Доналд Трампын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших анхан шатны сонгуульд нам дотроосоо оролцох эрхийг нь АНУ-ын хэд хэдэн муж, мужийн шүүх хориглоод байсан. Тэгвэл өчигдөр АНУ-ын дээд шүүх энэ шийдвэрүүдийг няцааж, Колорадо мужид Трампын сунгаанд оролцох эрхийг хориглож болохгүй гэсэн шийдвэр гаргажээ. Колорадо, Мэйн, Иллиной зэрэг мужууд 2021 оны 1-р сарын 6-нд Капитолд болсон үймээнд Трампыг буруутай гэж үзэн түүний сунгаанд орох эрхийг цуцлаад байсан юм. Ингэхдээ тэд АНУ-ын Иргэний дайны дараа батлагдсан үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийн 3-р заалт үндэслэж шийдвэрээ гаргасан байдаг. Ингэснээр анх удаагаа ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөж буй хүний сунгаанд оролцох эрхийг тус хуулийн заалт дээр үндэслэн хориглосон хэрэг болсон юм. Энэ заалтад "АНУ-ын эсрэг бослого гаргасан, оролцсон эсвэл дайснууддаа тусламж, дэмжлэг үзүүлсэн бол аль нэг муж улсад төрийн алба хашихыг хориглоно” гэж тусгасан байдаг. 2021 оны 1-р сарын 6-нд Трампыг дэмжигчид Капитол буюу АНУ-ын конгрессийн төв байр луу дайран орсон хэрэг гарсан. Үүнд Трампыг, тэр дундаа түүний тухайн үед твиттер дээр бичиж байсан жиргээнүүд нөлөөлсөн гэж буруутгаж, улмаар ийм шийдвэр гаргахдаа тулсан байдаг. АНУ-ын дээд шүүхийн шүүгч нар ийнхүү нэг талыг баримталж Трампын нэрийг саналын хуудаснаас хасаж болохгүй гэдэгт санал нэгдсэн ч шүүхийн шийдвэрийн цар хүрээнд харин өөр өөр байр суурьтай байна. Улмаар 5-4 гэсэн харьцаатайгаар аль ч муж Трампыг саналын хуудаснаас хасаж болохгүй гэж үзжээ. Мөн “Супер мягмар гараг”-ийн сунгаа болохоос нэг өдрийн өмнө энэ шийдвэр гарсан нь их онцлог болж буй. Д.Трамп үүнийг өөрийнх нь төдийгүй Америкийн хувьд ялалт гэжээ.