“Сайн байна уу” нэвтрүүлгийн энэ дугаарын зочин УИХ-ын гишүүн асан АН-ын УБХ-ны гишүүн Д.Батцогт оролцоо. Тэр байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, хөрөнгө мөнгөнд илүү шуналгүй, сэтгэлийн амар амгалан оршихыг зарчмаа болгодог гэв. Түүний ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү.
-Сайн байна уу. Намайг Догсомын Батцогт гэдэг. Би Ховд аймгийн Мөст суманд төрсөн.
-Та хаана, ямар боловсрол эзэмшсэн бэ?
-Би аймгийн төвийн арван жилийн нэгдүгээр дунд сургуулийг төгсөөд, Москва хотын Усны аж ахуйн дээд сургуулийг усны инженер мэргэжлээр төгссөн. Дараа нь Улаанбаатар хотод Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк санхүүч, эдийн засагч мэргэжлээр төгссөн.
-Хүүхэд байхдаа ямар мөрөөдөлтэй хүүхэд байсан бэ? Одоо тэр мөрөөдөл нь биелсэн үү?
-Би ямар ч байсан гадаадад сурна гэдэг мөрөөдөлтэй хүүхэд байсан. Тэр үед жагсаалт гаргаад, улаан шугамд дараалсан байдлаараа орж хуваариудаа амладаг байлаа. Надад хоёр сонголт л үлдсэн байсан. Нэг нь ХАА-н цахилгаанжуулалтын инженер. Нөгөө нь усны инженер. Тухайн үед пионерын удирдагчаар манай хамаатны эгч байдаг байсан. Би хуваариа сонгох гээд эргэлзээд, “цахилгаанжуулалтын инженер нь дээр үү, усны инженер нь дээр үү” гээд бодож байтал “Миний хүү, чи энэ Дагдан даргыг хар. Усны инженер хүн ийм том дарга хийгээд явж байна. Тиймээс усны инженер нь дээр шүү дээ. Цахилгаанжуулалтын инженер болбол чи энэ хойд гахайн байранд ирж чийдэн тавина” гэж хэлж байсан. Ингээд усжуулалтын инженер дээр юм байна гээд сонгож, өрсөлдөөд, ялалт байгуулаад, хуваариа аваад явсан.
-Сургуулиа төгсөж ирээд мэргэжлээрээ ажилласан уу?
-Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж ер нь олдоогүй. Намайг төгсөөд ирэх үед ардчилсан зах зээл гарсан. Тухайн үед юун инженер хийх. Ардчилал руу шилжиж, зах зээлийн давлагаа гэдэг зүйл болж, нэг хэсэг ганзагын наймаанд явж, нэлээн хэдэн төгрөгтэй болсон. Ингээд л амьдрал ахуйгаа төвхнүүлэх ажил руу орсон.
-Таны улс төрийн гараа хэзээ эхэлсэн бэ?
– Төрд ажиллаж үзье, төрийн алба гэж ямар ажил байдаг бол, өөрийгөө хөгжүүлье, юм суръя гэж бодож Гаалийн ерөнхий газарт анх мэргэжилтнээр орсон. Гаалийн улсын байцаагч болж, Улаанбаатарт хотод Нефть, онцгой албан татварын гаалийн газар гэж байсан. Үүний даргаар томилогдсон. Нефть, онцгой албан татварын гаалийн газрын даргаар ажиллаж байгаад 2000 оны сонгуулиар тухайн үеийн МАХН, одоогийн МАН үнэмлэхүй ялалт байгуулж, нэг өдөр л ажлаас чөлөөлсөн. Би ямар ч гэм хийгээгүй, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй, алдаа, дутагдалгүй байхад намайг чөлөөлөхдөө “Бид намын бодлогоор ажлаас чөлөөлж байна” гэж хэлсэн. Улстөр, нам гэдэг ийм байдаг юм байна. Зүгээр мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнийг улс төрийн ямар нэгэн шалтаг, шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа бол энэ улс төрд нь оръё гэж шийдсэн. Ардчилсан намд анх удаа элсэж, залуухан хархүү Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болж, Ховд аймгийн Ардчилсан намыг хөгжүүлэх, Ховд аймгийн АН-ын гишүүд, дэмжигчдийг сэргээх, гишүүдийн тоог нэмэх, элсүүлэх ажилд ханцуй шамлан орсон.
