Өрөг нэвтрүүлгийн шинэ дугаарт MLC Business School ийн үүсгэн байгуулагч Ц.Баатархүү оролцлоо. Бүтэн нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД 30 МЯНГАН IT ИНЖЕНЕР ШААРДЛАГАТАЙ
MLC Business School бол Монголын олон лекторуудыг бэлдэж байсан сургууль. Одоо ихэвчлэн IT чиглэл рүү мэргэшиж ажиллаж байх шиг байна. Яагаад энэ чиглэл рүү мэргэших болов?
Дэлхий даяар цахим шилжилт хийж байна. Дэлхийн хөгжил дэвшил өөрөө технологи дээр суурилж байгаа. Тэгэхээр дэлхийн бизнесийн салбарын гол өрсөлдөөн технологийг хэрхэн бүтээж байгаа вэ, хэрхэн нутагшуулж байгаа вэ гэдгээс хамаарч буй юм. Технологийг бүтээдэг хүмүүс нь хэн бэ гэхээр технологийн инженерүүд буюу бидний хэлдгээр IT нар. IT инженерийг ямар улс орон татаж чадаж байна тэр хөгжлийг авч ирж чадна. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 20-30 мянган IT инженер шаардлагатай гэж үздэг. Одоогийн их дээд сургууль, боловсролын тогтолцоо энэ хурдыг гүйцэхгүй байна. Одоогоор монголын зах зээлд идэвхтэй 2000-3000 инженер ажиллаж байна. Тиймээс бид 20 мянган инженерийг зайлшгүй бэлдэх шаардлагатай. Энийг бэлдэхэд хөрөнгө оруулъя гээд MLC Business School ийн дараагийн алсын хараа гараад, энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийгээд, олон улсын хамтын ажиллагаа эхлээд бид хамтдаа таваас зургаан улсад зэрэг эхлүүлээд, туршлага солилцоод явъя гэдэг шийдвэр гаргасан.
Сая танай хөтөлбөрийг харахад томоохон комдпаниуд инженерүүдээ танайд дахин сургаж байна. Ямар чиглэлээр дахин сургаж байгаа вэ?
Дөрвөн жил сураад 40 жил амьдардаг үе өнгөрсөн. Бизнесийн салбар ч тэр, төрийн байгууллага ч тэр бүтээмжтэй байя гэвэл хүн болгон насан туршдаа тасралтгүй, тогтвортой мэргэшиж байх ёстой.
Сингапурын жишээ бол 40 нэмэх гэсэн том хөтөлбөрийг гаргасан. Энэ нь 40 наснаас нь хойш дахин их дээд сургуульд сургаж мэргэшүүлэх боломжийг олгож байгаа. Үүнээс их дээд сургуульд залуучууд суралцдаг, залуучууд мэргэших ёстой гэсэн үзэл өөрчлөгдөж нас харгалзахгүй, хүн дахин дахин сурах ёстой гэдгийг харуулж байна. Тэгэхээр монголын бизнесийн байгууллага, технологид суурилсан компаниуд инженерүүдийнхээ түвшнийг тогтоох ёстой гэсэн шаардлага үүсэж байгаа. Манай сургалтад хамтарч ажиллаж байгаа олон улсын байгууллага англи хэлний түвшин тогтоодогтой адилхан IT инженерүүдийн түвшин хаана байгаа вэ гэдгийг тогтоож, цааш сурах шаардлага байна уу байхгүй юу гэдгийг тогтоодог учраас технологид суурилсан компаниуд ихэвчлэн хамтарч ажиллаж байгаа.
IT САЛБАР КРЕДИТ ЦУГЛУУЛДАГ ТОГТОЛЦООНООС ТАТГАЛЗСАН
Хүүхдүүдээ аав ээж нь IT бол гээд нэг их дээд сургуульд оруулчихдаг. Нөгөө хүүхэд нь сонирхолгүй гээд дундаас нь хаях хэрэг гардаг. Харин танайд богино хугацаанд үүнийг тестэлж болох юм байна. Үүний тухай танилцуулаач.
Бид шинэ төгсөгчид, суралцагчдын мэргэжил сонголтод хүчээр нөлөөлж болохгүй. Тиймээс яг энэ хүн IT болох боломжтой юу үгүй юу гэдэг шийдвэр гаргах сонголтыг өгдөг. Дэлхий даяар явж байгаа манай хөтөлбөрийн гол онцлог бол бид нэг сарын хугацаанд төлбөргүй сургадаг. Тэгээд тэр хүн шалгалтаа өгөөд, ар гэр, багш нартайгаа зөвшилцөөд цаашид IT мэргэжлээр сурах уу үгүй юу гэдгээ шийдээд, цааш нь 2,5 жилээр мэргэшсэн инженер болох боломжтой байдаг.
Тэгэхээр заавал 4 жил их сургуульд сурахгүйгээр 2,5 жилээр танай хөтөлбөрт хамрагдаад IT инженер болох боломжтой гэсэн үг үү?
Яг энэ салбарт хатуу, кредит цуглуулдаг тогтолцооноос татгалзаж байгаа. Солонгосын томоохон аж ахуй нэгжүүд ч диплом шаардахаа больсон. Энэ нь ур чадварт суурилсан мэргэжил. Ур чадварыг нь шалгахад амархан байдаг учраас диплом шаардахаа больсон байна. Өмнөх систем нь цээжлүүлдэг, цээжилснийг шалгадаг кредит цуглуулдаг байсан. Одоо бол кредит цуглуулдаг тогтолцооноос татгалзаад өөрөө бие дааж сурч байна уу гэдэг тэр зан үйлийг илүү хардаг болсон. Хамгийн түрүүнд боловсролын салбарт инновац хийж гарч ирж байгаа салбар бол IT.
