Хөрөг нэвтрүүлгийн ээлжит дугаарт Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 16-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, MME компанийн гүйцэтгэх захирал Б.Амар оролцлоо. Механик инженер мэргэжилтэй тэр аливаа асуудалд хий хоосон санаа зовох бус шийдэлд суурилсан сэтгэлгээгээр хандах нь чухал талаар онцолсон юм. Алхаад л асуудал тулгамддаг нийслэл хотын хүнд байдлыг тэрээр монголд ирснээсээ хойш найман жил тэвчиж, хойш суусан боловч энэ удаа өөрийн оролцоогоор асуудлыг шийдэхэд хамцуй шамлахаар шийджээ.
Тэрээр ярихдаа, “Бурхан инженерийг бүтээгээд, инженер бусдыг нь бүтээнэ гэдэг. Яг инженерийн ухаанаар аливаа асуудалд хандах юм бол шийдэлд суурилж чаддаг. “Одоо яана аа” гэж хий санаа зовохгүйгээр, логик сэтгэлгээтэй, нэг бол болно, эсвэл болохгүй гээд, үр дүн рүү л илүү чиглэх хэрэгтэй.
ГАДААДАД СУРАХ НЬ МОНГОЛД СУРАХААС НЭГ ИХ ЯЛГААГҮЙ
Намайг Баясгалангийн Амар гэдэг. Одоо 33 настай. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Америкт механик инженер мэргэжлээр сурч төгсөөд, монголдоо ирж, эрчим хүчний салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Эрчим хүч, дэд бүтцийн салбарт шугам сүлжээний чиглэлээр илүү мэргэшсэн. Дунд сургуулиа Сингапурт төгссөн. Тэндээ нисэхийн инженерээр сурч, Америк руу явсан юм. Гадаадад сурах нь монголд сурахаас ялгаа нэг их байхгүй. Физикийн онол монголд, америкт гээд өөрөөр үйлчлэхгүй шүү дээ. Адилхан л зааж, сурч байгаа. Харин гадагшаа явахын хамгийн гол давуу тал бол бие дааж сурдаг. Зөөлөн ур чадваруудыг амьдралын шаардлагаар сураад явдаг. Би аль болох өөрийгөө сорих дуртай. Багаасаа л боддог байсан. Жишээ нь шалгалт өгөхдөө хуулаад А авч болох ч, хуулахгүйгээр С авсан нь дээр гэж боддог байсан. Айлын том хүүхэд учраас монгол руу эргэж ирэх зорилготой байсан. Сингапурт сургуулиа төгсөөд Америк явчихаад монгол руу шууд ирсэн. Манай эхнэр ч гэсэн яг төгсдөг жил жирэмсэн болоод, хүүхдээ монголд гаргахыг хүссэн. Яах вэ хүмүүс Америкт төрөөд, тэндэхийн иргэн болоод үлдэхгүй юу гээд ярьж байсан. Бид хоёр хоёулаа айлын том. Гэр бүл, эмээ өвөөтэйгөө хоёулаа ойрхон байсан учраас монголдоо ирж амьдрах шийдвэрээ гаргасан юм. Төгсөөд л ирж байсан. Монголдоо ажиллаад явж байгаа.
Би гадаадад олон жил болохдоо аль болох зун бүр ирдэг байсан. Гол зорилго бол эмээ өвөөтэйгөө л уулзах. Эмээ өвөө дээрээ ирэхдээ хааяа нэг усыг нь авч өгнө. Хааяа ингэж ач хүүгийн ажлаа хийдэг. 20, 30 жилийн өмнө байсан гудамжны нөхцөл байдал хэвээрээ л байна. Жилдээ нэг хайрга дэвсэнэ. Одоо бол битүү шалбаагтай болчихсон. Үүгээр манай дүү нар явж л байна. Насанд хүрсэн хүн бол үүгээр яваад болоод л байна. Гэхдээ үүгээр байгаа жижиг сажиг хайрга чулуу бол үнэхээр хэцүү. Заримдаа усаа унагаачих гээд л. Энэ асуудлыг цэгцлэх ёстой л гэж боддог.
МАНАЙД ХЭЛБЭР ТАЛЫН АЖЛУУД САЙН ЯВААД БАЙГАА ЮМ ШИГ…
Ирэх болгонд шинэ байшин, шинэ барилга нэмэгддэг. Ялангуяа хотын төвөөрөө гоё хөгжөөд байдаг. Би СБД, циркийн хавьцаа төрж өссөн. Барилгууд нэмэгдээд байдаг боловч, яг Сингапур, Америкт харсан гудамжны гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой ч юм уу нарийн, дэд бүтцийн асуудлууд орхигдоод, хэлбэр талын ажлууд сайн яваад байгаа юм шиг санагдаж байсан. Амьдрал яаж ч эргэж, унаж болно. Гэхдээ цаг ямагт аз жаргалтай байхыг хичээдэг. Мэдээж өнөөдөр болж бүтэхгүй зүйл олон бий. Наад зах нь гараад л түгжрэхэд нэг нөхөр урдуур орчихно. Үнэхээр хараал хэлмээр санагдана. Гэхдээ тэгж нервитээд яах вэ. Аз жаргалтай байя гээд эхнэр, ээжтэйгээ ярьдаг ч юм уу. Стрессээ тайлаад тэгж явахгүй бол ер нь л хэцүү юм билээ. Энэ хандлагаа хэрэгжүүлээд 5-6 жил болж байгаа. Монголд ирээд найман жил инженерийн салбартаа ажиллахад, үнэхээр гоё, кайфтай байдаг. Жишээ нь шинэ нисэх дээр гадна шугам сүлжээний ажлыг хийхэд би төслийн кординатаар ажилласан. Хийсэн ажил маань нүдэнд харагдахгүй. Газар доор байгаа. Гэхдээ тэнд байгааг нь би мэдэж байгаа. Асуудалгүй ажиллаж байгааг нь харах гоё байдаг. Гэхдээ ажил тэнд байна. Гэр энд байна. Энэ хоёр газартаа бол гоё байна. Гэвч ажлаас гэр, гэрээс ажил хоёрын хооронд бухимдал маш их байдаг. Яг үнэндээ би өөрөө найман жил харж хойшоо суусан. Өөрсдөө оролцох ёстой юм байна.
Шийдэл гэхээр Токио, Манхеттены супер шийдлүүдийг яриад байгаа юм. Эндээ хөнжлийнхөө хирээр хөлөө жийгээд, хямд акталсан дулааны турба энэ тэрийг нь авчраад үерийн ус зайлуулах шугамаа эхний ээлжид хийчих ёстой юм. Залуу хүний хувьд ч тэр, мэргэжлийн хүний хувьд ч тэр илүү дэд бүтцийн асуудал руу хандаж, хөндөж ажиллая гэж бодож байгаа” гэлээ.