20 жил монголын хөдөө аж ахуй, гэр бүлийн өөрчлөлт, хэл соёлын талаар судалгаа хийж, 20 гаруй ном, бүтээл туурвисан Оксфордын их сургуулийн багш, Монгол судлаач Ариелл Эхарнтай ярилцлаа. Тэрээр сүүлийн үед малчин гэр бүлүүдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, эхнэр, нөхөр тусдаа амьдрах нь элбэг болсон талаар хуваалцлаа. Энэ нь хүүхдийг зургаан настайд нь сургуульд оруулдаг болсонтой гэж тайлбарлаж байгаа юм.
Зургаан настай хүүхэд дотуур байранд амьдарч, хичээлд явахад хэтэрхий балчир учир ээжүүд сумын төвд суурьшиж, аавууд нь хөдөө малаа маллаж байна. Энэ нь эрэгтэйчүүдийг нийгмээс тусгаарлах, эрүүл мэнд, сэтгэл зүйн эрсдэлд оруулж, цаашлаад гэр бүл салахад нөлөөлж байна. Мөн энэ жил зудын эрсдэл тун өндөр байна. Энэ үед эрэгтэйчүүд олон тооны мал ганцаараа хамгаалах үүрэг хүлээж байгааг байгалийн гамшиг гэж харахаас гадна гэр бүл төлөвлөлт, амьдралын чанар гээд анхаарах олон зүйл байгааг тайлбарлав. Түүний ярилцлагыг хүлээн авна уу.
-Бидэнд цаг гаргасанд баярлалаа. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Урьж, ярилцаж байгаад баярлалаа. Намайг Ариелл Эхарн гэдэг. Оксфордын их сургуулийн газрын танхимд багшилдаг. Би 2004 оноос хойш Монгол хэл, соёл, хөдөөгийн аж ахуйн тухай сурч байна.
-2004 оноос хойш гэхээр бараг хорин жил болох гэж байгаа юм байна.
-Би бакалаврын оюутан байхдаа хөдөө очсон. Тэнд дөрвөн сар орчим Монгол хэл сурч, Монголын түүх, соёл судалж, малчидтай хамт амьдарч байсан. Монгол хэл маань бага багаар сайжирсан. Тэр цагаас хойш монголоос салж чадхааргүй болж, Монголд илүү хайртай болсон. Тэр цагаас хойш Монголоос явж чадаагүй. Одоо Монгол судлаач болсон. Баянхонгор аймагт хөдөөгийн ахуй, амьдралын тухай сурч байна.
-Бакалавраа ямар мэргэжлээр төгссөн бэ?
-Би бакалавраа антропологи мэргэжлээр төгссөн.
-Тэгвэл олон улсаас Монголыг онцолж судалсан гэсэн үг үү?
-Би 2004 онд Монголд анх удаа ирсэн. 2007 онд АНУ-ын Fulbright-ийн тэтгэлэг авсан. Тухайн үед буюу 2007-2008 онд Монголд монгол хэл сурч байгаад магистраар сурахаар явсан.
-Магистраа хаана, ямар чиглэлээр сурсан бэ?
-Би Нью Йоркд байдаг Cornell-ийн их сургуульд магистрт сурсан. Тэнд улс төрийн чиглэлээр хөтөлбөрт хамрагдсан. Дараа нь Монголд ирж, магистрын судалгааны ажил хийсэн. Тухайн үед би ид олон улсын хөгжлийн бодлогын тухай сонирхож байлаа. Үүний дараа докторын зэрэг хамгаалахаар шийдэж, Оксфордын их сургуулийн газар зүйн тэнхимд судалгаа хийж, докторын зэргээ хамгаалсан.
МОНГОЛД ЭХНЭР, НӨХӨР ТУСДАА АМЬДРАХ НЬ ЭЛБЭГШИЖ БАЙНА
-Докторын зэргээ ямар сэдвээр хамгаалсан бэ?
-Би Монголын хөдөөгийн ахуй амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай судалсан. Монгол гэр бүл хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна, хөдөөгийн хүмүүст тулгамдаж буй асуудал, түүнд хэрхэн анхаарч байна гэх мэт.
Жишээ нь, хөдөө амьдарч байгаа хүмүүст олон асуудал тулгардаг. Амьжиргаагаа хэрхэн залгуулах, хүүхдүүдийн боловсролын асуудал, эрүүл мэндийн үйлчилгээ авах, эдийн засгийн эрх чөлөөт байдал гээд олон асуудал бий. Бид тэдний амьдралын хэв маяг, эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэй.
