Эртэч шувуухай, шар шувуу гэх мэтээр хүмүүс өөрсдийн амьдралын хэв маягийг тодорхойлох болсон. Энэ нь та хэзээ хамгийн бага цагт илүү бүтээмжтэй ажилладаг вэ? гэдгийг тодорхойлж буй хэлбэр болохоос та аль нэгт нь багтдаг байснаар дутуу нойртой явах шаардлагатай гэсэн үг биш аж. Иймэрхүү байдлаар хэтэрхий туйлшрах нь эрүүл мэнд, сэтгэл зүй тэр бүү хэл оюун ухаанд ч сөргөөр нөлөөлдөг талаар АШУҮИС-ийн Нейросайнсийн клубын төгсөгч, Тархины хязгаар ТББ-ын гишүүн Б.Баасансүрэнтэй ярилцлаа.
-Бид өөрсдийгөө эртэч шувуухай, шар шувуу гэх мэтээр тодорхойлох болсон. Энэ нь үнэхээр шинжлэх ухаанаар батлагдсан зүйл үү?
– “Circadian Rhythm” буюу хоногийн хэмнэлээр нь хүмүүсийг 3 төрөлд хуваадаг өглөөний хүн, оройны хүн гуравдах хэлбэр нь энэ 2-ын дундын хүн буюу өдрийн цагаар илүү бүтээмжтэй байдаг хүн юм. Нийт хүн амын 40 хувийг өглөөний хүн, 30 хувийг оройны хүн үлдсэн 30 хувийг өдрийн цагаар илүү бүтээмжтэй байдаг хүн эзэлдэг гэсэн судалгаа бий. Гэвч эдгээрийн аль нь ч байсан нийгэм биднээс эртэч шувуухай байхыг шаарддаг. Ямар ч хоногийн хэмнэлтэй хүн эртэч шувуухай болох боломжтой. Энэ нь нэг талаараа хүн өөрийгөө байгалийн цагийн хуваарьтай уялдуулж байгаа хэлбэр юм.
-Хоногийн хэмнэлээр нь хүмүүсийг 3 төрөлд хуваадаг юм байна. Тэгэхээр үүнд ажил мэргэжлийн төрөл нөлөөлөх үү?
– Тиймээ.Үдээс өмнө хүний логик сэтгэлгээ өндөр байдаг бол үдээс хойш буурч бүтээлч сэтгэлгээ илүү давамгайлдаг. Тиймээс ч логик сэтгэлгээнд суурилсан ажилтай буюу математикч, нягтлан бодогч хүмүүс өглөөний болжмор байх хандлагатай. Харин бүтээлч сэтгэлгээ шаардсан ажил эрхэлдэг буюу дийлэнхдээ урлагийн хүмүүс шөнийн шар шувуу төрөлд багтдаг. Үүнээс гадна нэг зүйлийг онцгойлон хэлэхэд ажил мэргэжлээс шалтгаалж үргэлж хоногийн хэмнэлээ өөрчлөх шаардлага үүсдэг хүмүүс ч бий. Жишээ нь ээлжийн ажилтай хүмүүс хорт хавдар,таргалалт, сэтгэл гутралаар өвчлөх эрсдэл харьцангуй өндөр байдаг гэсэн Данийн эрдэмтдийн судалгаа бий.
-Тэгэхээр шөнийн шар шувуу гэж өөрсдийгөө тодорхойлоод өглөө ажилдаа ирэхдээ гархилсан нүдтэй ирдэг хүмүүс ч энэ эрсдэлд өртөх үү?
– Тэгэлгүй яахав. Бүтэн нойроо авч чадаагүй улмаас тухайн хүний суралцах чадвар, ой тогтоолт муудах, сэтгэл зүй, зан төлөвийн асуудал үүсэж эхэлдэг.Цаашлаад урт хугацаанд энэ маягаараа явбал нойргүйдэл, таргалалт, чихрийн шижин, сэтгэл гутрал, улирлын чанартай эмгэг зэрэг олон төрлийн архаг өвчлөлтүүд үүсэх аюултай.
– Бид аливаа зүйлийг хэрхэн яаж хийх вэ гэдэгт маш их ач холбогдол өгдөг хэр нь хэзээ хийхэд нэг их ач холбогдол өгдөггүй шүү дээ. Танд үүнтэй холбоотой сонирхолтой факт, судалгааны талаар мэдээлэл бий юу?
– Шөнө унтаж амраад энергиэ нөхсөн мөн байгалийн цагийн хуваарьтай холбоотойгоор өглөө хүн илүү эерэг, эрч хүчтэй байдгийг бид мэднэ. Байгууллагын захирлуудын дунд хийсэн сонирхолтой судалгааг дурдъя. Захирлууд өглөө хурал хийхдээ илүү эерэг үг хэлж, ажилчдынхаа гаргасан санал санаачилгыг дэмждэг бол үдээс хойш хурал хийхэд илүү асуудлууд дээр төвлөрч, ажилчдын санал санаачилгыг дэмжих магадлал буурдаг гэсэн судалгааны хариу гарсан байдаг. Энэ судалгааны үр дүн өөр олон судлагаанд давтагдсан байдаг. Тиймээс аль болох хүнээс зөвлөгөө авах, эмчид үзүүлэх, чухал уулзалт товлохдоо өглөөгүүр байвал зүгээр харин үдээс хойш байгалийн цагийн хуваарийн дагуу хүмүүсийн тархины үйл ажиллагаа, тамир тэнхээ уналтад ордог учир энэ цагт чухал зүйл төлөвлөх нь дэмий.
– Та дээрх мэдээллүүдээ нэгтгээд бид хэрхэн эрүүл бөгөөд үр бүтээмжтэй ажиллах талаар товчхон зөвлөвөл?
– Та эртэч шувуухай, шар шувуу, дундын хүн аль нь ч байж болно. Гэсэн ч хоногийн хэмнэлээ байгалийн цагтай уялдуулахыг хичээж бүтэн нойроо авч байх нь хамгаас чухал. Мөн өөрийн өндөр бүтээмжтэй байдаг цагаа тодорхойлохын сацуу аливаа зүйлийг хэзээ хийх нь тохиромжтой талаар эргэцүүлж, эрэл хайгуул хийдэг байхад эрүүл саруул, амжилттай ажиллах боломжтой