Хөгшин залуу гэлтгүй хүн бүр яагаад жилдээ нэг удаа бүтэн биеийн шинжилгээнд орох шаардлагатай тухай Саранг Плас эмнэлгийн Олон улсын эмчилгээний хэлтсийн менежер О.Номинтой ярилцлаа
-Солонгост ялангуяа Солонгосын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд Монголчууд болон Солонгосчуудын хооронд эрүүл мэндийн хувьд ямар ялгаа ажиглагдаж байна вэ?
– Солонгосчууд бол урт насалдаг хүмүүс л дээ. Зуу наслах арван зарчим гэж байдаг бөгөөд түүнийгээ маш сайн мөрддөг. Жил бүр бүтэн биеийн шинжилгээ өгдөг гэх мэтээр эрүүл мэндээ урьдчилан анхаардаг гэх үү дээ. Монголчууд бол өвдсөн хойноо л үзүүлдэг. Өвдөлт, зовуурь илэрсэн хойно үзүүлэхээр урт хугацаанд эмчлэгдэнэ эсвэл эмчлэгдэхгүй гэсэн хариу сонсож байна. Энэ тохиолдолд эдийн засгийн дарамтад орж өөр олон эрсдэлтэй нүүр тулгарч байгаа юм.
– Жилдээ нэг удаа бүтэн биеийн шинжилгээ өгөхийн сайн талууд нь юу вэ?
– Мэдээж маш олон давуу тал бий. Эрүүл мэнд, сэтгэл зүй, эдийн засаг гэх мэт олон зүйлд эерэг нөлөөтэй. Товчоор тайлбарлавал “Аливаа өвчлөлийг эрт оношлоод 10 жилийн өмнө эдгээчих юм бол бид нар цаашдын 10 жилд тухайн өвчлөлөөр өвдөх эрсдэлээс хамгаалагдана. Нийтдээ 20 жилийн амьдралын чанараа сайжруулж байна”гэсэн үг юм.
Судалгаагаар ходоодны гарах хэсгийн хорт хавдрын нийт тохиолдлын 75 хувь нь хеликобактерийн шалтгаантай байдаг нь тогтоогдсон.
– Солонгос улс одоогоос 20 гаран жилийн өмнө манай улс шиг ходоодны хорт хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлж байсан гэдэг. Харин одоо нас баралтаараа нэлээн олон байр ухарсан шүү дээ. Үүнд юу” хамгийн их нөлөөлсөн юм бол?
– Эрт илрүүлэг буюу урьдчилан сэргийлэх үзлэгт иргэд нь жил бүр тогтмол ордог болсноор ходоодны хавдраар нас барах хүмүүсийн тоо цөөрсөн гэж үздэг. Ходоодны хавдар эрт үедээ оношлогдвол бүрэн эдгэрдэг өвчин. Түүнээс гадна ходоодны хорт хавдар үүсгэгч хамгийн гол шалтгаан нь хеликобактерийн халдвар. Хеликобактерийг найдвартай тодорхойлох арга бол ходоодны дуран. Хеликобактер ходоодны салстад халдварладаг учраас түүний салстаас шинжилгээ авах нь хамгийн найдвартай. Хеликобактер нь өөрөө ходоодны хавдрын шалтгаан болдог гээд нотолчихсон. Тийм учраас энэ бактери нэг ширхэг ч байх ёсгүй.
– Танай эмнэлгийн тухайд урьдчилан сэргийлэх үзлэгийн ямар багцууд байдаг вэ? Мөн үнэ ханшийн хувьд хэдээс хэдийн хооронд хэлбэлзэж байна?
– Манай эмнэлгийн хувьд 20-30 нас, 30-40 нас гэх мэт багц шинжилгээнүүд авдаг. Энэ багц шинжилгээнд нь тухайн насанд өвчлөх эрсдэлтэй үзүүлэлтүүдийг оруулж өгсөн. Багцын хувьд манайх 370 мянган вон, 570 мянган вон гэсэн 2 үнийн сонголттой. 370 мянган вон нь 20-30 насных. Цусны болон эхо шинжилгээн дээр ходоодны дуран нэмэгдэж байгаа. 570 мянган воны багцад дээр дурдсан шинжилгээн дээр бүдүүн гэдэсний дуран, компьютер томограф нэмэгдэж байна. Жил бүр шинжилгээнд багцаар нь орох боломжгүй байлаа гэхэд нэг удаадаа багц шинжилгээнд дараа дараагийн жил зөвхөн өөрчлөлттэй гарсан зүйлсээ үзүүлээд явах боломжтой.
– “Саранг Плас” эмнэлгийн Солонгосын бусад эмнэлгээс ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?
– Даатгалгүй үйлчлүүлэгчдэд хямдрал үзүүлдэг учраас Солонгост хууль бусаар ажиллаж байгаа Монголчууд маань их үйлчлүүлдэг. Солонгост гуравдугаар шатлалын буюу их сургуулийн эмнэлгүүд гэж байдаг. Манай эмнэлэг тухайд шат дамжлага багатай буюу шууд цагаа аваад үзүүлэх боломжтойгоороо онцлог. Түүнээс гадна нэг өдөрт бүх шинжилгээгээ өгч болдог, хажуудаа эмнэлэгтэй учир яаралтай эмчлүүлэх тохиолдолд цаг алдахгүй. Манай эмнэлэгт хагалгаанд орох тохиолдолд эмчилгээний виз олгодог. Цаг авахыг хүсвэл дор хаяж долоо хоногийн өмнө холбогдоод үнэмлэх, хаяг, утасны дугаараа явуулаад цаг авах боломжтой. Мөн орчуулагчийн төлбөр гэж авдаггүй.
– Танай эмнэлэгт Монголчууд их ханддаг гэж та дурдаж байсан. Монголчуудад ямар төрлийн өвчлөл түлхүү илэрч байна?
-Манай эмнэлэг нуруу нугас, гар хөлийн хагалгаагаараа мэргэжсэн эмнэлэг. Тиймээс Монголчууд маань нурууны эвэрхийн дискийн цүлхийлт, өвдөгний өвчлөл зэргээр түлхүү хандаж байна. Өвдөгний өвчлөл нь эмэгтэйчүүдэд илүү их тохиолддог. Энэ нь таргалалттай холбоотой. Монголчууд өөх тос, холестрол, цардуул ихтэй мөн бэлэн бүтээгдэхүүн их иддэг.Үүнээс үүдэж нойр булчирхай цочирч сахар болон таргалалт үүсэх шалтгаан болж байна. Мөн Манайханд элэгний өөхлөлт их илэрдэг. Элэгний өөхлөлт гэхээр таргалсан элэг байна гэж ойлгоод байдаг. Гэтэл тэр нь өвчлөл. Байх ёсгүй зүйл үүссэн байна гэсэн үг. Жишээ татахад бидний гаран дээр жижиг жижиг цэврүү шиг зүйл ургаад байхад бид өө гар таргалчихлаа гэхгүй шүү дээ. Сандарна.Бүтэц нь цагаан элгийг бүрхэж байгаа учир элэгний өөхлөлт гэж нэрлээд байгаа юм. Тэр нь цаашаа хоёр, гуравдугаар шатанд орохоороо элэгний хатуурал, элэгний хавдар болох эрсдэлтэй. Энэ мэтээр Монголчуудад бүх л өвчлөл илэрдэг дээ. Энэ нь амьдралын буруу хэвшил, амьдрах орчны нөхцөл гэх мэт зүйлүүдээс болж байгаа болов уу?