Өсвөр насны охид нэгнээ зодож, хүчирхийлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тус хэргийн талаар зарим иргэд “Энэ үйлдэлд эцэг эхчүүд буруутай. Өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналт байхгүй учир ийм хэргүүд гарсаар байна. Нөгөө талаас зөвхөн охид давуу эрхтэй, охидод гар хүрч болохгүй, охид хүчтэй гэх хандлага сөргөөр нөлөөлж байна” гэж олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсээр байна.
Хэргийн хохирогч А охиноос Зөв.мн сайт хэргийн талаар тодруулжээ.
Хохирогч “Миний бичлэгийг хүмүүс үзээд, намайг хохирогч гэдэг талаас харж байгаа учраас сэтгэлийн дэм болж байна. Өмнө нь намайг зодсон охин хуурамч хаягаараа пост оруулж байхад хүмүүс “Зодуулж байхдаа таарсан охин” гэх мэтээр харааж, зүхдэг байсан.
Энэ хэрэг хоёрдугаар сарын 7-ны өдөр Х гэх охины гэрт болсон. Намайг зодож байгаад, хутга барьж дайрсан. Намайг зодож байхад эмээ нь хажууд байсан. 3-4 удаа гарч ирээд “Цагдаа дуудлаа” гэж хэлээд, өрөөндөө орсон. Тэгэхэд Х охин “Наа чинь дүлий, энэ эмгэн үхээсэй. Би орж аргалъя” гэж байсан. Тухайн үед эмээгээ зодсон гэсэн. Би чих рүүгээ цохиулсан байсан учраас сайн мэдэхгүй байна.
Би цохиулсан өдрийнхөө маргааш аавтайгаа цагдаагийн газар очиж, өргөдөл гаргасан. Араас залгана гэсэн болов ч холбогдоогүй.
Би энэ хэргийн дараа амиа хорлоё гэж бодоод, нойрны эм ууж үзсэн. Тухайн үед хэдэн цаг унтаад боссон. Энэ буруу зүйл юм байна гэдгийг ойлгосон” гэжээ.
Мөн энэ хэргийн талаар Зариг.мн сайт охидын сурдаг 78 дугаар сургуулийн нийгмийн ажилтнаас тодруулжээ.
Нийгмийн ажилтан “Хэрэг зодсон гэх Х охины гэрт болсон. Охиныг зодож байхад Х охины эмээ болон манай сургуулийн зургаан хүүхэд хажууд нь байсан гэдгийн хүүхдүүд хэлсэн. Тус хэрэг сургуулиас гадуур буюу чөлөөт цагаар болсон. Хариуцлагыг эцэг хүлээх үүрэгтэй” гэсэн байна.
Хүчирхийлэл үйлдэх үед таслан зогсоох боломжтой насанд хүрэгчид буюу Х охины ээж, эмээ байсан гэдгийг хохирогч охин хэлсэн. Мөн хэргийн дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргахад шуурхай арга хэмжээ аваагүй байж нийгмийн сүлжээнд бичлэг нийтэлж, олон нийтийн анхаарал татсаны дараа шалгаж эхэлсэнд олон нийт дургүйцэж байгаагаа илэрхийлсээр байна.
Тус хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдэллийн төвөөс “Баянгол дүүргийн 10 дугаар хороо … хотхонд нэр бүхий хүүхдүүд хувийн таарамжгүй харилцааны улмаас нэгнийгээ зодсон гэх асуудлыг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна” гэж мэдээлсэн.
Мөн эцэг эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг, бусдын эрх чөлөөнд халдах нь Эрүү, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг болохыг тайлбарлан өгч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалжээ.