Mонгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Вашингтон хотноо болов.
Яриа хэлэлцээг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, америкийн талаас Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл нар тэргүүлж, хоёр талаас нийт 6 байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцлоо.
Энэхүү яриа хэлэлцээ нь хоёр улсын харилцаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлд хүрснээс хойш Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгаагаар онцлог бөгөөд хоёр талын харилцан сонирхсон асуудлаар сэдэвчилсэн долоон хуралдааныг зохион байгуулав.
Яриа хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд улс төр, батлан хамгаалах, худалдаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа, иргэд хоорондын хэлхээ холбоог улам гүнзгийрүүлэх, цаашид нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, агаарын тээвэр, сансар судлал, цахим хөгжил зэрэг салбарт эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Хоёр тал бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснээ бататган, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх, мөн энхийг сахиулах чиглэлээрх олон талт хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө буйгаа харилцан нотоллоо.
Эx Сурвалж: Гадаад Xарилцааны Яам