Хаваржилт хүндэрсэн зарим аймгуудад цэргийн алба хаагчид ажилласан хэвээрээ байна. Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангийн алба хаагчид гамшгийн хохирлыг арилгах, зам даваа нээх, өвс тэжээл хүргэх ажлыг тасралтгүй 20 гаруй хоног гүйцэтгээд харьсан бол зарим нь орон нутгийн хаваржилтын нөхцөлөөс хамааран үргэлжлүүлэн ажилласаар байгаа юм.
Тэдний нэг нь Архангай аймагт үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан бөгөөд инженерийн цэргийн алба хаагчид өдгөө Хайрхан, Цахир сумдад ажиллаж байна. Энэ талаар үүрэг гүйцэтгэж яваа ахмад М.Жанарбекээс тодруулахад “Архангай аймагт 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Хөдөө орон нутгаараа гамшгийн эрсдэл буугаагүй хэвээрээ байна. Малынхаа хотыг харлуулсан, байдаг хэдэн малаа алдсан санаа сэтгэлээр унасан тийм л хүмүүстэй таарч байна даа. Манай ангиас миний бие болон ахлах ахлагч Г.Очирбал, ахлах ахлагч А.Баатарцогт, ахлагч О.Өлзийням бид дөрөв хоёр нэгж техниктэйгээр Цахир, Хайрхан сумдад өвс тэжээл хүргэх ажлыг голчлон гүйцэтгэж байна” гэлээ.
Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур суманд мөн Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 24 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ тухай дэд хурандаа А.Алтангэрэл ярихдаа “Манай бүлгүүдийн хувьд малчны хотонд үүссэн гамшгийн хор хохирлыг арилгахад голлох үүрэгтэй ажиллаж байна. Мөн сүүлийн үед цаг агаар дулаарснаас үүдэн шар усны үер бууж, малчдын өвөлжөө дахин хөлдөх эрсдэл ойрхон байна. Үүнтэй холбогдуулан зарим өндөрлөг газрын хунгарласан их хэмжээний цасыг цэвэрлэх, хусах ажлыг ч давхар гүйцэтгэж байна. Орон нутгийн удирдлага, малчдын зүгээс талархлаа байнга илэрхийлж, энэ гамшгийн хохирлыг та наргүйгээр арилгах боломжгүй хэмээн байнга баярласнаа илэрхийлж байгаа” гэсэн юм.
Эx Сурвалж: Монгол Улсын Батлан Xамгаалаx Яам