УИХ-ын чуулганаар өчигдөр /2024.05.28/ Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.
Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж,
-
допингийн эсрэг үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг тусгай бүлэг болгон оруулах,
-
Дэлхийн допингийн эсрэг дүрмийг үндэслэн допингтой холбоотой маргааныг олон улсын спортын арбитрын шүүхээр шийдвэрлэж байх,
-
Нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагчид таван жил тутам нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгох,
-
олимп, тив, дэлхийн наадам, аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин эрүүгийн хариуцлага хүлээсэн бол сар бүрийн мөнгөн урамшууллыг ял шийтгэл эдлэх хугацаанд зогсоох зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргажээ.
Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ.
2022 оны нэгдүгээр улирлын байдлаар төр засгаас нэг сард 154 сая төгрөгийн урамшуулал авдаг нийт 67 тамирчин байжээ.
Үүнээс хуулийн хариуцлага хүлээсэн нь олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр байна. Түүний хувьд нийт 7.5 сая төгрөгийг урамшуулал болгон авдаг байв.
Эx Сурвалж: Ubn.mn