Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас гарсан ослын талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг БХБЯ-аас танилцуулж, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө.
Ажлын хэсгээс дээрх ослын улмаас галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах, хүчитгэх боломжгүй гэх дүгнэлтийг гаргаж, хохирлыг буруутай этгээдээр гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн тус хэргийг цаашид нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд шийдвэрлэх, Засгийн газраас шийдвэрлэсэн 5 тэрбум төгрөгөөс зарцуулагдаагүй үлдсэн 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн ЗДТГ-т шилжүүлэхийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан үүрэг болголоо.
Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг аюулгүй болгох, стандарт норм мөрдүүлэх тал дээр холбогдох яамдууд хамтран ажиллах даалгаврыг өглөө.
Эx Сурвалж: ОБЕГ