- “Миний ажилтан орон сууцтай” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид болон ажилтандаа орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлсэн хувийн хэвшлийн ААН-үүдэд хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
- Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барина.