Газар чөлөөлөлтийн улмаас гацаад байсан Чингэлтэй дүүргийн жишиг эмнэлгийн барилгын ажил удахгүй эхэлнэ.
Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, хотын даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул нар Чингэлтэй дүүргийн 10-р хороонд очиж ажиллалаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дүүргүүдэд жишиг эмнэлэг барих төсөл эхлүүлсэн. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хороонд жишиг эмнэлэг барих төлөвлөгөө гарсан ч газар чөлөөлөлтийн ажил удааширсны улмаас төсөл царцаад байжээ. Тэгвэл Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд жишиг эмнэлэг барих газрыг хуулийн дагуу чөлөөлж дууссан байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Сэлбэ дэд төв төслөө эхлүүлэхтэй зэрэгцээд чухал гэсэн төслүүдэд давхар анхаарал хандуулж эхэлсэн. Үүний нэг нь Чингэлтэй дүүрэгт баригдах жишиг эмнэлэг юм. Чингэлтэй дүүргийн 10-р хороонд эмнэлэг барих гурван га газар олгохоор төлөвлөсөн ч иргэдтэй нь тохиролцож чадахгүй байсаар өдийг хүрсэн юм билээ. Харин энэ удаа нийслэлийн зүгээс оршин суугчидтай сайтар ярилцаж, газрыг нь яг зах зээлийн үнээр худалдаж авах тохироо хийснээр асуудал шийдэгдсэн” гэв.
Чингэлтэй дүүрэгт баригдах 240 ортой жишиг эмнэлэг ашиглалтад орсноор тус дүүргийн 7-24 дүгээр хорооны иргэд хотын төв орохгүй 3-р шатлалын эрүүл мэндийн үйлчилгээг дэргэдээсээ авах боломжтой болох юм. Үүнд төрөлт, мэс засал, дүрс оношилгоо зэрэг долоогоос дээш төрлийн үйлчилгээ багтаж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сонгинохайран дүүрэгт олон улсын стандартад нийцсэн жишиг эмнэлэг баригдсан бол одоо Хан-Уул дүүрэгт мөн жишиг эмнэлгийн барилгын ажил нь эхлээд байна. Дараагийн ээлжид Чингэлтэй дүүргийн газрын асуудал шийдэгдсэн учраас барилгын ажил удахгүй эхэлнэ гэж салбарын сайд Т.Мөнхсайхан онцоллоо
Сэлбэ дэд төв төслийн хүрээнд баригдах эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний төвийг дагасан эмч, эмнэлгийн салбарын ажилчдын орон сууц барихаар төлөвлөж байгаагаа хотын даргын орлогч Н.Мандуул энэ үеэр хэллээ.
Цаашид хотод тулгамдаж буй эрүүл мэндийн салбарын асуудалд салбарын яамтай тогтмол хамтран ажиллахаар төлөвлөжээ.