Хүн болгон өөр өөрийн замаар амьдардаг. Бид өөртөө болон бусдад хэмжүүр тавьж хана босгочхоод, түүндээ хүрэх гэж тэмцэж, өрсөлдөж өөрсдийгөө ядраах нь олон. Харин тэр хэмжүүрт хүрч чадаагүй нэгнээ гадуурхах, буруутгах, үл тоох зэрэг хандлагыг гаргасаар байдаг. Өрөг.мн сайтын сурвалжлах баг энэ удаа Нарантуул захын ард байрлах “Мангасын ам” гэж нэрлэгдэх болсон газраас та бүхэнтэй уулзаж байна. Бид энд өдрийг өнгөрөөх болсон хоёр хүнтэй ярилцлаа. Тэдний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй болсноос хойш хүний тооноос хасагдсан тухайгаа хэлж, эмзэглэлээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн тэд хүн бүр өөр өөрийн замаар амьдарч байгаа учраас нэгнийхээ амьдралыг хүндлэх, үгүй юм аа гэхэд буруутгахгүй байх хэрэгтэйг санууллаа.
Энэ талаар иргэн Х ярихдаа, “Би гурван удаа харвасан юм. Анх харвахдаа ч яах вэ. Хөл дээрээ боссон юм. Сүүлийнх дээр босож чадахаа байсан. Одоо бол цээжнээс доош мэдээгүй. Заримдаа өмдөндөө бие засна. Хүндэрч чадахгүй байх гээд асуудал их дээ. Зогсохоор хамаг бие салгалаад уначихдаг юм. Ийм болчихоор найз нөхөдгүй болчихдог юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүн монголд амьдрах их хэцүү шүү. Ямар ч тэргэнцэртэй хүн явах зам байхгүй. Автобусанд ороод суух боломжгүй. Зүгээр үх л гэж байгаа юм шиг байдаг даа
Миний амьдрал үргэлж ийм байгаагүй ээ. Би жолооч байж байгаад машин засварчин хийдэг байлаа. Амьдрахын тулд эрхгүй олон ажил үзсэн. Одоо бодохоор сайхан санагддаг шүү. Гэхдээ сайхан нь удаан үргэлжлээгүй ээ. Өдрийн цагаар би нэг их уугаад байдаггүй. Тэргэцэртэйгээ осолдохыг хүсдэггүй учраас тэр. Харин оройдоо ганц юм аваад явдаг. Яагаад гэвэл шөнө унтаж чаддаггүй. Хоёр хөл битүү хавантай байгаа. Шөнө үе үе бие өвдөнө. Сонгууль болохоор нэг бөөн шоучид ирээд, “таныг тэрэгтэй болгоод, групп тогтоолгох” юм ярьсан, байхгүй ээ. Бид нийгмээс хасагдсан хүмүүс шүү дээ. Сонгууль болохоор хэдэн цагдаа нар биднийг ачиж, нэг газар аваачиж хорьчихоод, сонгууль дуусахаар гаргадаг. Нэг бол гадаадын сайд, ерөнхийлөгч ирэхээр муухай улсуудаа харуулахгүй гэж байгаа юм шиг барьж аваад хорино. Явахаар нь суллана. Энэ бол байх асуудал биш гэж боддог” гэж ярилаа.
Харин иргэн А 20 жилийн турш архи ууж байгаагаа нуулгүй бидэнд хэлсэн юм. Үүндээ ч нэг их гэмшиж, гутраад байдаг шинжгүй. Эрхгүй хүн бүр өөрийн замаар, өөрийн сонголтоор амьдардаг гэдгийг л харуулах шиг. Бид түүнийг өрөвдөх шаардлагагүй. Эсвэл шүүж буруутгах эрхгүйд ярилцлагын гол учиг шалтгаан оршиж байлаа.
Тэрээр, “Би урд нь Нарантуул зах дээр тэрэгчнээр ажиллаж байсан. Сүүлдээ ч больсон. Энүүгээр архи уугаад л явдаг юм. Уугаад 20 жил болж байна. Яагаад уугаад байдаг юм гэдэг асуултыг олон хүн тавьж байсан. Юу ч гэх вэ дээ. Зовж зүдрээд уудаг нь байхад жаргалдаа ташуураад уудаг нь ч бий. Өөрийгөө өрөвдүүлж, ууж байгаа шалтгаанаа тайлбарлах шаардлагүй л гэж боддог. Би өөрийнхөө замаар л явж байгаа шүү дээ. Архи уух хүний “хобби” байж болно. Дуртай ч байж болно. Хүний амьдралд гай болохгүй, садаа болохгүй, өөрийн замаар явж байвал болох нь тэр. Архи уух нь миний л сонирхол. Өөр зүйлгүй” гэсээр явлаа.