Хөдөө аж ахуйн салбар улс эх орны гол түшиц болсон чухал салбар. Иймдээ ч улс орны иргэд эрүүл хоол хүнс хэрэглэж байх нь эрүүл амьдрахын гол үндэс суурь болдог. Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хөгжлийг мэргэжилтнүүд эерэг өнгөөр харж байна. Хөдөө аж ахуйн салбарт гэр бүлээрээ тэр дундаа аав, ээжийнхээ залгамж чанар болон зүтгэж яваа Хөдөө аж ахуйн судлаач Лхасүрэнгийн Чой-Ишийг “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа.
-Сайн байна уу? Манай уншигчдад та өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу? Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Лхасүрэнгийн Чой-Иш гэдэг. Эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Гэр бүл минь миний ар тал болж байдагт үнэхээр талархалтай байдаг. Эцэг эхээс тавуулаа. Манай аавыг Лувсанбалдангийн Лхасүрэн гэдэг, аав маань мал аж ахуйн мэргэжилтэй, Ээж минь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын хүн, аав минь Завхан аймгийн Алдархаан сумын хүн. Би, аав ээж, Завхан аймгийн Алдархаан суманд ажиллаж байх үед хөдөө аж ахуйн үйлдвэр туршилтын станц байгууллагад сайхан хамт олон бүрэлдэн ажиллаж байх хугацаанд төрж өссөн. Одоо мал аж ахуйн мэргэжил эзэмшээд явж байна. Энэ мэргэжлийг сонгох болсон нь аав ээж хоёр маань надад маш том түлхэц болж өгсөн. Учир нь манай аав ээж хоёр мал аж ахуйн мэргэжлийн хүмүүс.
-Хөдөө аж ахуйн үйлдвэр туршилтын станц гэхээр яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явулж байсан бэ?
-Энэ байгууллага нь маш онцлогтой бөгөөд шинжлэх ухааныг үйлдвэрлэлд нэмэгдүүлэх институт, хөдөө аж ахуйн үйлдвэр станц хэмээх байгууллага. Миний бага нас энэ байгууллагын орчинд өнгөрсөн. Ер нь бол надад энэ салбарт ажиллах өгөгдөл байгалиас өгсөн гэж боддог. Хожим нь мал аж ахуй дээр хоёр, гурван жил ажиллаж, мэдэрч байсан. Энэ мэргэжлийг сонгон ажиллаж яваадаа маш их баярладаг. Үнэхээр их дэмжлэгийг авчирч өгсөн. Хөдөө аж ахуй үйлдвэрлэл туршлагын станц гэж байх үед Монгол улс даяар малын чанар сайжруулах, энэ чиглэлийн ажлууд эрчимтэй хийгдэж байсан. Гадна, дотноос сайн мал оруулж ирэн өсгөж үржүүлэхээр Монгол улсын хэмжээнд олон оролдлогууд хийсэн байдаг.
Одоо бидний жишээ болгож ярихад каракуль хонь гээд буржгар үстэй, үслэгийн чиглэлээр энэ ажлыг туршиж байсан. Одоо зөвхөн Говьсүмбэр аймагт энэ хоинын үүлдэр үлдсэн байгаа. Туршиж үзэж байсан түүхийг авч үзэхэд Говийн бүс, Баянхонгор аймаг, мөн маш олон газар нутагшуулах гэж байгаад л Говьсүмбэр аймагт үлдсэн байна. Тухайн үйл явдал шиг махны чиглэлийн хонийг Монгол улсын хэмжээнд үржүүлье гэж олон удаа оролдож, сүүний чиглэлийн фермүүдийг байгуулсан. Одоо өнөөдөр шалгараад үлдэж байгаа газар бол эхлэл нь ч Төвийн бүсэд байсан. Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн бүс нутагт, нөгөө талаасаа хэрэглээ энэ аж ахуйг тодорхой хэмжээгээр авч үлдэх тал харагдаж байгаа. Эцэг эхээс цуглуулсан мэдлэг энэ салбарт ажиллахад маш том суурийг тавьсан. Хичээж ажиллах хэрэгцээ шаардлага, үүрэг минь болж хувирсан гэж боддог.
