Хөрөг нэвтрүүлгийн ээлжит дугаарт Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч НИТХ-д МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч А.Амартүвшин оролцлоо. Тэрээр одоо 39 настай. Гурван хүүхдийн аав. Дипломат мэргэжил эзэмшжээ. 2007 онд Монашийн их сургуулийг улс төр, олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. 2011 онд Деакины их сургуулийг гадаад харилцаа, эрх зүйчийн чиглэлээр төгссөн байна. Түүний хувьд гадаадад амьдрах сонирхол байсан ч дипломоо тайзан дээрээс гардах торгон мөчид эх орондоо ирж, сурсан мэдсэнээ монголынхоо хөгжилд зориулах шийдвэр гаргажээ.
АВСТРАЛИ НАДААР ДУТАХГҮЙ, ЭХ ОРОН МИНЬ НАДААР ДУТНА
Тэрээр энэ талаараа ярихдаа, “ Миний хувьд Австралид үлдье гэсэн сонирхол байсан. Тэнд би хичээлдээ яваад, хажуугаар нь ажлаа хийгээд, олсон мөнгөөрөө өөрийнхөө хувийн зардлаа хангаад, илүү мөнгө гарч байгааюм. Тэр мөнгөөрөө машин авч унаад, маш гоё төвхнөчихсөн байсан. Гэхдээ би яг сургуулиа төгсөөд, дипломоо авах мөчид шийдвэрээ гаргасан. Дипломоо авах хүртлээ, би яг үлдэх үү, явах уу гэх эргэлзээтэй байсан юм. Яг гардаж аваад л, би монгол руугаа явах хэрэгтэй юм байна. Монголынхоо хөгжил дэвшилд, хөрөнгө оруулж, хүчээ зориулах шаардлагатай юм байна гэж бодсон. Яагаад гэхээр, миний хувьд тэр хөгжилтэй оронд амьдраад байж болох ч хүн болсны утга учир гэж үгүй болно. Би монгол хүн. Өөрийнхөө хувь нэмрийг би тухайн улсад оруулж чадахгүй шүү дээ. Надаар Австрали дутахгүй л болов уу. Харин сурсан мэдлэгээрээ монголдоо ажиллаад явбал ядаж нэг хорооны, нэг хэсгийн, нэг дүүрэгт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж чадах юм болов уу гэж бодоод явъя гэж шийдсэн хэрэг. Австрали хэчнээн гоё ч гэсэн эх орондоо жаахан ч гэсэн хувь нэмэр оруулъя гээд ирсэн гэсэн үг. Эх орныхоо төлөө хувь нэмэр оруулна гэхээр бид нэг их том зүйл боддог. Бодлогын түвшинд яриад л. Эх оронч сэтгэлгээ гэдэг зүгээр л хувь хүн нь өөрөө зөв байх явдал шүү дээ. Дараагаар нь өөрийнхөө үр хүүхдийг зөв хүмүүжүүлэх ёстой.
Яг миний бодлоор бол… Өөрөө ч гэсэн шүүмжилж байгаа хэрэг болж байгаа байх. Гэхдээ манай монгол шүүмжлэгчээр дутаагүй. Бид бүтээлч хүмүүсээр дутаж байгаа. Инженер хүмүүсээр дутаж байгаа гэж би боддог.
ИРГЭДИЙН ХҮСЭЭГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТЭДЭНД ЗОРИУЛЖ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
Би ХУД-ийн 1,2 дугаар хороо буюу 19 дүгээр хороололд төрж, өссөн. Эндээ өвөө эмээтэйгээ, гурван үеэрээ амьдарч байгаа. Яг дошин дээрээ л байж байна. Манай ХУД-т гурван бүсчилсэн хөгжлийн ажил хийх шаардлагатай. Төвийн хэсгийн бүсэд бол бүтээн байгуулалт гэхээсээ илүү тохижилтын ажил шаардлагатай. Яармаг бүс буюу шинэ суурьшлын бүс дээр зам, ногоон байгууламж, сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт хийх шаардлагатай. Буянт-Ухаа, Шувуу, Био, Нисэх орчимд яг бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Төлөвлөж хийсэн ажлууд маань яг амьдрал дээр, хөрсөн дээр буугаад ирэхээр, өөрийн эрхгүй баяр, хөөр төрдөг. Ажил хийхдээ хамгийн гол нь сайн судлах ёстой. Энэ бол миний ажилдаа баримталдаг зарчим. Яагаад гэвэл бид иргэдийн, оршин суугчдын хүсээгүй бүтээн байгуулалтыг тэдэнд зориулж хийгээд байх шаардлагагүй.
СПОРТЫН КЛУБЭЭР ДАМЖУУЛЖ ОЛОН ЗУУН ХҮҮХДИЙГ МУУ ЗУРШЛААС НЬ САЛГАСАН
Би өөрөө сагс тоглох маш их дуртай. 2014 оноос хойш Хан-Уул клуб гэж байгуулсан. Яармаг, Нисэх гээд алсын бүсийн хүүхдүүдийг энэ клубт хамруулъя гэсэн зорилготой эхлүүлсэн ажил. Клубээр дамжуулж хүүхдүүдэд бие бялдрын боловсрол олгоё. Хүүхдүүдээ эрүүл байлгая гэдгийг гол чиглэлээ болгоод секц дугуйлан ажиллуулж эхэлсэн юм. 2014 онд сургууль цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцаад явж байхад, сургуулийн өсвөр насны хүүхдүүд газ, цавуу үнэрлэх, муу зуршлуудтай байсан. Спортоор хичээллээд эхлэхээр тэр зүйлсээ сонирхохоо больчихож байгаа юм. Та бүхэн одоо харах юм бол сургууль дээр газ үнэрлэлээ, цавуу үнэрлэлээ гэх асуудал байхгүй болсон. Одоо бидний хамгийн том толгойны өвчин бол цахилгаан тамхи. Үүнийг эрх зүйн орчноор шийдэх ёстой.
40 НАС ХҮРЭЭД БИ БИШ БИД ГЭДЭГ БОЛЧИХСОН
Би хувийн амьдралдаа хоёр том шилжилт хийсэн. Нэг нь би их сургуульдаа явсан. Аав ээж, найз нөхдөө орхиод, харийн газар боловсрол эзэмшихээр явсан. Тэр бол миний хувьд том шилжилт байсан. Цаашаа ажлаа хийгээд одоо 40 нас руу дөхөж байгаа шүү дээ. Энэ насан дээр ойлгож байгаа зүйл нь би өөрийнхөө төлөө амьдрахаа больсон юм байна. Би Амартүвшин гэдэг хүний төлөө биш, үр хүүхдийнхээ төлөө, амьдралд би ханьтай хүн. Хамтдаа амьдралыг туулж байгаа юм байна. Хамт ачаагаа үүрэлцэж байгаа юм байна. Ингээд л цаашаа хөгжөөд хөгжөөд явчхаж байгаа юм. Би хүүхдүүддээ ямар нийгэм, Улаанбаатарыг үлдээх ёстой вэ гэж хардаг юм байна. 40 дөхөөд ирэхээр цаашаа 10-хан жилийн дараа 50 байгаа шүү дээ. Одоо яг хийж бүтээх нас бол 50-55 насны хооронд л байгаа шүү дээ. Тэгэхээр 10-15 жилийн хугацаанд томоохон тэсрэлттэй бүтээн байгуулалтад потенциалаа, хүч чадлаа сорьж ажиллах ёстой гээд би гэдэг төвөөсөө салаад бид гэдэг төв рүү шилжиж орсон” гэлээ.