Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Каролайна муж улсад Бүгд Найрамдах намынхан сунгаагаа зохион байгууллаа. Санал хураалтын дүнгээр ерөнхийлөгч асан Доналд Трамп дахин ялалт байгуулав. Сунгаанд Доналд Трампаас гадна Өмнөд Каролайна мужийн амбан захирагч асан Никки Хэйли оролцсон юм. Тэдний авсан саналын харьцаа 20 нэгж хувийн зөрүүтэй байлаа. Никки Хэйли төрөлх муждаа ялагдал хүлээсэн ч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн нэрсээс нэрээ татахгүй хэмээн мэдэгдээд байна. Никки Хэйлиг тийнхүү амбан захирагчаар нь хоёр ч удаа ажиллаж байсан муждаа ялагдал хүлээсэн нь түүний өрсөлдөгч Доналд Трампыг хэр хүч нөлөөтэй улс төрч болохыг харуулсан хэрэг боллоо хэмээн шинжээч, ажиглагчид дүгнэж байна.
Доналд Трамп нь Өмнөд Каролайнаас өмнө Айова, Нью-Хэмпшир, Виржиниад болсон сунгаануудад бүгдэд нь ялалт байгуулсан. Энэ оны эхэнд Бүгд Найрамдах намаас Флорида муж улсын захирагч Рон Десантис, бизнесийн салбарын томоохон төлөөлөгч Вивек Рамасвами нар Никки Хэйли болон Доналд Трампын хамт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ гаргаж, кампанит ажлаа идэвхтэй явуулж байсан юм. Харин Рон Десантис, Вивек Рамасвами нар Нью-Хэмпшир дэх сунгаанд ялагдсаныхаа дараа сайн дураараа нэрээ татсан байгаа. Тэд хоёул ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампыг дэмжинэ хэмээн байр сууриа илэрхийлээд байна.
Эx сурвалж: CNN.COM