Яг миний судалгаа хийж байх үеэр билүү дээ, 2012 онд Монгол улсын Засгийн газраас хүүхдүүдийн сургуульд элсэх нас найм байсныг зургаан нас болгосон. Тэр үед би нэг зүйл анзаарсан. Хүүхдээ зургаан настайд нь сургуульд элсүүлэхийн тулд ээж нь хүүхдээ дагуулаад, сумын төвд амьдардаг болсон. Харин нөхөр нь хөдөө малаа хариулж үлддэг. Гэр бүл ингэж тусдаа амьдрах нь миний хувьд нийгмийн маш том өөрчлөлт. Өмнө нь ядаж л ээж аав нь хамтдаа сайхан амьдардаг байсан.
Миний мэдэхээр 1980, 1990-ээд оны үед хүүхдүүд сумын төвд дотуур байранд амьдардаг, ээж аав нь хөдөө хамтдаа амьдардаг байсан. Тухайн үед хүүхэд найман настай хичээлд ордог байлаа. Харин одоо хүүхэд зургаан настайгаасаа сургуульд ороход арай л жаахан учраас ээж нь хамт амьдрахаар ирж байна. Ингээд гэр бүл тусдаа амьдардаг болж байна. Энэ бол нийгмийн маш том, хэцүү өөрчлөлт гэж харж байна.
БАЙГАЛИЙН ГАМШГИЙГ ДАВАН ТУУЛАХАД ГЭР БҮЛ ХАМТ БАЙХ НЬ ЧУХАЛ
Өвлийн улиралд хөдөө гэрт эмэгтэй хүн байхгүй, нөхөр ганцаараа байх хэцүү. Эрэгтэй хүн хөдөө мал хариулаад, ганцаараа амьдрах маш хэцүү. Монголын өвөл маш хүйтэн. Малаа хариулаад гэртээ ирэхэд нь хэн ч байхгүй. Ямар ч харилцаа байхгүй байна. Бид ихэвчлэн эмэгтэй хүмүүст л хэцүү гэж ярьдаг. Гэхдээ эрчүүдэд ч анхаарал хандуулах шаардлагатай. Муугаар бодоход, зуд болоход гэрийн эзэн ганцаараа л бүх зүйлээ хийнэ. Малаа хашаалах, тэжээл бэлдэх, гэрээ дулаацуулах гээд бүгдийг ганцаараа хийнэ. Олон жил хөдөлмөрлөж, өсгөсөн малаа нэг зуднаар алдах ч эрсдэлтэй.
2011, 2012 оны үед зуд болж, олон тооны мал үхсэн. Хүмүүс зуд болоод ингэлээ, тэглээ, байгалийн гамшиг хэцүү гэж ярьдаг. Гэхдээ дан байгалийн гамшгаас гадна гэр бүл тусдаа байгаад ч учир байна. Зуд болоход ганцаараа байгаа эрэгтэй хүн дунджаар 700-800 тооны мал хамгаалах үүрэгтэй болно. Эхнэр, хүүхэд нь байхгүй тул маш том эрсдэл, аюултай тулгарч байгаа юм. Тиймээс байгалийн гамшиг гэхээс илүүтэй нийгмийн өөрчлөлт, гэр бүл төлөвлөлт, хамтран амьдрах гээд олон зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй байна.
ОЛОН УЛСЫН СУДЛААЧИД ИЭХВЧЛЭН МОНГОЛЫН ХӨДӨӨГИЙН АХУЙ АМЬДРАЛ, УЛАМЖЛАЛЫН ТАЛААР СОНИРХДОГ
–Одоо Окфордын их сургуульд хичээл заадаг гэсэн. Ямар чиглэлээр хичээл заадаг вэ?
-Англиар хэлбэл Human geography буюу антропологи чиглэлээр хичээл заадаг. Гэхдээ би газарзүйн танхимд харьяалагддаг. Үүнийг монголоор хэлбэл жаахан сонин сонсогдох байх. “Хүний газарзүй” гэж. Тайлбарлавал, хүн байгаль хоёр ямар харилцаа, холбоотой талаар гэх байх.
–Зургаа дахь жилдээ болж байгаа “Oxforddesert conference”-ийг та өөрөө зургаан удаа зохион байгуулж байгаа юу?
-Манай багшийг Troy гэдэг. Тэр 2010 онд анхны хурлыг зохион байгуулсан. Тухайн үед маш жижиг, Оксфордын их сургуулийн хүмүүс л очиж байсан. Би хоёр дахь жилээс нь хамтран зохион байгуулсан. Бага багаар томорч, хүрээгээ тэлж байна.
-Энэ арга хэмжээ нь жил бүр болдог уу?
