Боловсролтой, хүмүүжил төлөвшилтэй хүн хаана ч үнэ цэнтэй. Гагцхүү өөрийнхөө ертөнцийг шинээр нээж, боловсролдоо маш том хөрөнгө оруулалт хийж, энэ л амьдралд өөрийн гэсэн өнгө төрхөө үнэ цэнтэйгээр бүтээж яваа хөдөлмөрч, ухаалаг бүсгүйг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа урилаа. Түүнийг Энх-Амгалангийн Саранцэцэг гэдэг. Улс төрийн ухааны доктор тэрээр өдгөө МУИС-ийн улс төр судлалын тэнхимд багшлан соёлын үрийг түмний үрст түгээж яваа.
-Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу. Намайг Энх-Амгалангийн Саранцэцэг гэдэг. Булган аймгийн Могод суманд төрж өссөн. Аймгийнхаа Могод сумын сургуульд суралцаж байгаад нийслэлд ирээд, Улаанбаатар хотын Эрдмийн Ундраа цогцолбор 78-р сургуулийг төгссөн.
Миний аавыг Энх-Амгалан гэдэг. Автын механикч мэргэжилтэй. Миний ээжийг Уранчимэг гэдэг. Одоо хувиараа бизнес эрхэлдэг ийм хүн байгаа.
Би айлын том охин. Миний ээж, аав, манай ах дүүс бүгдээрээ Булган аймгийн Могод сумынхаа Хульжийн голоор амьдардаг. Би гурван дүүтэйгээ Улаанбаатар хотод амьдардаг. Зуныхаа амралтаар төрсөн нутаг руугаа явдаг. Мөн том үйл явдал ч юмуу, эсвэл бямба, ням гараг тааруулаад аль болох нутагтаа зорин очиж, сэтгэлээ сэргээн, эрч хүч энергийг авдаг даа. (инээв)
Боловсрол бол өөртөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт
-Хүүхдүүдээ өндөр боловсролтой болгоход, тэднийгээ сурч, мэдэх их үйлсэд нь аав, ээж тань үргэлжид дэмжсээр иржээ?
-Тэгэлгүй яахав. Миний ээж, аав насаараа шударгаар хөдөлмөрлөөд үр хүүхдийнхээ мөн тэднийхээ боловсролын төлөө анхаараад, өөрсдийнхөө амьдралыг босгосон улсууд. Нутаг усандаа нэр хүндтэй сайхан хүмүүс байдаг. Манай аав, ээж, өвөө, эмээ бидний боловсролд маш их анхаарал хандуулдаг. Ер нь хүн бол эрдэм номтой байх ёстой. Эрдэм мэдлэг гэдэг бол чи амьд яваа цагт, чамайг байгаа тэр газарт хаана ч дагаж явах том баялаг юм. Хэн ч булааж авахгүй баялаг. Иймээс боловсролтой хүн болохын хэрээр дагаад маш том хөрөнгө оруулалтыг өөртөө хийж байна гэсэн үг.
-Таны хувьд ажлын анхны гараагаа хаанаас эхэлж байв?
-Ажлын анхны гараагаа МУИС-иасаа эхэлсэндээ баяртай байдаг. МУИС-ийн энэ халуун тогоонд нь чанагдаж, нэгэн эд эс нь болон түүнээс хоол халбагдах хувьтай төрсөндөө туйлын их бахархаж явдаг. Тиймээс миний амьдралын үнэ цэнтэй салшгүй нэг хэсэг бол МУИС-тай яалт ч үгүй холбоотой. Би багаасаа багш болохыг хүсч мөрөөддөг байлаа. Доктор болоод, сурсан мэдсэнээ оюутан залуучууддаа, дүү нартаа, хүүхдүүддээ зааж өгч Монголынхоо ирээдүйд хувь нэмрээ оруулна гэж боддог байсан. Энэ мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгээс атгаад явж байгаадаа баяр хөөртэй, урамтай явдаг даа.
Боловсролын салбарт соёлын үрийг тарьж яваа
багшийн мэргэжил бахархам
-МУИС хэмээх том өнөр айлд нэгдэн орж, багш болоод одоо мөрөөдлөө биелүүлжээ?
-Өвөө маань хүнд өвдөөд бид хоёр яриад сууж байсан. Тэр үед би жаахан, 10 настай л байсан үе. Тэгэхэд надаас манай өвөө намайг 70 хүрэхэд миний охин юу хийж байх бол доо. Ингээд бид ирээдүйнхээ тухай ярилцсан. Тухайн үед би доктор гэж юу байдгийг ч мэдэхгүй, би доктор болчихсон байна, би хүнтэй суусан, гэр бүлтэй болчихсон байна гэж хэлсэн. Тэр зорилгыг өвөртөлж, би доктор болно гэдэг итгэл үнэмшлээр өнөөдрийнхөө, өөрийнхөө амьдралыг бүтээж, ирээдүйнхээ амьдралын зорилгынхоо үзүүрээс атгаад явж байна. Нөгөө талдаа би өвөөтэйгээ яриад сууж байсан тэр амлалтаа биелүүлсэн гэж боддог.