-Та өмнө нь УИХ-ын гишүүн байсан шүү дээ.
-Би 2012-2018 оны хооронд УИХ-ын гишүүнээр Ховд аймгаас сонгогдож, дөрвөн жилийн хугацаанд ажилласан. Энэ дөрвөн жилийн хугацаанд ажиллахдаа гурван жилд нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажилласан. УИХ-ын дөрвөн жил миний хувьд харвасан сум шиг л хурдан өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, маш их ажилтай, завгүй дөрвөн жил байсан.
Манай байнгын хороо таван яамны асуудал эрхэлдэг байлаа. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх асуудлуудыг хөөцөлддөг, олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байлаа. Олон хууль ч санаачилж, олон ч хууль батлуулж чадсан, бусад яамдаас өргөн барьсан хууль, бодлогод идэхтэй оролцдог гишүүн байлаа.
-Та гэр бүлийнхээ талаар бидэнд хуваалцаач?
-Би их сургуулиа төгсөж ирээд эхнэртэйгээ танилцаж байлаа. Манай эхнэр бас Ховдынх. Нэлээн хэдэн жил үерхсэн. Яаран танилцаад гэр бүл болоогүй.
Би гурван охинтой. Эцэг болно гэдэг их сонин мэдрэмж. Миний хүүхдүүд яах бол, ирээдүйд ямар хүмүүс болох бол. Цаашилбал, ямар нөхөртэй, хэдэн хүүхэдтэй, яах бол гээд л. Олон охидтой айл учраас гэр бүлийн уур амьсгал их зөөлөн.
Би охидоо “Аав нь боловсрол олгох талд нь л анхааръя. Сайн боловсролтой, сайн, зөв хүмүүс бол. Хань ижлээ зөв сонго. Аав нь эд хөрөнгө өвлүүлж чадахгүй. Харин та нар сайн явж, намайг өтөлсөн хойно харж үзэж, тусалж дэмждэг байх ёстой шүү” гэдэг үзлээр багаас нь хүмүүжүүлсэн. Миний хүүхдүүд тансаг хэрэглээнд дургүй. Жирийн л дундаж сэхээтний гэрт төрсөн хүүхдүүд ямар байдаг тэр маягаар л өссөн. Гол нь толгойдоо мэдлэг боловсролтой байх ёстой. Хүнтэй зөв, боловсон харьцдаг байх ёстой. Миний аав, ээж надад сургаж байсан шиг л худал хэлдэггүй, хулгай хийдэггүй, ханилж, нөхөрлөсөн хүмүүстээ үнэнч ханддаг байх ёстой гэсэн зарчмаар хүүхдүүдээ хүмүүжүүлдэг.
-Та ямар зарчим баримталдаг вэ?
-Миний ганц баримталдаг зарчим байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх. Хүн бүр баян болж, бизнес хийж чадахгүй. Хүн бүрд хийж чаддаг зүйл бий. Зарим нь төрийн албанд зүтгээд цалингаараа амьдарч болж байна. Зарим нь бизнес эрхэлж, олон ажлын байр бий болгож, баялаг бүтээгээд явдаг байж болно. Зарим нь малаа маллаж, баялаг бүтээдэг байж болно. Хүн бүр хийж чаддаг ажлуудаа л хариуцлагатай хийдэг. Хийсэн ажлынх нь цалин орлого амьдрал ахуйд нь хүрэлцдэг байдлыг бүтээвэл улс орон амархан хөгжинө гэж боддог.
Уртаар нь дүгнээд үзвэл миний амьдрал их зөв явсан болов уу гэж боддог. Их хөрөнгө мөнгөнд шунасангүй, иргэнийхээ үүргийг биелүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулъя гэж бодож явсан. Очиж ажилласан салбар бүртээ өөрчлөлт, шинэчлэлт хийхийг зорьдог. Бүхлээр нь харахад дажгүй амьдарсан юм уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, арай зөв явсан юм уу даа. Амьдралын замналд мэдээж алдаа, оноо байлгүй л яах вэ. Алдаанаасаа оносон нь илүү юм уу даа гэж боддог. Цаашдаа ч ийм байхыг хүсдэг.