-Тэгэхээр таны хувьд энэ салбарт ажиллана гэдэг нь хүний төлөө ажиллаж яваа гэсэн үг үү?
-Мал аж ахуйн салбарт ажиллана гэдэг нь маш олон хүний төлөө малчид, фермер ч, энэ мал махны бизнес хийх гэж байгаа хүмүүстэй уялдаатай байдаг учраас энэ өөрөө бид нарт багийн, мөн чанар, өөрийн үүргээ гүйцэтгэх хэрэгцээ шаардлага гарч ирдэг.
-Таны нэр их өвөрмөц юм. Ямар утгатай вэ?
-Чой-Иш гэж надад ийм өвөрмөц нэр өгсөн. Миний нэр Төвөд нэр юм билээ. Өөрийнхөө нэртэй ижил хүнтэй одоо болтол таараагүй явна. Заримдаа Солонгост очихоор Монголоос яагаад Солонгос хүн ирж байгаа юм гэж асуудаг. Агуулга нь Солонгос, Монголдоо бус гол агуулга нь Төвөдийн ном эрдэм сурах ёстой гэдэг утгаар бэлгэшээж өгсөн нэр юм.
-Салбартаа тууштай, манлайлж ажиллана гэдэг нь аав, ээжийн нөлөөллөөс гадна тэдний олгосон суурь хүмүүжил төлөвшлөөс олон зүйл шалтгаалдаг?
-Аав ээж минь гэр бүлийн хүмүүжил олгохдоо нэгдүгээрт хөдөлмөрөөр хүнийг бий болгох маш хатуу зарчим барьж ирсэн. Өөрсдөө мал аж ахуйн салбарт ажиллаж тэр зүйлд ойрхон явсан.
Айлын бага хүүхэд эрхлэхээсээ илүү олон ах, эгчтэй зарагдаж өссөн. Бид бүхнийг өсгөсөн хүн бол манай ээжийн аав нь өсгөж өгсөн. Хамгийн түрүүнд баярлах ёстой зүйл нь аль болох бүтэн гэр бүл байж, зөв хүмүүжил авахыг зорьсон байна гэж боддог. Хамгийн гол нь эрүүл саруул байхыг заадаг байлаа. Бид нарыг тансаг хоолтой байхаас илүү бүтэн хоолтой байлгахыг зорьсон юм. Энэ зүйл нь биднийг эрүүл саруул байлгах суурь болж өгсөн. Энэ утгаараа Монголын бүх хүүхдийг бүтэн, бүрэн хоолтой байгаасай хэмээн энэ нөхцөлийг бүрдүүлэх, даалгавар байгаа юм шиг сэтгэхүйг авсан.
-Бүх хүүхдэд зориулан “Өдөрт нэг аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь тал бүрийн эерэг ач холбогдлыг судалсан байх?
-Монголын бүх хүүхдэд “Өдөр нэг аяга сүү” хүргэдэг байя гэсэн хөтөлбөрийг төсөөлж, ярилцаж, сонсож, судлан, хөтөлбөрийн хэмжээнд багаараа бэлтгэсэн. Ажил хэрэг болгоход их мөнгө яригддаг. Гэхдээ түүнээс илүү Монгол улсын ирээдүйдээ хийж байгаа маш сайн хөрөнгө оруулалт болно.
-Тантай ярилцаад сууж байхад хүн хувиа хичээж зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах бус энэ нийгмийнхээ, Монгол улсын ирээдүй болсон залгамж хойчийнхоо төлөө үүрэг хүлээсэн юм боловуу гэж бодогдож сууна?
-Төрөхдөө хүн үүрэгтэй ирдэг шиг би үүрэг хүлээгээд ирсэн юм шиг үргэлж бодогддог. Тэр зүйл нь илүү мал аж ахуй, хүнс, газар тариалан, хөдөө аж ахуйн салбар дотор бүтээж, холбож өгөх, тариаланч, малчин, фермерийн хүний зовлон, жаргалыг илүү ойртож, судалж харсан гэж боддог юм. Тэр хүмүүсийн зовлон, жаргалыг ойлгосон бол бүтээгдэхүүн болгох, хөгжүүлэх зүйл дээр нь хамтын бүтээл хийж чадна гэж зорьж тэмүүлж байна даа.
Ярилцсанд баярлалаа.