Хичээлийн шинэ жил эхлээд хагас долоо хоногийн хугацаа өнгөрлөө. Бид энэ удаа сургуульд анхлан суралцаж байгаа нэгдүгээр ангийн сурагчидтай багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд хэрхэн харьцаж, шинэ орчинд нь дасахад юун дээр анхаарах талаар мэдээллийг бэлтгэлээ.
Анхлан сурагчдын хувьд даалгавар хийж, байнга суух нь хэцүү байгаа тухайгаа хэлж, зарим үед ээж, эгчээрээ даалгавраа хийлгэчихдэг талаараа нуулгүй ярилаа. Мөн тэд аав, ээжийн хэн нэг нь хичээл хий гэж загнахад, хийх сонирхолгүй болчихдогоо онцолсон юм.
Нэгдүгээр ангийн сурагчид…
- Намайг Амар гэдэг. Би гэрийн даалгавраа хийсэн. Сургуульд яваад маш гоё байгаа. Зарим үед даалгавраа ойлгохгүй байна. Энэ үеүдэд найзаасаа тусламж гуйдаг. Аав ээжээсээ жаахан айгаад, бага тусламж авдаг. Аав ээж минь намайг ойлгоосой л гэж хүсдэг.
- Намайг Маралгоо гэдэг. Би балетчин болох мөрөөдөлтэй. Хичээлд ороод олон найзтай болох нь гоё байгаа ч хоёр, гурван гэрийн даалгавар хийх хэцүү байгаа. Би биеийн тамирт маш дуртай. Яагаад гэвэл дасгал хийх гоё. Бас заавал суудаггүй. Удаан суухаар ядраад байдаг.
- Намайг Тайшир гэдэг. Би даалгавраа хийгээгүй ээ. Яг үнэндээ маш залхуу. Аниагаараа л даалгавраа хийлгэдэг. Заримыг нь бас өөрөө хийсэн л дээ. Аав ээж загнаад байвал хичээлээ хийх дургүй болчихдог. Миний мөрөөдөл бол цагдаа болох. Харин аав, ээж намайг эмч болоосой гэж хүсдэг. Ингэхээр надад муухай санагддаг.
Бид үргэлжлүүлэн боловсролын салбар 16 жил ажилласан Монгол 3-р сургуулийн багш н.Эрдэнэцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа. Энэ жил шинэ анги хүлээн авч буй тэрээр сурагчдаа зөвхөн сургадаг үе өнгөрч, хүүхдүүдтэй харилцан суралцах болсон талаар онцолсон юм.
Тэрээр, “16 жилийн өмнөх нэгдүгээр ангийн хүүхэд, одоогийн нэгдүгээр ангийн хүүхэд хоорондоо асар их ялгаатай. Хүүхдүүдийн хөгжил маш өндөр болсон. 16 жилийн өмнөх хүүхдүүдтэй харьцуулшгүй. Багш биднээс ч тэдэнтэй харьцах техник арга туршлага илүү их шаардагдаж байгаа” гэлээ.
ШИНЭ ОРЧИНД ДАСАХ ҮЙЛ ЯВЦДАА ХҮҮХЭД ТҮРЭМГИЙ АВИРТАЙ БОЛОХ НЬ ТҮГЭЭМЭЛ
Харин зургаан настнууд шинэ орчиндоо хэрхэн дасах, сэтгэл зүйн хувьд ямар асуудалтай нүүр тулдаг талаар Сэтгэл зүйч Ж.Үйлст дараах зөвлөгөөг хүргэж байна.
Тэрээр, “Хүүхэд цэцэрлэгт орох, эсвэл сургуульд орох нь шинээр хүүхэд төрөхтэй адилхан. Мэргэжлийн үүднээс гэр бүлийн бүх гишүүдийн хямрал гэж тодорхойлдог. Хүүхэд гурван төрлийн зүйлд дасан зохицож байдаг юм. Нэгдүгээрт амьдралын хэв маяг. Цэцэрлэгт үргэлж тоглоод л хоолоо идээд байж байдаг байсан хүүхэд сургуульд ороод даалгавар хийх хэрэгтэй болдог. Хоёрдугаарт орчин нөхцөлдөө дасан зохицох гэдэг процесс явагддаг. Халамжаас халамжийн хооронд байсан бол сургуульд ороод хариуцлага өөрчлөгдөнө. Ширээ сандал дээр биеэ бариад л суух хэрэгтэй болно. Гуравдугаарт хүрээлэлдээ дасах үйл явц. Энэ явцад хүүхдэд зан үйлийн хувьд ямар өөрчлөлт ордог гэхээр, хүүхэд дотогшоо болж болдог. Эсвэл бүр нээгдээд гадагшаа зан үйлтэй ч болж болдог. Эсэргүүцэх, эсвэл айлын хүүхэд зодох ч юм уу, түлхэх зэргээр түрэмгийн байдал бий болж эхэлнэ. Эцэг эхчүүд үүнийг бодохдоо багш нь болохгүй байгаа юм болов уу, сургууль нь болохгүй байгаа юм болов уу, анги дээр нь ямар нэг асуудал үүсээд байгаа юм болов уу гээд болж байгаа үйл явц руу л анхаарлаа хандуулаад байдаг. Гэтэл энэ нь хүүхдийн дотор өрнөж буй дасан зохицох үйл явцын л нэг хэсэг юм. Зургаан настнууд орчиндоо 7-14 хоногийн дотор хангалттай дасдаг. Хоёр сараас дээш хугацаанд байгаа хэрнэ таны хүүхдэд зан үйлийн өөрчлөлт маш тодоор илрэх, эсвэл хичээлээ ойлгохгүй байдал зэрэг асуудал гарвал, манай хүүхэд дасаж чадахгүй байгаа юм байна гэж ойлгоод , үүн дээр анхаарлаа хандуулж мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй” гэсэн юм.