Хичээлийн шинэ жил болоход 10 хоног үлдээд байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг хэдийн бэлдээд эхэлжээ. Бид хэд хэдэн үзэсгэлэн худалдаан дээр очиж хичээлийн хэрэгсэл болон дүрэмт хувцасны үнийг судаллаа. Дүрэмт хувцасны тухайд, өнгөрсөн жил 80-170 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол өнөөдрийн байдлаар 120-240 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хичээлийн гол хэрэгсэл болох дэвтэр үйлдвэрээсээ хамаараад харилцан адилгүй үнэтэй байгаа юм. Дунжаар 12 хуудастай дэвтэр 600 төгрөг, 24 хуудастай дэвтэр 900 төгрөг, 36 хуудастай дэвтэр 1600 төгрөг, 96 хуудастай дэвтэр 2350 төгрөг болж өсжээ.
Эцэг эхчүүд дотооддоо үйлдвэрлэж байгаа дэвтэрний үнэ үнэтэй байгаад бухимдалтай буйгаа хэлсэн юм. Мөн хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхэд төсөвлөсөн мөнгө нь хаанаа ч хүрэхгүй, тэр бүү хэл дан ганц дүрэмт хувцаснуудыг нь ч авч чадахгүй байгаа тухайгаа ярилаа.
ХУДАЛДАН АВАГЧИД:
- Миний хувьд гурван хүүхэдтэй. Хоёр бага маань бага анги, том охин маань энэ жил дунд ангид орно. Бага ангийнх нь дүрэмт хувцсыг өмсүүлэлтэй нь биш гээд шинээр худалдаж авлаа. Арай том юм болохоор нь иж бүрэн бэлдэж өгсөн юм. Нэг хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхэд л 620 мянган төгрөг зарцууллаа. Хагас сарын цалингаараа нэг хүүхдээ ч иж бүрэн хичээлд нь оруулахад чанга болжээ. Ихэвчлэн дотооддоо үйлдвэрлэсэн зүйлс л авлаа. Яагаад ийм үнэтэй байдгийг ойлгох юм алга. Дараагийн цалин буухаар хоёр дүүгийнх хэрэгслийг бэлдэж өгье гэсэн бодолтой байна. Хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бүх цалингаараа аваад өгчихөөр цаана нь юу идэж уух вэ гээд чанга л байна.
- Юмны үнэ өссөн гээд аль болох төсвөө боломжоороо их тооцоолж гарч ирсэн. Би хоёр хүүхэдтэй дэвтэр, бал, цүнх, бэлтгэлийн хувцас зэргийг нь л цуглуулахад бараг 600 мянга болох шиг боллоо. Дүрэмт хувцсыг нь худалдаж авбал хоёр хүүхдийн хичээлийн хэрэгсэл бараг нэг сая төгрөг болох нь. Монголд үйлдвэрлэсэн зүйлсийн үнэ гаднаас орж ирсэн бүтээгдэхүүнүүдээс үнэтэй байх юм. Манай хүүхэд энэ жил наймдугаар ангид орно. Өнгөрсөн жил формыг нь сольж чадаагүй. Сая худалдаж авахад 200 мянган төгрөг боллоо. Хятадаас орж ирсэн нь 80 мянга гээд цаана байна. Чанарын хувьд арай дээр юм уу гээд, нүдээ аниад л авлаа. Гэхдээ ингэж үнэтэй авлаа гээд чанараараа дээрдээд байх зүйлгүй ч юм шиг. Манай хүүдийн өмнөх форм нь бөөсрөөд өмсөхийн эцэсгүй болсон. Хоёр жил ч өмсөөгүй юм, уг нь.
- Сурагчдыг зүгээр цэнхэр цамц, өмд, юбкаар жигдрүүлбэл амар юм гэж бодоод байгаа. Дүрэмт хувцсаар жигдрүүлмээр байдаг бол чанар, үнэ дээр нь анхаармаар юм байна. Дээрээс нь тамирын хувцсыг нь бас өнгө заачихна. Тэгэхээр шинээр авахаас өөр арга алга.
Иргэд үнийн өсөлттэй энэ үед хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх нь хүнд дарамт болоод байгааг хуваалцлаа.
Харин худалдаачдаас борлуулалт хийгээд үнийн өсөлтийн талаар тодруулахад:
- Сайн байна. Үнийн өсөлтийг гайхсан, уурласан хүмүүс бас таарч байна. Энэ жил нэг их үнэ нэмэгдээгүй. Өнгөрсөн жилийнхтэй ижил байгаа
- Хүмүүс ихэвчлэн хямд төсөр гэсэн болгоныг нь л түүж авч байна гэв.
Ийнхүү эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаах амаргүй байгааг ярилаа. Тэд зөвхөн форм авахад л 200 гаруй мянган төгрөг зарцуулж байгаадаа бухимдаж байлаа. Гэхдээ дүрэмт хувцсыг заавал өмсөх ёстой. Энэ нь хүүхдүүд өөр хоорондоо хувцасаараа уралддаг, тэгш бус байдлыг арилгахад ихээхэн тустай гэдгийг иргэд хэлэв.
Сурагчийн дүрэмт хувцасны дундаж үнийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Бага анги
Эрэгтэй-Хүрэм 78000, Өмд 49000, цамц 32000, зангиа 5000
Эмэгтэй-Cарафан 78000, цамц 32000, Зангиа 7000
Дунд анги
Эрэгтэй-Хүрэм 95000, Өмд 60000, цамц 35000, зангиа 7000
Эмэгтэй-Хүрэм- 95000, Юбка 55000, Цамц 35000, Зангиа 7000
Ахлах анги
Эpэгтэй-Хүрэм 120000, Өмд 65000, цамц 38000, зангиа 8000
Эмэгтэй – Хүрэм- 108000, Юбка 58000, Цамц 38000, Зангиа 8000