-Улс төрийн ухааны доктор болж нэг том зорилгодоо хүрчээ. БНСУ-д докторын зэргээ хамгаалсан гэж сонссон?
-Монгол Улсын Их сургуулийнхаа Улс төр судлалын бакалаврын ангийг төгсөөд үргэлжлүүлээд магистрынх нь сургалтанд хамрагдаж төгссөн. Би 2015-2021 оны хооронд БНСУ-д улс төрийн ухааны докторын зэрэг хамгаалаад ирээд МУИС-ийнхаа Улс төр судлалын тэнхимд Монголын улс төрийн үйл явцын шинжилгээ мөн улс төр судлалын үндэс, улс төрийн чанарын судалгааны аргазүй гэсэн хичээлүүдийг ахисан түвшний болон бакалаврын түвшний оюутнуудад зааж байгаа. Мөрөөдлөө биелүүлж яваа гэдэг утгаараа надад харамсах зүйл нэг ч төрдөггүй. Соёлын үрийг тарьж яваа, ирээдүйдээ хувь нэмрээ оруулж байгаа, нийгмийг соён гэгээрүүлж байна гэдэг утгаараа би мэргэжилдээ эзэн болж улам илүү ихийг сурч мэдэх юмсан гэж их боддог.
Боловсрол бол оюуны, санхүүгийн, эр зориг их хүч
-Боловсролыг та хэрхэн цөөн үгээр тодорхойлох вэ?
-Би бол боловсролыг оюуны их хүч, санхүүгийн их хүч, эр зоригийн их хүч гэж боддог. Тийм ч учраас боловсролдоо хөрөнгө оруулахыг хамгийн түрүүнд баримталдаг. Магад гэр бүлийн, эргэн тойрны дотны хүмүүсийн эерэг нөлөөлөл бий. Мөн аль албан газар, аль ч улс оронд ажиллаад явахад би хүмүүжлээрээ, төлөвшлөөрөө ялгардаг. Үүнийг би хаана ч, ер нь бат бахархалтайгаар хэлдэг.
Энэ бол миний гэр бүлийн ач. Би ийм сайхан гэр бүлд өсөж торнисондоо маш их бахархаж явдаг эгэл жирийн л айлын хүүхэд. БНСУ-д ч тэнхимийн багшийгаа дагаад гадаадын оюутан залуус, Солонгос хүүхдүүдэд Монголын түүх, ахуй соёлын хичээл заадаг байлаа. Багшийн мэргэжил хамгийн сайхан.
Хүмүүжил төлөвшлөөрөө хаана ч ялгардаг хүмүүсийг хүндлэм байдаг
-Монгол эх орныхоо түүх, соёлын чиглэлээр БНСУ-д багшилж байсан нь танд туршлага хуримтлуулах гол түлхэц болсон байх?
-Тиймээ. Миний эрхэлж, хийж байсан бүх л ажил надад маш том туршлага, түлхэц болж өгдөг. БНСУ-аас буцаж ирээд Хууль зүйн үндэсний хүрээлэнд мэргэжилтнээс нь эхлээд Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албыг хүртэл хашсан. Хүн удирдах тал дээр гээд ер нь л маш их олон зүйлийг сурч мэдэж авсан. Гадаадад сурсны нэг давуу тал нь хүн маш эх оронч сэтгэлтэй болдог. Би эх орон руугаа маш их яарч ирсэн. Сургуулиа 2021 оны 08-р сард төгсөнгүүтээ хэд хоногийн дараа дипломоо аваад л хамгийн эхний онгоцоор эх орондоо ирж байлаа.
Хүн зорьсон зорилгынхоо төлөө зүгээр яриад суух биш түүнийхээ төлөө ямар нэгэн алхам, үйлдэл юу ч байсан хийх ёстой. Гадаадад байгаа Монголчуудынхаа дуу хоолой болоод тэдгээр хүмүүсийг эх орондоо буцаж ирэх нөхцөлийг нь бүрдүүлж өгөхийн төлөө би гар бие оролцох хэрэгтэй. Монголдоо боловсролтой, мэдлэгтэй, ур чадвартай боловсон хүчин болсон шижигнэсэн залуучууд мэргэжлээрээ ажиллаж, амьдрах тэр нөхцөл боломжийг бий болгох шаардлага зайлшгүй байна.
Ярилцсанд баярлалаа.
Оюутан байхад бидэнд хамгийн их тусалдаг асуудлыг минь шийдэж өгдөг найрсаг зан ааштай сургалтын албаны эгч маань одоо төрөлх их сургуульдаа багшилж байгааг хараад маш их бахархаж байна аа.
Танд ажлын өндөр амжилт хүсье