2004 он буюу нийслэлийн хүн ам 1 сая хүрэхтэй зэрэгцэн ярьж эхэлсэн метро маань хүнээр бол хэдийн эрийн цээнд хүрчээ. Гэвч өнөөдрийг хүртэл гарт баригдаж,нүдэнд харагдах зүйлгүй байсаар.
2023 онд Монгол улсын засгийн газраас метро барих шийдвэрийг эцэслэн гаргаж 2024 оны хоёрдугаар сараас метро барих төслийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарласан. 11 улсын 20 компани хүсэлтээ ирүүлснээс БНСУ-ын “Духуа Инженеринг” компани шалгараад байгаа юм. Харин гүйцэтгэгч компанийн тендерийг энэ оны аравдугаар сард зарлана гэдгээ хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Метро барих төслийн зөвлөх үйлчилгээний тендерийн нийт өртөг 180 тэрбум төгрөг бөгөөд үүнийг 2024 оны нийслэлийн төсөвт суулгасан. Харин Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17.7 км урттай метро барих бүтээн байгуулалтын нийт зардалд 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэх урьдчилсан тооцоо гарсан байна.
Дүүжин тээвэр гэж яриад 9 жилийг ардаа үдэж 900 тэрбумыг зарцуулж шав тавьснаас өөр зүйлгүй учир метро ярихад үнэмших хүн үгүй. Гэсэн хэдий ч метро нэвтрүүлэх саналыг нийслэлчүүдийн 72 хувь нь дэмжсэн байгаа нь туйлдсан горьдлого бийг илтгэж байна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Сонгогдсон дарга нь ирээд өдөр хоног зааж ашиглалтад баттай оруулсан байна гэж ам гардаг. Хийсэн зүйлгүй байж байтал дараагийн дарга халааг нь авч өмнөх ажил нь замхарна.
Дүүжин тээврийг С.Амарсайхан дарга эрчимтэй ярьж, Д.Сумъяабазар хотын дарга байх үед дүүжин тээврийн захиргаа татан буугдсан. Харин одоогийн хотын дарга Х.Нямбаатар дүүжин тээврийг 2025 оны арван хоёрдугаар сард, метрог 2030 оны есдүгээр сард ашиглалтад оруулна гэж ам гараад байгаа билээ. Амлалаа гээд ажил хэрэг болчихдоггүйг ард нийтээрээ мэдэх хойно доо. Дүүжин тээвэр С. Амарсайхан даргатайгаа татан буугдаж 4 жил өнжсөн шиг метро маань бас л Х.Нямбаатар даргатайгаа “буучих вий” гэх хар, зовнил өөрийн эрхгүй төрнө.