Хөрөг нэвтрүүлгийн ээлжит дугаарт Нийслэлийн Засаг Даргын зөвлөх Э.Энхтөр оролцлоо. Хүүхэд байхаасаа Нарантуулын наймаачнаар ажлын гараагаа эхэлж, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгосон тэр өнөөдөр нийтийн төлөө, тэр дундаа хүнсний аюулгүй байдлын салбарт анхаарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн дээр ирээдүйн зорилгоо тодорхойлоод байна. Тэрээр, “Хүн хөдөлмөрлөхгүй бол бусдын гарыг хардаг болно. Бусдыг харна гэдэг бол боол л гэсэн үг” хэмээн онцолж, өөрийн амьдралд тулгамдсан асуудал, туулж өнгөрүүлсэн гашуун түүхээ бидэнтэй хуваалцсан юм. Түүний хувьд төр, нийгмийн салбарт амжилттай яваа төдийгүй, саяхан МУГТ цол хүртсэн гавьяатай. Э.Энхтөр нь 1998 оноос хойш таеквондогийн спортоор хичээллэжээ.
-Ярилцах санал хүлээн авсанд баярлалаа. Та өөрийнхөө тухай товч яриач?
-Сайн байна уу? Э.Энхтөр байна. Би 39 настай. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. БГД-ийн иргэн. 10 жилээ төгсөөд, БГД-ийн иргэн болсон. Хамгийн анхны ажлын байр маань бол Нарантуул зах. Айлын ууган хүүхэд учраас би илүү их хичээдэг байсан. Тавдугаар ангиасаа эхлээд хагас, бүтэн сайнд болон зуны амралтаараа аав ээждээ тусалж эхэлсэн дээ. Анх ундаа, шүдэнз, лаа зарж эхэлсэн. Зуны гурван сар дүүтэйгээ барилгын туслах ажил өдрийн 3000 төгрөгөөр хийдэг байлаа. Тэр маань санаанаас гардаггүй. ХУД-т барилга маань одоо байж л байдаг. Хажуугаар нь өнгөрөхдөө “энд ажиллаж 3000 төгрөгийн цалин авч байсан шүү” гээд санадаг. Тэр маань мартагддаггүй.
ХӨДӨЛМӨР БОЛ ЗӨВ ХҮН БАЙХЫН ЭХЛЭЛ
-Их эрт хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрчээ дээ?
-Тийм ээ. Хөдөлмөрлөх сайхан. Би оюутан байхдаа ч гэртээ нэг ч эрт ирж үзээгүй дээ. Ажил хийгээд ирэхээр хүн хоёр төрлийн зүйл ойлгоод эхэлдэг. Өөрийнхөө санхүүгийн асуудлыг шийдэж эхэлнэ. Ядаж хулгай хийхгүй, худлаа ярихгүй. Нэг зүйлийн төлөө тодорхой хэмжээнд хөдөлмөрлөчихөөд, түүнийгээ үнэлүүлээд цалингаа авна гэдэг тухайн хүний цаашдаа зөв хүн байхын эхлэл болдог. Багаасаа хөдөлмөр эрхэлсэн хүн амьдрал зохиохоор гэр бүл салалт маш бага байдаг.
-Та гэр бүлийнхээ тухай яриач?
-Манай эхнэрийг Э.Оюунтуяа гэдэг. 1987 оны 8 дугаар сарын 8-нд төрсөн. Би бол 6 дугаар сарын 6-нд төрсөн. Энэ ч бас их утга учиртай санагддаг юм. Би өөрөө аливаа зүйлсийг бэлгэдэж, утга учиртай болгох дуртай. Бид хоёр анх 2010 онд танилцсан. Яагаад ч юм хүний түшиг тулгуур болчих, миний ар талыг баттай хамгаалж чадах юм байна гэх итгэл хамгийн түрүүнд төрсөн.
ЭХНЭРЭЭ АНХ ХАРААД МИНИЙ ХАНЬ БОЛОХ ХҮН ГЭДГИЙГ ШУУД МЭДСЭН
-Нэг алдартны хэлсэн үг байдаг шүү дээ. Би эхнэртэйгээ танилцаад гурван цагийн дараа гэрлэх санал тавьсан. Гурван цагийг алдсандаа харамсдаг гээд. Эрэгтэй хүн шууд хараад, миний хань болох хүн гэж мэддэг юм уу? Та яаж байв?
-Би шууд мэдсэн. Бидний том охин 2012 онд төрсөн. Лондонгийн олимп нээлтээ хийж байхад миний охин төрж байлаа. Ингээд охиндоо Энхцэц гэж нэр өгч байсан. Дараа нь олимпын цикл гэдэг шиг дөрвөн жилийн дараа 2016 онд манай хүү төрсөн. Манай хүү Энхтод гэдэг нэртэй. Гурав дахь маань хүү байсан. Ингээд Энхгарьд. Охин байсан бол гарьд болохгүй. Би бас их айдастай байсан даа. Цаанаасаа цэц, тод, гарьд гэж таарсан. Тулгын гурван чулуу шиг сайхан хүүхдүүдтэй. Одоо харин одонгийн хүүхдээ яах уу гэж бодож байгаа.
