Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Цог Жавхлант Хатан Жэцүн Пэма Ванчук нар гэр бүлийнхээ хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хооронд “Өндөрлөг нутгийн мал аж ахуй болон бэлчээрийн салбарт техникийн хамтын ажиллагааны тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгууллаа.
Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд сарлаг, мастиф үүлдрийн нохой болон бусад малын удмын санг сайжруулах, уг салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үр хөврөлийн солилцоо хийх замаар малын үр шимийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Мөн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөлжүүлэх замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллана.
Бэлчээрийн нөөц болон экосистемийг бүрдүүлэхээр бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцохоор тохиров.