Энэ жил манай улсад зудын гамшиг нүүрлэж, олон мал үрэгдэж, малчид туйлдаж байгааг иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлсээр байна. Ингэхдээ малчдыг залхуу, хойрго, арчаагүй гэх мэтээр бичиж байгаа юм. Энэ талаар Оксфордын их сургуулийн багш Ариелл Эхарнтай иргэн Г.Мөнх-Эрдэнэ ярилцжээ. Уг ярилцлагад зуд нь байгалийн давагдашгүй хүчин зүйл учир малчдыг залхуу, хойрго гэж хэлэх нь маш буруу гэдгийг онцолжээ.
-Хотын зарим хүмүүс малчдыг "арчаагүй, залхуу, малын хашаа бэлдээч, хөдөлмөрлөөч, ажиллаач" гэх мэтээр олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илрэхийлсээр байна. Таны бодлоор малчид залхуу юу?
-Би үүнийг сонсоод их гайхсан. Энэ нь маш буруу. Малчид үргэлж хөдөлмөрлөдөг. Одоо тохиолдож байгаа гамшиг нь байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.
-АНУ-д ийм гамшиг болбол тэд нэгнийгээ "арчаагүй, хөдөлмөрлөөгүй, зүтгээч" гэж загнах уу?
-Хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл Америкт бараг дайн болно. Энэ нь гамшиг юм. Байгаль өөрчлөгдөж байгааг хүмүүс ойлгох хэрэгтэй. Байгалийн гамшгийг хүн хянаж чадахгүй. Магадгүй Америкт Монгол шиг нөхцөл байдал үүсвэл тэд юу ч хийж чадахгүй.
-Та Баянхонгор аймагт судалгаа хийж байсан. Тухайн үед малчид өвөлд хэрхэн бэлдэж байсан талаар хуваалцаач?
–Тэд найм, есөн сараас хойш тухайн жилийн урьдчилсан төлөвлөгөө гаргаж, өвөлжилтийн бэлтгэлээ хийж байсан. Сум, орон нутгийн захиргаа илүү нарийн төлөвлөгөө гаргаж бэлдэх хэрэгтэй боловч тэдэнд санхүү байхгүй учир сайн бэлдэж чаддаггүй. Багийн дарга нь ердөө бензиний гучин мянган төгрөгтэй л байдаг. Мэдээж малчид бүгдийг өөрсдөө хийж чадна. Гэвч энэхүү том гамшгийн үед тэд аргагүй байдалд ороод байна.
Оксфордын их сургуулийн газарзүйн тэнхимээс хийсэн судалгаагаар Монголын байгаль, цаг агаар, зуд тогтворгүй болж өөрчлөгдөж байна. Магадгүй 50 жилийн дараа илүү өөрчлөгдөж болзошгүй байна гэсэн үр дүн гарсан. Мөн зудыг зөвхөн байгалийн гамшиг биш эдийн засаг, улс төр, нийгэм гэх мэт олон зүйлстэй холбож үзэх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Гантулгын Мөнх-Эрдэнэ