-Нээрээ МУГТ цол хүртсэнд нь баяр хүргэе.
-Баярлалаа. Би 1998 оноос хойш, тавдугаар ангийн хүүхэд байхдаа, таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн. Хүн нэг зүйлдээ үнэнч байх ёстой. Энэ маань эргээд намайг амьдралын хаттай болгосон. Төрийн ажил ч тэр, хувийн бизнес ч тэр эхлүүлэхдээ олон төрлийн зүйлд сатаардаггүй. 2002-2010 онд хүртэл Ази, Дэлхийн аваргад алгасаагүй орсон. Өдрийн 2-3 бэлтгэлтэй. Хажуугаар нь хичээлдээ явна. Орой нь ажил хийнэ. Маш олон зүйлийг зохицуулж их завгүй байсан. Саяын наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө МУГТ цол хүртсэн. Энэ маань миний болон манай гэр бүлийн хувьд түүхэн үйл явдал байсан. Үүндээ хязгааргүй их баярлаж байгаа.
-Наймаачин, гавьяат тамирчин, төрийн албан хаагч, зөвлөх гээд таныг тодорхойлох олон статус байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, албан тушаалынхаа талаар яриач?
-Миний ажлын хувьд БГД, УИХ-ын Тамгын газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар гэсэн гурван газар 18 жил ажилласан байна. Төрийн хариуцлагатай ажил эрхлэхдээ би өөрөө санаачилж хийсэн хэд хэдэн ажил бий. Энэ нь БГД-ийн цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд улсдаа анх удаа Д амин дэмээр баяжуулсан хоол хүнс хэрэглэдэг. Ерөнхийлөгч хүнсний хувьсал хийж, анхаарах болсон. Жил гаруй хугацаа өнгөрч байна.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭД, МОНГОЛЫН ХҮН БҮР ЭРҮҮЛ ХҮНСЭЭР ХАНГАГДАХ БОЛОМЖИЙГ САЙЖРУУЛНА
-Аливаа ажлыг эхлүүлэхэд ямар нэг эмзэглэл, эсхүл зорилго бий гэж боддог. Таны хувьд яагаад хүнсний аюулгүй байдлыг анхаарч ажиллах болов?
-2015 онд манай аав ходоодны өвчнөөр өөд болсон. Одоо бол жил бүр 4000-5000 хүн хавдраар өөд болж байна. Үүний суурь юу юм. Монгол хүн заавал үхэх ёстой юм уу. 2019 онд зохиогчийн эрх, оюуны өмчтэй, Жура агро фермийг байгуулсан. Энэ төсөл бол монгол хүнийг эрүүл хүнсээр хангах, сууриас нь эхлэх үйлчилгээ. Жишээ нь хонь тугалыг багаас нь эрүүл хүнсээр тэжээгээд, энэ нь захиалагчийнхаа хүссэн шим тэжээлийг агуулж, тухайн айлдаа очдог үйлчилгээг хэлж байгаа юм.
Дараагийн миний хийх ажил бол нийслэлийн иргэд, монголын хүн бүр эрүүл хүнсээр хангагдах боломжийг сайжруулах. Ямар сайндаа эдийн засагч хүн байж ХААИС-д докторын зэргээ хамгаалах гээд суралцаж байх вэ.
-Таны өнөөдрийг хүртэл зогсохгүй, шантрахгүй урагшилсан тэр эхлэл хаана байсан бэ?
-Санаанаас гардаггүй нэг түүх бий. Би нэг их олон хүнд ярьж байгаагүй. Би хоёр дүүтэй л дээ. Тэр нэг өдөр манай гэрт идэх хоол хүнс байгаагүй. Талхны саванд ганцхан талх байсан юм. Нөгөөх нь хатчихсан. Манай охин дүү өлсөж байна гээд уйлаад л. Эрэгтэй дүү бид хоёр өнөө хатсан талхаа охин дүүдээ өгч байлаа. Хажуу айлаас идэх юм гуйгаад өгөхгүй. Хатсан талхаа дүүдээ өгч байсан тэр үе бол миний өнөөдрийг хүрсэн шалтгаан. Айлын том хүүхэд би явах ёстой гэж бодсон. Тэр бол зовлон даах чадварын эхлэл байсан. Түүнээс хойш би ямар ч юмыг зовлон гэж хардаггүй. Би одоо гурван хүүхэдтэй. Хүүхдүүддээ болон дүү нартаа дахиж би тийм нийгэм үзүүлэхгүй. Дүү нараа бас зовоохгүй.