Өнгөрсөн 7 хоногт буюу 2024 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан төрийн байгууллага дотор архи ууж, танхайрчээ” гэсэн тайлбартай дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон.
Бичлэг нийтэд ил болсон даруйд зарим иргэд “энэ хүнийг унагааж, оронд нь цэцийн гишүүн болох гэж байгаа хүний ажиллагаа эхэлжээ” гэх хардлагатай байгаагаа бичжээ. Үүнийг үгүйсгэх аргагүй. Хэн, хаанаас, яаж олж авсан бичлэг гэдэг нь мэдэгдэхгүй, мөн буцах эзэнгүй, буух хаяггүй цахим сүлжээний хэрэглэгч олон нийтийн сүлжээнд энэ мэт бичлэг тавиад, араас нь түүнийг огцруулах асуудал ярих тохиолдол нэг биш удаа болж байсан.
Нөгөөтээгүүр, “ийм үйлдэл гаргасан Цэцийн гишүүнд ямар хариуцлага тооцдог юм бэ?” гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Тухайлбал, isee.mn вэб сайт 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдөр “Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаас тодруулахад … прокурорын … болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй Цэцийн гишүүнийг шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг тодотголоо …” гэсэн мэдээ оруулжээ.
Энэ нь ч үнэний ортой. Нэг үгээр бол Монголын төр иргэддээ тун чиг хатуу хэр нь төрийн өндөр албан тушаалтнууддаа дэндүү зөөлөн ханддаг гэж хэлж болохоор.
Аливаа асуудлыг ажил, мэргэжлийнхээ хүрээнд хараат бусаар, бие даасан байдлаар шийдэх үүрэгтэй Цэцийн гишүүд, шүүгч нарын хувьд “халдашгүй байдал” нь юу юунаас чухал гэдэгтэй санал нийлэхийн дээдээр нийлнэ. Цэцийн гишүүд чинь гэмт хэрэг үйлдэж байхдаа хэргийн газарт гэмт үйлдлийнхээ нотлох баримттайгаар баривчлагдчихаагүй бол тэдэнд хэн ч халдаж чадахгүй тийм л хамгаалалттай хүмүүс шүү дээ (ҮХЦтХ 5.1).
Гэхдээ энэ чухал зарчмаар халхавч хийж халдашгүй байдлын хамгаалалтын заалтаа хэт ерөнхий зохицуулсан байгаа нь Цэцийн гишүүн зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж буй хүн “наад захын” ёс зүйн шалгуурыг илтэд зөрчиж байхад түүнд хариуцлага тооцох боломжгүй нөхцөл үүсгэж байна.
Учир нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.3-т зааснаар Цэцийн гишүүнийг эгүүлэн татах буюу огцруулж болох ганцхан үндэслэл нь “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоосон” байх юм.
Энэ 5.3 заалт “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно.” гэсэн хувилбартай байсан. Өөрөөр хэлбэл, цэцийн гишүүн нь өндөр хариуцлагатай албан тушаал учир тэрээр хууль зөрчиж болохгүй бөгөөд ийнхүү хууль зөрчвөл цэцийн гишүүнээс нь эгүүлэн татна гэсэн агуулгатай байж. Энд цэцийн гишүүний ёс зүйн зөрчил ч хамаарч болохоор.
Харин, энэ заалтын “эсхүл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон" гэсэн хэсгийг нь манай Цэц өөрөө 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байна. Ингэснээр, тэд гэмт хэрэг хийхгүй бол тэднийг хэн ч цэцийн суудлаас нь “ховхолж” чадахгүй.
Хэрвээ Г.Баясгалан нь ажлын байран дээрээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол түүний үйлдэл хууль зөрчсөн үйлдэл мөнөөсөө мөн. Энэ талаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд тодорхой заажээ.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд бол Цэцийн гишүүний ёс зүй гэж нэг ч үг байдаггүй юм байна. Угтаа, хариуцлага албан тушаалд ажиллаж буй хүмүүст хувийн эсхүл төрийн байгууллагад ажилладаг эсэхээс үл хамааран тодорхой ёс зүйн шалгуур бүхий ёс зүйн дүрмүүд байдаг. Тухайлбал, шүүгчийн ёс зүйн дүрэм, хуульчийн ёс зүйн дүрэм, улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрэм гэх зэргээр том, жижиг гэлгүй бүхий л салбарт ёс зүйн дүрэм байдаг. Харин Цэцийн гишүүний ёс зүйн дүрмийг хайгаад олсонгүй. Тийм дүрэм байдаггүй бололтой, эсвэл байсан ч олон нийтэд лав ил биш бололтой. Цэцийн гишүүд өөрсдөдөө, эсвэл хууль тогтоогч УИХ цэцийн гишүүдэд ёс зүйн шалгуур тавих бодол, санаа, хүсэл байдаггүй юм уу гэлтэй.
Нөгөөтээгүүр, хууль хоорондын уялдаа холбоог үндэслэл болговол Цэцийн гишүүдэд “ядаж” л Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хамаарах юм байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 13.1.1-д зааснаар цэцийн гишүүн нь “төрийн тусгай албан хаагч” гэсэн ангилалд хамаарах төрийн албан хаагч ажээ. Энэ үүднээсээ тэдэнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хамаарах бөгөөд хэрвээ Цэцийн гишүүн Г.Баясгалан ажлын байран дээрээ буюу Үндсэн хуулийн цэцийн байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол тэрээр уг хуулийн 8.2.8-д заасныг буюу “8.2.8.албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх.” – ийг хориглосон заалтыг зөрчсөнөөрөө ёс зүйн зөрчил гаргасанд тооцогдохоор байна.
Гэхдээ мэдээж Төрийн албаны ттухай хуулийн 4.6-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөх асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.” гэж заасны дагуу дээрх үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзсэн ч түүнд ийнхүү Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.
Угтаа, ямар ч түвшний ажил, алба эрхэлж буй хүнд ажлын байран дээрээ архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох заалт байдаг шүү дээ. Тэр ч бүү хэл архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байрандаа нэвтэрч орох ч хориотой байх тохиолдол байна. Энэ нь улмаар ажлаасаа “халагдах” үндэслэл болохуйц ноцтой зөрчил болдог.
Гэтэл иргэд бидэнд бүгдэд нь нэн тэргүүнд тавьдаг энэ шалгуур нь “дээр нь хөх тэнгэр л байдаг” гэлцэж түмнээс өндөрт өргөдөг Цэцийн гишүүдэд хамаагүй гэж үү?
Г.Баясгалан гэх Цэцийн гишүүн уг нь өөрөө ухамсартай хүн бол өөрийн энэ ёс зүйн зөрчлөө хүлээн зөвшөөрч Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.4-т заасныг үндэслээд чөлөөлөгдөх хүсэлтээ өгч бас болох талтай. Харамсалтай нь Монголд ийм жишиг ямар байдаг биш дээ.
Бидний хийж чадах юм гэвэл хэн ч “халдашгүй байдал”-аар хамгаалагдсан өндөр албан тушаалтандаа тэр хэмжээгээр өндөр шаардлага тавьж хуульчлахыг шаардах л байх шив дээ…