Олон жил төвийг сахих байр суурь баримталж ирсний эцэст Швед, Финланд улсууд 2022 оны тав дугаар сард буюу Орос, Украины дайн эхэлсний дараахан НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан. НАТО-гийн бүх гишүүн орон хүлээн зөвшөөрч байж хүсэлт гаргасан улс албан ёсоор гишүүнээр элсдэг. Ингэхэд дор хаяж нэг жилийн хугацаа шаардагддаг. Финланд улсын хувьд эвсэлд элсэх үйл явц хэвийн явагдаж, өнгөрсөн оны 4-р сард албан ёсоор НАТО-гийн гишүүн болсон. Харин Швед улсын хувьд Турк, Унгарын эсэргүүцэлтэй тулгарч, тодорхой саадуудыг туулах шаардлагатай болсон юм. Турк улс Шведийн эрх баригчдыг тус улс дахь Курд үндэстнүүдийг хэт давраасан гэх үндэслэлээр гишүүнээр элсэхийг эрчтэй эсэргүүцэж байсан. Харин энэ оны 1-р сард Турк улс бодлоо өөрчилж, Шведийг эвсэлд орохыг дэмжсэн юм. Үүнд НАТО-гийн бусад гишүүн орнуудын ятгалга ихээхэн нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж буй. Тэгвэл Унгар улсын парламент 188:6 гэсэн харьцаатайгаар Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг өнөөдөр баталлаа. Ингэснээр Швед улс НАТО-гийн гишүүн орон болох нь тодорхой болж байна. Өнгөрсөн долоо хоногт Унгарын ерөнхий сайд Виктор Орбан “хоёр орон нэгнийхээ төлөө өөрийгөө золиослоход бэлэн болсон” гэж мэдэгдсэн. НАТО-гийн дүрэмд аль нэг гишүүн орон халдлагад өртвөл бусад гишүүн орон руу ч дайрсантай ижил гэж заасан байдаг. Харин Шведийн ерөнхий сайд Улф Кристерсон энэ нь Шведийн хувьд түүхэн өдөр болж буйг цохон тэмдэглэж, тус улс 200 жилийн төвийг сахисан статустаа өөрчлөлт оруулж байгааг мэдэгджээ. Энэ шийдвэрийнхээ талаар тэрбээр “Өөрсдийгөө болон өөрсдийнхөө итгэдэг зүйлсийг хамгаалахын тулд бид ийм шийдвэр гаргаж байна” гэж тайлбарласан юм. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн Унгарын шийдвэр нь тус эвслийг “илүү хүчтэй, аюулгүй” болголоо гэсэн юм. Одоо Унгарын паралментын шийдвэрийг ерөнхийлөгч нь л баталгаажуулах үлдээд байна. Энэ үйл явц ойролцоогоор хэдхэн хоног л үргэлжилдэг юм байна. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан нь консерватив, хэт барууны үзэлтэй улс төрч. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй сайн харилцаатай ба Европын Холбооны Украинд үзүүлэх аливаа тусламжийг эсэргүүцдэг. Харин Швед улс Унгарыг Европын ардчиллын үнэт зүйлийг алдагдуулж байгаа гэж буруутгадаг улсуудын нэг. Гэвч өнгөрсөн долоо хоногт хоёр улсын ерөнхий сайд нар уулзаж, Шведийн НАТО-д элсэх асуудалд дипломат арга хэмжээ авсан гэж харагдаж байгаа юм.