Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон “Стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувь эзэмшлийг 34 хувьд хязгаарлах” заалт гаднын хөрөнгө оруулалтыг Монголоос зугтаалгах нөлөө үзүүлж болзошгүй гэсэн мэдээлэл гаднын хэвлэлүүдэд гарч байгаа билээ.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаас цаг үеийн асуудлаар тодруулахад “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд 5.7 “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно” гэсэн нэмэлт орсон нь үнэн.
Гэхдээ 5.8-д нь “…Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хувьцаанд хамаарахгүй” гэсэн байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчийн хувь эзэмшлийг 34 хувьд хязгаарлах заалт Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихсан “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагчдад хамаарахгүй. Түүнчлэн, ирээдүйд хийгдэх том хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрт сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн хариулт өглөө.