Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн өсвөр насны охин нойрны эм ууж, амиа хорлох оролдлого хийсэн гэх мэдээлэл олон нийтийг эмзэглүүлж байна. бид асуудалтай холбогдуулан зарим тоон мэдээллийг үзэгч танд хүргэе.
БШУЯ-ны хамтарсан 2022 оны судалгаагаар сурагчдын 82 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэх дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртдөг байна.
Тэгвэл энэ асуудал өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй хийгээд, ирээдүйн амьдралд ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар бид сэтгэл зүйч Я.Батхүүгээс тодрууллаа.
Тэрээр, “Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхэд ирээдүйдээ итгэлгүй, амьдрах хүсэлгүй, сурах сонирхолгүй, аливааг гэгээлгээр харж чадахаа байдаг. Эдгээр хүүхдүүд сэтгэл санааны хүнд бэртэл авахаас гадна бие организмд нь өөрчлөлт орж, хүндээр өвчлөх, мэдрэлийн ядаргаанд орж, унаж татах шинж тэмдгүүд ч илэрч болно.
Монголд хийсэн судалгаагаар хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байдаг гэж гарсан. Үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад, 47 хувь нь сэтгэл гутралд орсон, 28 хувь нь амьдрах хүсэлгүй болсон байдаг. Үе тэнгийн дээрэлхэлтийг нийгмийн гаралтай гэж үздэг. Над дээр ирж байгаа хүүхдүүдийг харахаар нэгдүгээрт анги давхаргын ялгаа гарсан байгаа нь ажиглагдаж байна.
Эд хөрөнгө, эрх мэдэл, өмссөн зүүсэн хувцас, ахуйн орчин, сурч боловсорч байгаа орчин, сургууль соёлын ялгаа гэх мэт. Нөгөө хэсэг нь гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн траума авсан гэсэн үг. Тийм хүүхдүүд хүчирхийллээс, хүчирхийлэл үйлдэж байна. Энэ асуудлыг төр засгийн бодлогод оруулах ёстой. Дээр нь үе тэнгийн дээрэлхэлтийн талаар ойлголттой болох хэрэгтэй. Хоёрдугаарт хүүхдэд таниулах ажиллагаа явуулах нь оновчтой шийдэл. Энэ үйлдэл нь хүчирхийлэл мөн юм уу биш юм уу гэдгийг мэдүүлэх ажил гэсэн үг. Хүчирхийлүүлж байгаа хүүхэд үүнийг хэвийн зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүчирхийлж байгаа хүүхэд ч хортой зүйл хийж байгаагаа мэддэг байх нь тун чухал. Үүнийг эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид хийх нь зүй” гэв.