Дэлхий нийтэд найман хүн тутмын нэг нь хөхний хорт хавдраар өвчилдөг. Харин монгол 100 мянган эмэгтэйн 204 нь хөхний хорт хавдраар өвчилдөг гэсэн 2020 оны судалгаа байна. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл бид хөхний хорт хавдраар өвчилж, даван туулсан О.Хулантай ярилцлаа. Тэрээр хөхний хавдраар зөвхөн эмэгтэйчүүд өвчилдөггүйг онцолж, хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, санаа зовох шаардлагатай болсныг санууллаа.
Тэр ярихдаа, “Хорт хавдар тусаад л үхчихдэг гэсэн ойлголт олон нийтэд бий. Миний хувьд анх оношоо сонсоод мэдээж их хямарсан. Хавдар туссан хүмүүс хоёр лтөрөлд хуваагддаг юм шиг. Нэг хэсэг нь үхлийн ял сонсож байгаа мэт гутарна. Харин нөгөө хэсэг нь сэрэлт хийж, амьдралынхаа утга учрыг олоод явдаг. Аль нь болохоо хүн өөрөө л шийднэ. Би үхэх гэж байгаагаа мэдрээд байна гэдэг шиг, тийм зүйлийг мэдэрч байсан.
ӨВДСӨНӨӨС ХОЙШ НАДАД НЭГ ТИЙМ ҮХМЭЛ МЭДРЭМЖ Л ТӨРӨӨД БАЙСАН…
Өвдсөнөөс хойш надад нэг тийм үхмэл мэдрэмж төрөөд байсан. Тэр үед бясалгал сонирхсон юм. Энэрэхүйн бясалгал гэж гайхалтай зүйл бий. Энэ нь, хүн өөрийгөө л бодоод байх юм бол сэтгэл гутралд их өртдөг. Хэрвээ бусад хүнийг бодож эхлэх юм бол сэтгэл нь илүү уужуу болдог гэх дадлыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ зүйл маань ч их үр дүнгээ өгссөн гэж боддог.
Манай монголчууд өвдөж, зовсон хүнд их өрөвч, нинжин ханддаг шүү дээ. Өөрийгөө тухайн хүнээс дээр гэж мэдэрч өрөвдөх хандлага бас байдаг. Тэгэхээр өвчтэй хүн болгон өрөвдүүлэхийг хүсдэггүй л байхгүй юу. Хавдраар өвчилсөн хүнтэй зүгээр л хүн шиг харьц. Илүү санаа тавиад, биеийг нь асуучих. Тэгээд л боллоо. Чамд санаа тавьж байгаа шүү гэдгээ ойлгуулах л хангалттай юм шиг санагдсан.
ӨӨРИЙГӨӨ ГОЛЖ, ГУТРАХ ҮЕ БИЙ, ХАВДРЫН СЭТГЭЛ ЗҮЙН ЭМЧИЛГЭЭГ НУТАГШУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Одоо миний биеийн байдал сайн байгаа. Байн эмчилгээндээ явж, эмээ ууж, өдөр өдрөөр л сайжирч байгаа. Хөхөө авахуулах нь эмэгтэй хүний сэтгэл зүйд том нөлөө үзүүлж байгаа шүү дээ. Дотуур хувцас өмсөх, эсвэл бариун даашинз өмсөхөөр мэдэгдээд эхэлдэг. Өөрийгөө голох, гутрах үе ч бий. Хавдрын сэтгэл зүйг судалсан шинжлэх ухаан дэлхий дахинаа л залуу байгаа юм билээ. Үүнийг цаашид Монголд ч гэсэн нутагшуулах хэрэгтэй. Мөн миний яриаг уншиж байгаа бүх хүн эрт илрүүлэгт жил бүр хамрагдах хэрэгтэй шүү.
Хөхний хавдар гэдэг зүйл ганцхан эмэгтэй хүнд тохиолддоггүй. Эрэгтэй хүнд ч гэсэн тохиолддог. Хөх нь ургаж эхэлсэн 12 настнаас, 80 настай эмээ хүртэл өртөж болно. Манайхан дунд их өрөөсгөл ойлголт бий. Талх идсээр байгаад хөхний хавдартай болдог гэдэг ч юм уу. Эсвэл даруулга зүүсээр байгаад хөхний хавдартай болчихдог юм шиг. Энэ нь нэг хүчин зүйл болохоос биш. Гол хүчин зүйл биш. Тиймээс та бүхэн өөртөө санаа зовоорой. Хөхөндөө бас санаа зовоорой” гэсэн юм.