– Хоёр жилд нэг удаа болдог. Одоо олон улсын Монгол судлаач олон болсон. Янз бүрийн сонирхолтой судалгаанууд хийж байна.
–Энэ нь Post pandemic in inner Asia гэдэг төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Бид Оксфорд их сургуулийн төсвөөс санхүүжилт авдаггүй. Өөр судалгааны төслүүдээс санхүүждэг. Энэ төсөлд МУИС-ийн Мөнх-Эрдэнэ багштай хамтран хэрэгжүүлж байна. Үүнээс гадна Японд долоон сургууль, Киргизстанд нэг, Төв Азид нэг сургууль бий.
Бид 2022 оны зун Улаанбаатар хотод 35 орчим Монгол судлаач урьж, долоо хоногийн хичээл зааж, судалгаа хэрхэн хийх, судалгааны ажлын тайлан, өгүүлэл хэрхэн бичих талаар заасан. Энэ сургалтаараа нэг ном гаргасан.
– “Oxford desert conference”-ийн гол зорилго юу вэ?
-Хоёр гол зорилготой. Бид үргэлж шинэ судалгааны сэдэв ярилцах шаардлагатай болдог. Хамгийн чухал нь олон газраас өөр өөр чиглэлийн хүмүүс цуглаад, дараа нь хамтран ажиллах боломжтой. Шинэ хүмүүстэй танилцаж, шинэ судалгаа эхлүүлж, ном гаргах боломж бүрдэнэ. Ирээдүйд олон сонирхолтой судалгааны ажил хийх нь гол зорилго юм.
-Том, өргөн цар хүрээтэй судлаачдын хуралдаан Монгол улсыг онцолж, Монгол судлаачдыг цуглуулж, олон улсын судлаачдад Монголыг таниулж байгаад монгол сэтгүүлчийн хувьд их баяртай байна. Олон улсын судлаачид Монголыг ямар талаас нь судлах сонирхолтой байдаг вэ?
-Маш олон талаас нь сонирхдог. Тухайлбал, мал аж ахуй, уламжлалт ёс заншил, хөдөөгийн ахуйн талаар их сонирхдог. Монголын байгаль, нийгэм, түүх ч их сонирхолтой.
Хурлын үеэр нэг судлаач сүүлийн үед Монголд баяр наадмын үеэр ч юм уу Dance challenge гээд бүжгийн уралдаанууд хийдэг болсон байна. Бас Монголын цохилтот хөгжмийн талаар судалгаа хийсэн тухайгаа ярьсан. Өөр нэг судлаач баруун монгол хасаг үеийн үзэсгэлэн үзсэн тухайгаа ярьсан. Тэгэхдээ Казак гэрийн оёдог хивс, хана дээр сийлдэг хээ таалагдсан тухай ярьж байсан. Бас айрагны тухай олон судалгаа хийсэн гээд Япон эмэгтэй судлаач ярьж байсан. Судлаачид Монголын мах, цагаан идээ, ес заншил, соёл гээд их зүйл сонирхдог.
-Энэ удаагийн хуралд хэчнээн Монгол судлаач оролцсон бэ?
-Нийт 100 орчим судлаач оролцсон. Үүнээс 20 орчим Монгол судлаач байсан. Мөн МУИС-ийн судлаач, эрдэмтэд болон Монгол улсад суудаг элчин сайдууд ирсэн.
МОНГОЛД ХЯТАДЫН НӨЛӨӨЛӨЛ ХҮЧЭЭ АВЧ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ
–Сэтгүүлч хүний хувьд харахад, Монголын түүх зарим талаараа Хятад руу уусаад байгаа юм шиг санагддаг. Хятадууд Монголын түүхийг өмчлөх сонирхол их юм шиг харагддаг. Та судлаач хүний хувьд үүнийг юу гэж хардаг вэ?
-Энэ маш сонирхолтой сэдэв. Жишээлбэл, Киргиз Хятадын харилцаа тун муу байсан. Урьд нь Киргизд ОХУ улсын нөлөөлөл хүчтэй байсан. Харин одоо Хятад хүчтэй нөлөөлж байна. Эдийн засаг, авлигалын нөлөө бий. Учир нь Киргизийн нийслэлд олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, бүтээн байгуулалтууд хийж байна. Үүнтэй адил Монголд Хятадын нөлөө хүчтэй болж байгаа юм шиг санагддаг.
-Монголын талаарх судалгааны ажлууд хэр их байдаг вэ?
