Манай улсын насанд хүрэгчдийн 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй гэх 2022 оны судалгаа бий. Судалгаанд дурдсанаар жилд 10 мянган хүн архины хамааралтайгаар нас барж байна. Өөрөөр хэлбэл архидалт нь чимээгүй тахал болсоор буй юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл, 2050 онд архины хамааралтай хүмүүсийн тоо хоёр дахин, нас баралт хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл архидалтын талаар сэтгэл зүйч Б.Уянга дараах зүйлийг хэллээ.
АРХИ УУЖ УХАМСАРГҮЙН ТҮВШИНД ХҮРСЭН ҮЕДЭЭ ӨӨРИЙНХӨӨ МЭДРЭМЖИЙГ ЗАМБАРААГҮЙ ИЛЭРХИЙЛЖ ЭХЭЛДЭГ
Тэрээр, “Хүн бүр сэтгэл зүйн хэрэгцээтэй. Надад ч хэрэгцээ байгаа. Танд ч бас хэрэгцээ байгаа. Хэн нэгнийг бид санамсаргүй болон санаатайгаар гомдоочихдог. Тэр гомдлоо илэрхийлж чадахгүй байгаа учраас сэтгэл зүрхэн дотроо л хадгална. Таны сэтгэл тодорхой хэмжээний савтай байгаа. Тэр сав дүүрэхээр ямар нэг зүйл хэрэглээд, тухайн зүйлээ гаргахыг хүснэ ээ дээ. Донтох шалтгааныг сэтгэл зүйн хэрэгцээтэй холбож үзэх юм бол өөрийнхөө мэдрэмж болоод үнэлэмжийг дутуу мэдэрч байгаатай холбож үзэж байна. Өөрийгөө үнэлэх үнэлэмж дутуу байгаа учраас тухайн хүн эрүүлдээ буюу ухамсартай байгаа үедээ сэтгэл доторх мэдрэмжээ бүрэн илэрхийлж чадахгүй байна гэж харж байгаа юм. Архи ууж ухамсаргүйн түвшинд хүрсэн үедээ өөрийнхөө мэдрэмжийг замбараагүй илэрхийлж эхэлдэг. Хэн нэгэн гомдсон хүндээ илэрхийлж эхэлж байгаа нь архинд донтох эх үүсвэр болж байгаа юм” гэлээ.
Архинд донтох шалтгааныг сэтгэл зүйч сэтгэл зүйн хэрэгцээтэй холбон тайлбарлаж буй. Бид архинд донтож, амьдралаа алдсан хоёр хүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
Кейс нэг.
Архи уух шалтгаан гэвэл би нөхөртөө зодуулж, гараа гэмтээсэн. Одоо гар минь идээлээд л явж байна. Би хоёр хүүхэдтэй. Нэг хүүхэд маань 21 настай. Одоо миний ээж дээр хоол идээд байж байгаа. Нэг хүүхэд маань зургаан настай. Одоо асрамжийн газар байгаа. Би амьдралд олон зүйл алдсан. Үр хүүхдээсээ салсан. Би харддаггүй, зоддоггүй, сайхан ханьтай байсан бол аз жаргалтай амьдрах байсан л гэж боддог юм…
Кейс хоёр.
Хань ижил маань өөд болсон. Хүүхдүүд том болоод тусдаа гараад явсан. Тэгээд л ах нь ганц бие амьдардаг юм. Ер нь их ганцаарддаг. Уугаад ганцаардлаа тайлж чадахгүй л байна. Яах вэ дээ сэтгэлээ л чангалах гэж уудаг.
САЙН МЭДЭЭ…
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 43 дугаар зарлиг гаргасан.
Зарлигийн хэрэгжилт, үр дүнгээс дурдвал: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын тухай, Засгийн газрын сангийн тухай зэрэг дагалдах 10 гаруй хуульд өөрчлөлт оруулсан.
2022 оны эхний хагаст 16,8 сая литр архи, согтууруулах ундаа борлуулсан бол энэ оны мөн үед 14,6 сая литр болж, 2,2 сая литрээр буурсан байна. Мөн импортоор авсан архи, согтууруулах ундааны хэмжээ 150 мянган литрээр багасчээ.
2023 оны эхний найман сард 25,392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3,289 буюу 13.0 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж, 46.5 хувь нь нийслэлд, 2,089 буюу 53.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Архи, согтууруулах ундааны хэрэглээ багассанаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар,
Шалгагдсан зөрчил 13.6 хувиар,
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон торгуулж, эрхээ хасуулсан зөрчил 26.0 хувиар,
Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 41.3 хувиар,
Эрүүлжүүлэгдсэн хүний тоо 76.0 хувиар буурсан байна.
Онцгой албан татварын тухай хуульд заасны дагуу архи, согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан. Одоогийн байдлаар тус санд 8орчим тэрбум хуримтлагдаад байна.