Та бүхнийг зорьж ирж суралцаж байгаа хүмүүсийг харахад мэргэжлээ сольж, дахин мэргэжил эзэмшиж байгаа хүмүүс хэр их байна вэ? Тэр боломжийн талаар мэдээлэл өгөөч. Бид “би их сургуульд сураагүй юм чинь одоо IT болно гэж худлаа байх даа” гэж бодоод байдаг. Тийм боломж бий юу?
Бүх хүнд боломж байгаа гэж хэлмээр байна. Боломж бол сэтгэлгээний бүтээл гэж монголчууд ярьдаг. Боломж бол сэтгэлгээнд байдаг. Хэн нэгэн хүн өгдөггүй. Дахин мэргэшихээр ихэвчлэн төрийн болон хувийн байгууллагуудад ажиллаж байгаа инженерүүд сурч байна. Ихэвчлэн нас тогтсон миний үеийн залуучууд сурч байна гэж харж байгаа. Phython хэлийг статистикийн чиглэлээр ажилладаг, дата анализ боловсруулдаг хүмүүс сурч байна. Мөн Java хэл гэж байдаг. Энэ нь веб дээр суурилсан платформын суурь нь гэж хэлж болно. Үүнийг ихэвчлэн залуучууд сурч байгаа харагддаг. Тэгэхээр программын хэл болгоноос хамааран сурч байгаа хүмүүсийн нас мэргэжлийн онцлог гарах хандлага байна.
ЗӨВХӨН ХӨРӨНГӨТЭЙ ХҮМҮҮС НЬ БАЯЖДАГ ТОГТОЛЦООГ ЧӨЛӨӨЛНӨ
Та MLC business School ийг анх хэдэн настайдаа байгуулсан бэ? Одоо арван хэдэн жил болсон байна.
Анх бид Монголд оюун санааны хувьсгал хийх, мэдлэгээ боловсруулах платформ бий болгоё гээд зааланд цуглаад мэдлэгээ хуваалцах хөтөч болж байсан. Их дээд сургуульд заахаа мартсан тийм зүйлсийг нь олгоё гэдэг зорилгоор сургалтын төвөө анх эхлүүлсэн. Одоогоор арав гаруй жил болж байна. Үүний дараагаар бизнесийн гүйцэтгэх удирдлагуудад зориулсан хөтөлбөр эхлүүлсэн. Дэлхийн улс орны хөгжлийг харахад дандаа төр яриад байдаг. Гэтэл хувийн хэвшил хамгийн том нөлөө үзүүлсэн байдаг. Хувийн хэвшил дотроо компанийн засаглал байдаг. Жишээ нь америкийн топ 100 компанийн 90 гаруй нь нээлттэй засаглалтай компани байдаг. Манай монголын топ 100 компанийн найм, ес нь л нээлттэй засаглалтай байдаг. Дандаа хаалттай засаглалтай, нэг хүний өмчид байдаг. Үүнээс болоод компаниуд хувьцаагаа гаргадаггүй, хөрөнгийн зах зээл нь хөгждөггүй. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй учир манай монголын эдийн засгийн 95% нь банкнаас хамааралтай. Ингэснээр шинэ бизнес эхлэх хүмүүс заавал зээл авах шаардлагатай. Зээлийн шалгуур хангах ёстой болдогч тэдэнд шалгуур хангах хөрөнгө байхгүй. Тиймээс зөвхөн хөрөнгөтэй хүмүүс нь баяждаг, шинэ санаатай хүмүүс нь хөрөнгөтэй болж чаддаггүй энэ тогтолцоог бид өөрчлөхийн тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай. Хөрөнгийн зах зээл гэдэг нь цаанаа биржүүдтэй холбоотой. Биржүүд нь цаанаа компаниудын засаглалтай холбоотой. Манай сургалтын алсын хараа нь компаниудын засаглалыг нээлттэй болгоход хувь нэмрээ оруулах байгаа.
Миний хувьд MLC-д зургаа долоон жил багш хийсэн. Ажлын бус цагаар. MLC-н бүтээгдэхүүн гэж хэлэх дуртай. Миний үеийн хэд хэдэн гүйцэтгэх удирдлагууд эндээс төрөн гарсан байдаг. MLC миний үеийн залуучуудад юу сургадаг вэ?
Мэдээж амжилттай ажиллаж байгаа маш олон залуучууд байгаа. Тэр хүмүүсийг өөрсдийн амбицыг зөв олж харсан гэж боддог. Ямар ч сургууль, сургалтын төв ур чадварыг бүрэн өгч чадахгүй. Тэр ур чадварыг хүн өөрөө хэвшүүлдэг. Гэхдээ би ийм ур чадварыг хэвшүүлье гэх тэр сэтгэлгээний очийг нь асааж өгдөг гэж боддог. Тийм амбицтай байх хэрэгтэй. Амбиц гэхээр монгол хүмүүс буруу ойлгоод байдаг. Тийм тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Тийм тэмүүллийн галын асааж өгдөг гэж боддог.