–Манай хичээл ихэвчлэн намар, өвөл, хаврын улиралд ордог. Тэр үедэд Англиас Монголд ирэхэд хэцүү. Олон оюутантай, сургалт, хурал, зөвлөгөөн ихтэй байдаг. Би тавдугаар сараас есдүгээр сарын хооронд Монголд очих боломжтой байдаг. Явахаар бол очоод ядаж 2-3 сар болохыг хичээдэг.
МОНГОЛЫН МАЛЫН ЭМЧИЙН ТАЛААР СУДАЛГАА ХИЙНЭ
–Одоо Монголд ирэхээрээ ямар сэдвээр судалгаа хийх вэ?
-Би Монголд очоод, дахиад Баянхонгор аймаг явна. Надад их сонирхолтой санагдаж байгаа судалгааны сэдэв бол малын эмчийн тухай юм. Учир нь Ковид-19-ийн үед хүний эмчийн тухай олон судалгаа хийж байсан. Гэхдээ тэр үед малын өвчин ч бас байсан. Миний сонирхож байгаа зүйл нь Ковидын-19-ийн үед гарсан малын өвчнийг хэрхэн давсан, одоо нөхцөл байдал ямар байгаа талаар.
Бас Баянхонгор аймагт маш их зуд болсон. Баянхонгорынхон дунджаар 800 км хол Дорнод, Хэнтий рүү нүүсэн. Тэнд очвол олон мал өвчтэй байж магадгүй. Гэхдээ аймаг, сумуудын захиргаа мал, малчдадаа анхаарал сайн тавьдаг. Жишээлбэл, би өнгөрсөн зун Баянхонгорт байхад нэг малчин Хэнтийгээс нүүж очиход сумын захиргаа маш хурдан ажиллаж байсан. Тухайн үед би сумын захиргааны ажилтан, малын эмчийн эрүүл мэндийн талаар судалмаар санагдсан. Судлаачид энэ сэдвээр өмнө нь судалгаа хийж байгаагүй. Надад маш сонирхолтой санагдаж байна. Миний бодлоор малчид уламжлалаа дагаж, хамгаалах хэрэгтэй.
-Та Монголын талаар хийсэн судалгааны ажлуудаараа хэчнээн нийтлэл, бүтээл гаргасан бэ?
-Миний бичсэн бараг бүх ном Монголын тухай. Магадгүй 20 гаруй бүтээл бий. Бид маш сайн, чанартай судалгаа хийх хэрэгтэй. Үүний тулд их удна, их цаг зарцуулна.
–Таны судалгааны бүтээлүүдийг Оксфордын их сургуулийн антропологийн чиглэлээр сурч байгаа оюутнууд хэрэглэх үү?
-Тийм. Монгол хэлээр орчуулаад, Монгол судлаачид ч хэрэглэж болно.
–Монголын судлаачид хэр байна вэ?
-Монголын судлаачид маш сайн. Сайн судалгаа хийдэг. Англиар сайн ярьдаг. Энэ хуралд хамт сууж, хамтран ажиллана. Хамт ажиллахад сайн ойлголцог.
Монголын нийгмийн чөлөөт байдал нь их давуу тал болдог. Бид жинхэнэ судалгаа хийхэд нээлттэй нийгэм хамгийн чухал. Жишээлбэл, Хятадад судалгаа хийх маш хэцүү. Үргэлж цагдаа дагана. Үүнийг үзмээр байна гэхэд төвөгшөөнө. Узбекстан, Казакстан зэрэг улсууд ч маш хаалттай. Монголын нийгэм судалгаа маш сайн дэмждэг учраас Монголын судлаачид маш ухаантай санагддаг. Маш гоё чөлөөтэй, судалгааг маш сайн хийж чаддаг. Миний анзаарснаар, судалгааны арга барилаа олсон, чадвар суусан гэж харсан.
–Антропологи талаасаа хүн ам зүй хэрхэн өөрчлөгдөж байгаа юм шиг харагддаг вэ?
-Монгол их сонирхолтой. Улаанбаатар хот их том болж байна. Миний бодлоор, Улаанбаатар хоттой холбоотой нийгмийн олон өөрчлөлт байгаа байх. Тиймээс Монголын судлаачид эрүүл мэнд, иргэдийн амьжиргаа, баян ядуугийн ялгааны тухай гээд олон шинэ сэдвээр судалгаа хийх ёстой. Мэдээж хөдөөгийн ахуй, амьдралын талаар мартаж болохгүй.
–Та бүхний энэ төсөл хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Энэ төсөл маань 2025 оны хоёрдугаар сард дуусна.
-Ярилцсанд баярлалаа.
Бид ярилцлагыг 2023 оны гуравдугаар сарын 16-нд Оксфордын их сургууль дээр болсон “Цөлөрхөг бүс нутгийн чуулган” дээр хийв.